Дунга ажлаасаа халагдлаа

Хуучирсан мэдээ: 2010.07.05-нд нийтлэгдсэн

Дунга ажлаасаа халагдлаа

Дунга ажлаасаа халагдлаа
Дэлхийн таван удаагийн аварга Бразилийн шигшээ дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд Голландын шигшээ багт ялагдаж, нутаг буцсанаар тааруухан амжилт гаргасан тус багийн ахлах дасгалжуулагч Дунга ажлаасаа халагджээ. Өнгөрөгч баасан гаригт болсон тоглолтод бразилчууд эхний хагаст тоглолтыг тэргүүлсэн боловч хоёрдугаар хагаст хоёр гоол хаалгандаа алдсанаар 2:1 харьцаатай ялагдсан билээ.
Бразилийн хөлбөмбөгийн холбооны албан ёсны вэбсайтад мэдээлэхдээ “Дунгагийн ажлын цикль 2006 онд эхэлсэн. Харин өдгөө бразилчууд Өмнөд Африкт болж буй дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хасагдсанаар дуусгавар болж байна” гэжээ. Түүнчлэн “Бразилийн хөлбөмбөгийн холбооноос шигшээ багийн техникийн зөвлөлийг татан буулгаж байгаагаа мэдэгдэж байна. Шинэ бүрэлдэхүүнийг долдугаар сарын сүүлээр зарлах болно” гэжээ.
Өдгөө 46 настай Дунга 1994 онд Бразилийн шигшээ “Алтан дагина” хүртэхэд багаа ахлан тоглож байсан бөгөөд 2006 онд шигшээ багийнхаа дасгалжуулагчаар сонгогдож, удаахь жил нь Америкийн цомын тэмцээнд аваргалсан юм. Түүнчлэн бразилчууд дэлхийн аваргын сонгон шалгаруулалтад Өмнөд Америкийн хэсгийг манлайлсан боловч довтолгоогоороо алдартай Бразилийн шигшээ баг энэ тал дээр асуудалтай байна хэмээн Дунга багагүй шүүмжлэлд өртөж байлаа.
Дараагийн буюу 2014 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг нутагтаа зохион байгуулах бразилчуудын хувьд нутгийнхаа дэвжээнд зургаа дахь цомоо өргөх хүсэл зорилго дүүрэн бий. Харин өдгөө Дунгагийн халамж залгааг хэн авах вэ гэдэг гол асуудал болоод байна. Тус улсын сонин хэвлэлээр мэдээлж буйгаар бол Луиз Фелипе Сколари тэр эрхэм нь мөн гэнэ.
Сколари 2002 онд Бразилийн шигшээг дэлхийн цомд хөтөлсөн боловч Английн Премьер лигт хүч сорьж, төдийлөн амжилт гаргаж чадалгүй ажлаасаа чөлөөлөгдсөн билээ. Тэрбээр өдгөө Бразилийн “Палмейрас” клубыг дасгалжуулж байгаа юм.
Бразилийн шигшээ баг дэлхийн аваргаас хасагдаж, нутагтаа ирэх үеэр сая сая хөгжөөн дэмжигчид нь тэднийг тун тааламжгүй, дайсагнасан байдалтай хүлээн авсан бөгөөд ялангуяа Голландтай хийсэн тоглолтод авто гоол оруулж, удалгүй талбайгаас хөөгдсөн Фелипе Мело бараг л үндэсний дайсан болон хувирчээ.
С.ЦЭЛМЭГ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж