Сангарагчаа дарга чагнах төхөөрөмжөөр дотоод хяналтаа тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2010.07.05-нд нийтлэгдсэн

Сангарагчаа дарга чагнах төхөөрөмжөөр дотоод хяналтаа тогтоожээ

Сангарагчаа дарга чагнах төхөөрөмжөөр дотоод хяналтаа тогтоожээ
Авлигатай тэмцэх газрыг тойроод бусад
хууль сахиулах байгууллагынхан ёстой л муур хулганы үлгэрээр тоглож
байна. АТГ-ын дарга Ч.Сангарагчаа “Намайг хууль зөрчөөгүй байхад
Д.Дорлигжав, Б.Галдаа нар ажил хийлгэхгүй байцаагаад байна” гэж
сэтгүүлчдэд гомдоллосон. Дараа нь Улсын ерөнхий прокурорынхон
Ч.Сангарагчаагийн хууль бус үйлдлүүдийн талаар хэвлэлийн бага хурал
хийлгэж, олон нийтэд зарласан билээ. Ч.Сангарагчаа ч, Б.Галдаа ч
хуулийн байгууллагад насаараа   ажилласан хашир хуульчид. Мөрдөн
байцаалтын үед хэргийн талаар мэдээлэхгүй байх үүргийг хэн хэн нь мэдэх
байлтай. Гэтэл бие биеэсээ өрсөлдөн булхайгаа дэлгэцгээж байгаа нь
хуулийн байгууллагынхны талцал, улстөржилтийг харуулж байгаа.

Улс төрийн шалтгаантай энэ тэмцэлд хамгийн сүүлд Тагнуулын ерөнхий
газар татагдан орлоо. Энэ нь АТГ-ынхан нэгийгээ чагнаж, тагнасантай
холбоотой. Сонирхолтой нь Тагнуулын ерөнхий газар ажлын өрөөнөөс чагнах
төхөөрөмж олдсонд биш, түүнийг илрүүлсэнд анхаарлаа хандуулах юм. Өрөө
нь сэжигтэй байгааг мэдсэн Мөрдөн шалгах хэлтсийн дарга С.Амарбат болон
Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батсайхан нар Улсын
ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд ханджээ. Үүнийх нь
дагуу 10 гаруй байцаагч өрөөг нь нэгжиж, чангах төхөөрөмж олсон аж.
Гэтэл тэдгээр албан тушаалтанг төрийн тусгай хамгаалалттай байранд
хууль зөрчиж нэгжлэг хийсэн гэж Тагнуулын ерөнхий газраас буруутгажээ.
Гэхдээ АТГ-ын удирдлагуудаас Тагнуулын ерөнхий газарт гомдол гаргасны
дагуу Тагнуулын ерөнхий газар ийм шийдэлд хүрсэн байдаг. Тагнуулын
ерөнхий газрын дарга Р.Болд Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавт Төрийн
тусгай хамгаалалтын бүсэд нэвтэрч байцаан шийтгэх ажиллагаа явуулах,
мөрдөн байцаагчдыг нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авч болзошгүйг
анхааруулжээ. Өөрөөр хэлбэл, Тагнуулынхны олох ёстой чагнах
төхөөрөмжийг УЕП-ын дэргэдэх мөрдөн байцаах албаны  мөрдөн байцаагчид
илрүүлсэн нь хууль бус гэж үзэв.
АТГ-аас олдсон чагнах төхөөрөмжийн тухайд хэн нь хэрхэн хууль зөрчсөн
талаар холбогдох байгууллагууд нь шалгаж байгаа. Төрийн тусгай
хамгаалалтын тухай хуульд хэрхэн дурьдсаныг уншигчдад сануулъя.Төрийн
тусгай хамгаалалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлд төрийн тусгай
хамгаалалтын газрын, эрх үүргийг заажээ. Тухайлбал, 11.2.8-д “Төрийн
тусгай хамгаалалтад байгаа барилга, тээврийн хэрэгсэл, бусад зүйл,
тэдгээрийн орчинд холбогдох байгууллагуудтай хамтран инженер-техникийн
үзлэг, шалгалт хийж, аюулгүй байдлаа хангуулах үүрэгтэй” гэж заажээ.
Хуульд зааснаар тусгай хамгаалалттай газраас чагнах төхөөрөмж илрүүлэх
нь АТГ-ын болоод хууль сахиулагч байгууллагын үүрэг аж. Харин хууль
сахиулагчид тусгай хамгаалалттай газраас чагнах төхөөрөмж олох нь хууль
бус тухай заалт дээрх хуульд огт алга.
Албан хаагчийнхаа өрөөнд чагнах төхөөрөмж тавьсныг Ч.Сангарагчаа дарга
дотоод хяналт гэж тайлбарласан талаар эх сурвалж хэлсэн. Дотоод
хяналтыг далд аргаар явуулах шалтгаан нь  Мөрдөн шалгах хэлтсийн дарга
С.Амарбатын хувийн таван байртай холбоотой аж. АТГ-ын дотоод
хяналтынхан С.Амарбатыг таван байртайг тогтоожээ. Үүнийг нь
Ч.Сангарагчаа  авлигатай холбоотой байж магадгүй гэж сэжиглэсэн аж.
Улмаар хэлтсийнхээ дарга нарын өрөөнд чагнах төхөөрөмж суурилуулж,
авлига авдаг эсэхийг нь хянасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн бололтой.
Харин чагнах төхөөрөмж суурилуулах гэж байгаагаа Улсын ерөнхий
прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд мэдүүлээгүй байдаг. Иймээс
Ч.Санрагчаагийн хувьд төсөв хэтрүүлснээс гадна ажилтнаа зөвшөөрөлгүй
тагнасан гэх үндэслэлээр шалгуулж байгаа аж. Харин Ч.Санрагчаа болоод
дэд даргынх нь эрхийг түдгэлзүүлэх асуудлыг өнөөдрөөс Хууль зүйн
байнгын хороодын түвшинд хэлэлцэж эхэлнэ.
Авлигын гэх таван байрных нь талаар С.Амарбатаас тодруулах гэсэн боловч ямар нэг тайлбар өгсөнгүй.

Б.Цэцэгдэлгэр. Улс төрийн тойм сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж