Ялагдашгүй Надаль “Уимбльдон”-д түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.07.05-нд нийтлэгдсэн

Ялагдашгүй Надаль “Уимбльдон”-д түрүүлэв

Дэлхийн номер нэг теннисчин, Испанийн Рафаэль Надаль Британийн нээлттэй тэмцээний финалд Чехийн Томаш Бердыкийг 6-3; 7-6; 6-4 харьцаатай дараалан гурван сетэд буулган авснаар “Уимбльдон”-ы аваргын цомыг хоёр дахиа хүртэж, дэлхийн номер нэг гэх статусаа бататгалаа.
Тэрбээр ийнхүү “Их дуулга”-ын найм дахь цомоо хүртэж байгаа юм. Надаль өмнө нь 2008 онд Лондонгийн төв коурт дээр ялалт байгуулж, “Уимбльдон”-ы аваргын цом өргөсөн боловч өнгөрсөн жил гэмтлийн улмаас аваргаа хамгаалахаар оролцож чадаагүй билээ.
Харин өдгөө формдоо орсон Надаль тавдугаар сард болсон Францын нээлттэй тэмцээнд түрүүлж, дараа нь дахин “Их дуулга”-ын цувралд аваргалж байгаа нь энэ юм.
Хоёр цаг гаруй үргэлжилсэн тоглолтын дараа Надаль “Энэ цомыг дахин гартаа атгах завшаан тохиосон нь үнэхээр гайхалтай” гэжээ. Харин түүний өрсөлдөгч Бердык “Надаль сайн байлаа. Тэр үнэхээр хүчтэй тоглогч юм. Бидний гол ялгаа гэвэл түүнд боломж олдоход тэр хэзээ ч боломжийг алддаггүй” гэсэн байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж