Ц.ОРХОН: “МИАТ”-ийг хувьчлах тухай 2012 он хүртэл ярихгүй | News.MN

Ц.ОРХОН: “МИАТ”-ийг хувьчлах тухай 2012 он хүртэл ярихгүй

Хуучирсан мэдээ: 2010.07.05-нд нийтлэгдсэн

Ц.ОРХОН: “МИАТ”-ийг хувьчлах тухай 2012 он хүртэл ярихгүй

Ц.ОРХОН: “МИАТ”-ийг хувьчлах тухай 2012 он хүртэл ярихгүй
“МИАТ” ХК-ийн шинэ удирдлагууд өнгөрсөн хугацаанд болон цаашид юу хийхээр төлөвлөж буйгаа өнгөрсөн баасан гарагт сэтгүүлчдэд дуулгав. Энэ үеэр “МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Орхоноос дараах  асуултад хариулт авлаа.

-Таныг энэ ажлыг хүлээн авснаас хойш нэг сарын хугацаа өнгөрчээ. Санаанд нийцэхгүй, өөрчилмөөр асуудлууд байна уу?

-Мэдээж манай компани олон улсын нислэг хийж  буй учраас олон улсын шаардлагын дагуу тогтмол нислэг үйлдэж байгаа. Гэсэн ч цаашид хийх ёстой ажил маш их байна. Түүний дотор хамгийн нэгдүгээрт хийх ёстой зүйл нь бизнесийн хязгаарлагдмал байдлыг өөрчлөх. Өнөөдөр Монгол Улс хоёр сая гаруй хүн амтай. Эдийн засгийн өсөлт хөгжилт нь тийм ч сайн биш. Тэр утгаараа бизнесийн үйл ажиллагаа хязгаарлагдмал гэж хэлж болно. “МИАТ” компанийн үйл ажиллагаа зуны саруудад л идэвхтэй байдаг. Бусад үед бараг хоёр дахин багасдаг гэж хэлж болно. Энэ нь эргээд агаарын хөлгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд сөрөг нөлөөтэй байна. Манай компани Монголоос үл хамаарах гурав дахь зах зээлд үйл ажиллагаагаа өргөжүүлэх хэрэгтэй хэмээн үзэж байгаа.

-Танай компанийн нисгэгч хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь илэрсэн. Одоо дахин ийм асуудал үүсгэхгүйн тулд шалгалт хийв үү?

-Манай компанид энэ тал дээр нислэгийн стандарт, аюулгүй ажиллагаа, аудитын хэлтсүүд анхаарлаа хандуулан ажиллаж байна. Зөрчил гаргасан хүнийг ажлаас нь чөлөөлсөн. Одоогийн байдлаар манайд шинээр ажиллаж буй шинэ залуу нисгэгчдэд тавих шаардлагыг өндөржүүлэх, туршлагатай нисгэгчийг дагуулж нисгэх, түүний дараа хоёрдугаар нисгэгчээр нисгэнэ.

-Танай цахим хаяг дээр менежментийн шинэчлэл хийж буй талаар бичсэн байсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Засгийн газар дээр “МИАТ” ХК-д гадаадын менежментийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж ярьж байгаа. Иймд энэ чиглэлээр олон улсад нээлттэй тендер зарлаж, гадаадын менежментийн багийг оруулж ирэх чиглэлээр яриа хэлэлцээр хийж байгаа. Гэхдээ бид гадаадын менежментийн багт хүлээлгэж өгнө гээд идэвхгүй ажиллахыг хүсэхгүй. Хэрвээ тийм баг ирлээ гэж бодоход иртэл нь аль болохоор эрчимтэй ажиллаж, бүх зүйлийг сайжруулахыг хичээх болно. Бодлогын хэлтэс гараад энэ тал дээр  ажиллаж байна.

-“МИАТ” ХК-ийн шинэ захирлаар мөн л Хөвсгөлийн хүн сонгогдсон нь олон нийтэд хардлагыг төрүүлж байгаа байх?

-Би өөрөө Хөвсгөлд сургууль төгссөн нь үнэн. Миний удирдлагад Хөвсгөлд сургууль төгссөн хүмүүс ажилладаг. Сарын өмнө албан тушаалаа өгсөн дарга маань ч манай нутгийнх. Үүнийг би Хөвсгөлийнх биш гэж нуух нь утгагүй. Р.Бат-Эрдэнэ намайг уламжилж, томилуулсан гэсэн ойлголт байхгүй.

-“МИАТ” ХК-ийг хувьчлах асуудал юу болж байгаа бол?

-Хувьчлалын асуудал бол миний мэдэх хэрэг биш. Юутай ч ойрын хэдэн жилдээ буюу 2012 он хүртэл энэ асуудал яригдахгүй. Засгийн газраас ийм шийдвэр гаргасан.

Т.Урангэрэл. Улс төрийн тойм

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж