Нарны энергийн төсөл хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.07.05-нд нийтлэгдсэн

Нарны энергийн төсөл хэрэгжүүлнэ

АНУ-ын нарны эрчим хүчний салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэхийн тулд бараг 2 тэрбум ам.долларын зээлийн баталгаа олгоно гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдлээ. Зээлийн баталгаа авах компаниудын нэг “Abengoa Solar” компани дэлхийн хамгийн том нарны эрчим хүчний үйлдвэрийг Аризона мужид барихаар төлөвлөж байна. Нарны эрчим хүчний төслүүд бараг 5,000 ажлын байр шинээр бий болгох болно гэж Обама Ерөнхийлөгч ярьсан байна. Аризонад барих эрчим хүчний үйлдвэр 70,000 өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах бөгөөд нүүрс хүчлийн хийн ялгаралтыг багасахад сайнаар нөлөөлөх болно.

Төслүүдийн санхүүжилтийг Засгийн газар хямралын үед эдийн засгийг эрчимжүүлэхэд зориулсан сангаас гаргах юм байна. Фениксын ойролцоо байдаг “Gila Bend” дэхь “Solana” төсөл 1,900 акр газрыг хамрах бөгөөд нарны эрчим хүчийг дулаан болгож хадгалдаг параболик технологи ашиглах бөгөөд 280 MW эрчим хүч үйлдвэрлэх чадалтай гэнэ. Тус компанийн вэбсайтанд танилцуулснаар эрчим хүчний үйлдвэрийг барих үед 1,500 орчим ажлын байр гарах ба дараа нь тогтвортой ажиллуулахад 100 орчим ажлын байр шаардлагатай гэнэ.

Зээлийн баталгаа авах хоёр дахь компани нь “Abound Solar Manufacturing” компани бөгөөд маш нарийхан, хамгийн сүүлийн үеийн нарны плёнк үйлдвэрлэх бөгөөд ийм плёнкийг арилжаанд гаргаж байгаа анхны компани болох болно. Түүнчлэн нарны эрчим хүчний үйлдвэрүүдийг Колорадо, Индиана мужуудад барих ба барих үед 2,000 орчим, дараа нь 1,500 орчим байнгын ажлын байр бий болгох болно гэж “Associated Press” агентлаг мэдээлж байна.

Ерөнхийлөгч Обама сонгуульд өрсөлдөж байх үедээ байгальд ээлтэй ногоон технологийг дэмжиж, ажлын байр бий болгох болно гэж амалж байсан юм. “Ирээдүйн технологи, аж үйлдвэрийн салбарыг энд, Америкт үндэслүүлэхийн тулд бид зоригтой, дайчин байх болно” гэж Ерөнхийлөгч Обама ярьсан байна. АНУ-ын дахин сэргээгдэх эрчим хүчний салбарт Хятадын эрдэмтэд, аж үйлдвэрийн салбарын зүгээс хүчтэй өрсөлдөөн нүүрлээд байгаа юм.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж