Тавантолгойн төслийг шуурхайлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.07.05-нд нийтлэгдсэн

Тавантолгойн төслийг шуурхайлж эхэллээ

Тавантолгойн төслийг  шуурхайлж эхэллээ
Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг хурдасгах томоохон төсөлд тооцогдож байгаа Тавантолгойн ордын ашиглалтын асуудал өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ дахь намын бүлэг болон парламентаас дэмжлэг аван хаврын чуулган өндөрлөхөөс урьтаж, батлагдах нь тодорхой болов.

Хэдийгээр эл асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлэг Эдийн засгийн байнгын хорооноос завсар­лага авсан ч тэр даруй бүл­гийн ээлжит бус хуралдаанаа зар­лаж, нэгдсэн ойлголцолд хүрэн шийд­вэрээ гаргасан юм. Ингэснээр гацаанд ороод байсан Эдийн засгийн байнгын хороо 17.00 цагийн орчимд хуралдаж, УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн санал дүгнэлтийг авч хэлэлцэн олонхийн саналаар дэмжиж асуудлаа чуулганы нэгдсэн хуралдаанд оруулсан юм.

УИХ-ААС БАЙГУУЛАГДСАН АЖЛЫН ХЭСГИЙН САНАЛ ДҮГНЭЛТЭД

1.Ордын нүүрсний нөөц, уул геологийн нөхцөлийг харгалзан Тавантолгойн ордод төрийн өмчит компани ашиглалтын үйл ажиллагаа явуулах, холбогдох хууль тогтоомжийн дагуу “Эрдэнэс-Тавантолгой” төрийн өмчит охин компани байгуулж, ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуваахгүйгээр шилжүүлэх, түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах, оператор компаниар олборлолтын үйл ажиллагааг тодорхой хугацаанд гүйцэтгүүлэхийг Засгийн газарт даалгах

2.Тавантолгойн төрийн өмчит компанийн хувьцааны 10 хувийг эхний ээлжинд Монгол Улсын нийт иргэдэд адил тэгш хэмжээгээр үнэ төлбөргүй шилжүүлэх

3. Хувьцааны 10 хувийг 2010 оны зургадугаар сарын 31-ний өдрөөс өмнө улсын бүртгэлд бүртгэгдсэн үйл ажиллагаа явуулж байгаа татвар төлсөн үндэсний аж ахуйн нэгжид нэрлэсэн үнээр адил тэнцүү хувь хэмжээгээр арилжаалах

4.Хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр худалдаж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг босгох

5.”Эрдэнэс МГЛ” төрийн өмчит компанийг Хүний хөгжил сангийн тухай хуульд нийцүүлэн Монгол Улсын нийт иргэдийн дундын өмч болгон өөрчлөх асуудлыг судалж, дүнг Засгийн газарт танилцуулах хэмээн заажээ.

Энэхүү санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир танилцуулснаар Тавантолгойн төс­лийн анхны хэлэлцүүлэг эхэлж, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг асуултын салхийг хагалсан юм. Тэрбээр “УИХ –аар 2007 онд стратегийн ач холбогдол бүхий 15 ордын жагсаалтыг баталсан. Оюутолгой ордоос бусдыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийсэн байдаг.  Хэрвээ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийсэн орд дээр аж ахуйн нэгж ашиглалтын үйл ажиллагаа явуулах бол Засгийн газар төрийн эзэмшлийн хувь хэмжээг хөрөнгө оруулагч талтай тохиролцон, оруулж ирнэ. Тэгтэл Тавантолгойн орд дээр одоо хэд хэдэн аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Тасдаж авч үлдсэн энэ хэсгийн харилцааг УИХ-ын тогтоолын төсөлд тусгаж өгөх ёстой байсан юм биш үү. Эдийн засгийн байнгын хороон дээр асуудлыг ярьсан уу” гэв.

Байнгын хорооны дарга Ц.Баярсайхан “Комиссын шийдвэрээр Тавантолгойн 51 хувийг төрийн өмчид авч үлдэн  49 хувийг  цэнхэр тасал­бараар зарсан байдаг. Улмаар 1990 оны сүүлчээр олон нийтийн өмчид 51 хувийг нь шилжүүлсэн  юм билээ. Үүний дараа хөрөнгө оруулагч тал тус ордыг “Энержи ресурс”-д өгсөн, Ашигт малтмалын тухай хуулийн дагуу тус компани 1997 онд энэхүү ордын 96 орчим хувийг төрийн мэдэлд буцааж өгсөн. Тодорхой ажлууд хийсэн байсан учраас төр нөхөн төлбөр болгож, үлдсэн эзэмшлийн талбайг тус компанид үлдээсэн. Одоо ордын 96 хувийг “Эрдэнэс МГЛ” компани эзэмшиж байгаа. Ингэхийг УИХ тухайн үед зөвшөөрч баталсан. “Дайцэку” компанийн хувьд мэдээлэл алга. Өөр лицензит талбай байхгүй” гэлээ.

Мөн “Эрдэнэс МГЛ” төрийн өмчит компанийн захирлын мэдээл­лээр бол Тавантолгойн ордод оросууд хайгуул хийж байсан аж. Ингэхдээ “Эрдэнэс МГЛ” компанийн эзэмшиж буй Цанхийн хэсэгт нэг тэрбум 32 сая тонн коксжих нүүрс, 1.3 тэрбум тонн эрчим хүчний нүүрсний нөөц бий гэж тооцжээ. Гэхдээ нөөцийг нэлээн багаар тогтоосон байх магадлал өндөр гэв. Харин Засгийн газрын боловсруулсан төсөлд дурдсанаар Тавантолгой ордыг 6.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй, үүний 30 хувь нь дэлхийн зах зээл дээр хамгийн эрэлттэй, өндөр үнэ хүрэх магадлалтай коксжих нүүрс хэмээн томъёолоод байгаа билээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Х.Наранхүү хувьцааны асуудлыг хөндсөн юм. Хэдийгээр энэ том ордын хувьцааны 10 хувийг Монголынхоо нийт ард түмэнд эзэмшүүлэн, тараана гэж байгаа нь өнөөдөр сайхан сонсогдох ч компани нь дампуурчихвал яах вэ. Хувьцаа гэдэг бол хүнээс мөнгө аваад эргүүлж төлнө гэсэн үг. Гадаадын хөрөнгө оруулалтыг хойш тавьсан нь төсөл хэрэгжихэд бэрхшээлтэй тулгарах юм биш үү. Хувьцааны 30 хувийг гадаадын компанид зарна гэж байна, гэтэл монголчуудын байгуул­сан компанид гадаадынхан хөрөнгө оруулаад амжилттай ажил­лаж байгаа туршлага байна уу. Хамтарсан үйлдвэрүүд ажиллаж бай­гаа туршлага бол бий. “Эрдэнэт” үйлдвэр, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгээр жишээ авч болно. Ер нь тэгээд дэлхийд байхгүй шахам том ордыг монголчууд өөрсдөө янзлаад, гадаадынхан олборлоод, боловсруулсан бүтээгдэхүүнийг нь дэлхий дахин дугаарлаад авна гэдэг миний хувьд төсөөлөгдөхгүй байна, маш эрсдэлтэй. Сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандаад байгаа юм биш биз” гэх нэхэл хатуутай асуулт тавив. Үүнд байнгын хорооны дарга “Байнгын хорооноос оруулж ирсэн тогтоолын төсөлд “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компани байгуулах гол зарчим тавьж өгсөн, хоёрдугаарт, үүнийхээ 50 хүртэлх хувийг үндэсний аж ахуйн нэгжүүддээ эзэмшүүлэх гэсэн зарчмыг хийж өгч байгаа. Засгийн газар энэхүү компанийг байгуулахдаа компанийн дүрэм журам, үнэ төлбөргүй хувьцаа эзэмшсэн хүмүүс, нэрлэсэн үнийн хувьцаа эзэмшигчид, гадаадаас хувьцаа авдаг бол энэ харилцааг зохицуулсан чиглэлээр одоогийн мөрдөж байгаа компанийн хуульд нийцүүлээд олон зүйлийг шийдэх ёстой болно. Үнэгүй хувьцаа авчихаад дараа нь компани татан буугдахад хариуцлага хүлээхгүй гэдэг юм байж болохгүй, хууль тогтоомжид нийцүүлэх ёстой. Гишүүний хэлсэн болгомжлолыг хуваалцаж байна” гэсэн юм.

Ажлын хэсгийн ахлагчийн нэмэлт хариултаар бол 50 хүртэлх хувийг төр эзэмшиж, үлдсэнийг нь аж ахуйн нэгж, ард иргэд, үлдсэн 30 хүртэлх хувь дээр хөрөнгө босгох тухай ярьж байгаа ажээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ дахь МАХН-ын бүлгийн зарим гишүүд горимын санал гаргаж, Ерөнхий сайдын байр суурийг сонсох ёстой хэмээн үзсэн юм. Энэ дагуу Ерөнхий сайд хуралдаанд оролцов. Мөн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Улсын баяр, цагаан сар, шинэ жилээр далимдуулж, Монголын пар­ламент улсын эрх ашигтай хол­богдох амин чухал асуудлыг цаг хугацаанд хавчигдан хэргээр баталдаг. Оюутолгойн хөрөнгө оруу­лалтын гэрээг өнгөрсөн жил яаж баталлаа. Тавантолгойн төслийг одоо Оюутолгойн араас оруулж болохгүй, наадмын дараа парламентаар нухац­тай авч хэлэлцэн, батлах ёстой” хэмээ­лээ. Түүний дээрх тайлбарыг УИХ-ын дарга эсэргүүцэж, УИХ-ын нэр хүндийг унагаж, нийгэмд буруу ойлголт төрүүллээ” хэмээн зэмлэв.

Харин УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Засгийн газраас УИХ-д оруулж ирсэн Тавантолгойн төсөл үндсээрээ өөрчлөгдөж, утга учиргүй болж хувирлаа.    “Эрдэнэс МГЛ” төрийн өмчит компанийг Хүний хөгжил сангийн тухай хуульд нийцүүлэн Монгол Улсын нийт иргэдийн дундын өмч болгон өөрчлөхийг ажлын хэсгээс Засгийн газарт үүрэг болгох юм байна,  юу гэсэн үг вэ.  Хар ухаанаар тайлбарлах гээд оролдъё. Монгол Улсын нийт иргэдийн дундын өмч бол Сүхбаатарын талбай мөн биз. Энэ талбай дээр хэн дуртай нь очиж, жагсаал цуглаан зохион байгуулж, эсэргүүцлээ илэрхийлдэг. Тийм байтал “Эрдэнэс МГЛ”-ийг үүнтэй нэг адил болгох хэрэг үү, ийм нэр томъёотой компани ертөнцөд байхгүй гэв. Байнгын хорооны дарга  харин энэхүү нэр томъёог өөрчлөн найруулна гэдгийг онцолсон юм.

Хэдийгээр Тавантолгой төсөлтэй холбогдуулж, УИХ дахь МАХН-ын бүлгийн гишүүд илүүтэй эсэргүүцлээ илэрхийлж, ажлын хэсгийн гаргасан санал дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэдгээ мэдэгдсэн ч Ерөнхий сайд С.Батболд төслийг яаралтай УИХ-аар баталж өгөхийг хүссэний дагуу нийт гишүүдийн 90 гаруй хувийн саналаар төслийг дэмжин, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Харин энэхүү тогтоолын төсөлтэй хамт өргөн баригдсан Ашигт малтмалын тухай хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хорооны хуралд оролцсон гишүүд төсөл санаачлагчдад буцаах санал гаргасныг чуулганы хуралдаанаар мөн дэмжиж төрхөмд нь буцаав.

Энэ долоо хоногт УИХ-ын хаврын чуулган завсарлана. Тодруулж хэлбэл, энэ сарын 9-нд парламентыг завсарлуулахаар төлөвлөж байгаа бөгөөд түүнээс урьтаж, Тавантолгой төслийг батлах нь тодорхой болов.

Г.Дарь

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж