Баярлалаа, сонгодог урлагийн өргөө минь

Хуучирсан мэдээ: 2010.07.05-нд нийтлэгдсэн

Баярлалаа, сонгодог урлагийн өргөө минь

Баярлалаа, сонгодог урлагийн өргөө минь
Театр энэ улирлын сүүлчийн дууриа тоглолоо. Аугаа Ж.Вердийн “Трубадур” дуурь-жинхэнэ СОНГОДОГ сонголт байв.

Дэлхийн хамгийн шилдэг дөрвөн дуучны хийх ёстой “ажил” гэгддэг, бүх теноруудын мөрөөдөл болсон энэхүү дуурийг тавина гэдэг нэр төрийн хэрэг. Угаас Ж.Вердийн дуурийг тоглоно гэдэг нь л бүхэлдээ нэр төр гэгддэг билээ. Алдар хүндтэй дуучид Ж.Вердийн дуурийн гол дүрүүдэд тоглож байж л чансаагаа харуулдаг гэлцдэг. Учир нь Ж.Верди ихэнх гол дүрээ хоолойны маш өргөн цар хүрээтэй, бүрэн дүүрэн өсч хөгжсөн, “том” хоолойтнуудад зориулж бичжээ. Тийм ч учраас Италийн нэрт тенор Энрико Карузо “Дэлхийн хамгийн шилдэг дөрвөн дуучин л Трубадур дуурьт тоглож чадна” гэж хэлсэн удаатай. Үнэхээр ч “Трубадур” дуурийн өөр хоорондоо эн тэнцэхүйц хүчирхэг дөрвөн гол дүрийг хамгийн чадалтай дуучид л амилуулдаг гэдэг.

Ж.Верди “Трубадур” дууриа /Il Trovatore/ 1852 онд бичсэн байна. Ер нь 1851-1853 оны хооронд Ж.Вердигийн оргил үе байжээ. Тэрбээр энэ гурван жилийн хугацаанд л дэлхийн сонгодог урлагт гурван их дуурь “бэлэглэсэн” байдаг. 1851 онд “Риголетто”, 1852 онд “Трубадур”, 1853 онд “Ла Травиата”. Ж.Верди “Трубадур” дууриа Испанийн зохиолч Antonio Garcia-гийн “El Trovador” гэх эмгэнэлт зохиолоос сэдэвлэн зохиосон аж. Salvatore Cammarano либреттог нь бичжээ. Хамгийн гайхамшигтай нь, Ж.Верди дуурийн урлагийн мөнхийн шүтээн болсон энэхүү суут бүтээлийг 1852 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 29-ний хооронд ердөө 30 хүрэхгүй хоногийн дотор бичиж дуусгасан байдаг. Төсөөлөхөд ч бэрх гайхмаар богино хугацаа.

Хөгжим судлаач, сонирхогчид Италийн хоёр суут хөгжмийн зохиолч Ж.Верди, Ж.Пуччини нарын бүтээлийг харьцуулах нь их байдаг. Дуурийн ихэнх дуучдын хувьд Ж.Вердийн дуурьт дуулахад бэлэн биш байдаг бол Пуччинийн дууриудыг Вердигийнхтэй харьцуулахад харьцангуй амар хялбар гэдэг. Пуччинийн “Тоска”, “Эрвээхэй хатагтай” дууриуд тус, тус гурван гол дүртэй. Харин Вердийн “Айда”, “Трубадур” тус, тус дөрвөн гол дүртэй. Дүрүүд нь бүгд өөр хоорондоо эн зэрэгцэхүйц хүчирхэг. “Трубадур”-ын Леонора авхай, гүнтэн ди Луна, трубадур Манрико нартай харьцуулбал “Тоска” болон “Эрвээхэй хатагтай”-н Скарпиа, Шарплессын дүрд илүү олон дуучид тоглож чадна гэх нь ч бий.

Дэлхий дээр бүх теноруудын дуулахыг мөрөөддөг дөрөв, таван дуурь байдаг. Тэдний нэгт нь “Трубадур” дуурь яах аргагүй орно. Уг дуурийн гол дүр болох трубадур Манрикогийн дүр тенор хоолойтноос дээд С өнгийг шаарддагаараа маш алдартай. Манрикогийн дүрийг Италийн нэрт тенор Энрико Карузо хамгийн гайхалтай амьдруулж, С өнгийг гаргаж чадсан гэгддэг билээ.

Тенор болгоны хоолой онцлогтой учраас хүндрэл нь өөр, өөр хэсгүүдэд байдаг гэдэг. Ихэнх тенорууд “Il Trovatore” дуурийн ‘Ah! si, ben mio’ ариг их хүнд гэдэг байна. Энэхүү арин нь дуулалтын хувьд маш хүндээс гадна сэтгэл зүйн хувьд ч бас үүнийг дуулсныхаа араас шууд залгуулаад ‘Di quella pira’ ариг дуулна гэсэн айдсыг дагуулж байдаг гэнэ. ‘Di quella pira’ ари нь тенор хоолойтноос хамгийн дээд өнгө С ноот шаарддаг байна. Ж.Верди өөрөө энэхүү өндөр С ноотыг хөгжмийн зохиолдоо бичээгүй байсан ч 1853 онд Флоренцад болсон тоглолт дээр нэрт тенор Carlo Baucardй ‘Di quella pira’-д өндөр С ноотыг нэмжээ. Ингээд өнгөрсөн зуунд Италийн тенор Карузо энэхүү өндөр С ноотыг дуулж, илүү түгээмэл болгосноос хойш одоо бүх тенорууд ‘Di quella pira’ ариг тэр жишгээр дуулдаг болсон байна.

Нэгдүгээр үзэгдлийн Леонорагийн “Tacea la notte placida”, хоёрдугаар үзэгдлийн “La Zingarella” буюу илүү түгээмлээр “Anvil” хоор, түүний араас залгуулаад “Stride la vampa”, гуравдугаар үзэгдэл дээрх Леонора, Манрико нарын хайрын дуэт ‘Ah! sм, ben mio coll’, Манрикогийн алдарт ‘Di quella pira’, дөрөвдүгээр үзэгдлийн Леонорагийн ‘D’amor sull’ ali rosee’, ‘Miserere’, Манрико, түүний эх Азучена нарын дуэт болох ‘Ai nostri monti’ аринууд энэ дуурийн хамгийн онцгойд тооцогддог.

Дуурийн үйл явдал 15 дугаар зуунд Испанид өрнөнө. Иргэний дайн, гүн нууц, хайр сэтгэл, үзэн ядалт, өшөө хорсол бүхэн энэ дуурьт багтжээ. Манрико, гүнтэн ди Луна хоёр ах дүү хэдий ч үүнийгээ мэддэггүй. Тэднийг нялх балчирт нь бие, биеэс нь салгасан байлаа. Тэд Леонора гэх нэгэн эмэгтэйд зэрэг сэтгэл алдарч, эх орон, хайр дурлалынхаа төлөө эцсээ хүртэл тэмцдэг. Хөгшин цыган эмэгтэй Азучена хоёр хүүгийн аавд эхийгээ хөнөөлгөсөн өшөөг авахаар бяцхан хүү Манриког багад нь хулгайлж, өөрөө өсгөж хүмүүжүүлдэг. Тэгээд эцэст нь ахынх нь гараар Манриког хөнөөлгөж өшөө хорслоо авна. Цаазаар авах тушаал өгсний дараа цыган эмгэн “Энэ чиний дүү шүү дээ” гэж ди Лунад хэлнэ. Даанч бүх зүйл хожимдсон байлаа. Сэтгэлт бүсгүй Леонора нь ч хор уун амиа хорлодог. Энэхүү эмгэнэлт дуурийн дөрвөн гол дүр болох гүнтэн Ди Лунад СТА Ц.Баттөр, Леонора авхайд МУГЖ Б.Цэцгээ, Манрикод Ч.Түмэндэмбэрэл, Азученад МУАЖ А.Долгор нар тоглосон юм.

Шидэт дохиураараа суут хөгжмийг бидэн рүү нисгэдэг эрхэмсэг удирдаач нартаа, яруу хоолойтнууддаа, оркестртоо, тайзны арын албаныхандаа баярлалаа.
Бас дахин баярлалаа, сонгодог урлагийн улаан байшин минь. Амралтын өдөр бүрт сонгодог таашаалыг мэдрүүлдэг дэлхийд ч ховорхон үйл ажиллагаатай ийм сайхан театр “биднийх” гэдэгт бахархаж байдаг шүү.

…Гунигтай байна. Ирэх бямба гаригт театрт очихгүй гэхээс.

Ж.НАНДИА
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж