Сурын харвааны УАШТ өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2010.07.04-нд нийтлэгдсэн

Сурын харвааны УАШТ өндөрлөлөө

Багануур дүүрэг байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд тус дүүргийн Засаг даргын тамгын газар ивээн тэтгэж, үндэсний сурын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 1-3-нд зохион байгууллаа. Өсвөр үеийнхний болон насанд хүрэгчдийн үндэсний сурын улсын аварга шалгаруулах цуваа харваанд Хөвсгөл, Баян-Өлгий, Завхан, Булган, Өвөрхангай, Төв, Дархан-Уул, Орхон, Дорнод, Хэнтий, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Говь-Алтай, Баянхонгор, Ховд зэрэг 20-иод аймаг,”Алдар”, “Хүч” спорт хороо, Багануур, Баянгол, Хан-Уул,Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдээс цэц мэргэнээрээ шалгарсан өсвөр насны 72, насанд хүрэгчдийн 210 харваачид оролцож, цэц булаалдан өрсөлдсөн юм.

12-14  насны эрэгтэйчүүдийн ангилалд Б.Батням /Дорноговь/ түрүүлж, О.Сүхболд /Өмнөговь/,Г.Содбилэг /Багануур/, М.Сосорбарам /Булган/, Т.Даваацэрэн/Төв/ нар удаалсан бол эмэгтэйчүүдийн ангилалд  Д.Сосорбарам /Өмнөговь/ манлайлж, Н.Учрал /Төв/, Э.Оюунбаяр /Хэнтий /, Б.Отгонжаргал /Төв/, Б.Номин-Эрдэнэ /Булган/ нар удаах байруудад шалгарсан байна.

Харин 15-17 насны эрэгтэйчүүдийн ангилалд О.Төмөрхуяг /Төв/ тэргүүлэн, Д.Мөнхтөр/Булган/, Б.Адъяасүрэн /Орхон/, Ж.Содномпил /Багануур/, Б.Энхболд /Говь-Алтай/ нар удаалж, эмэгтэйчүүдийн төрөлд Б.Баярчимэг/Багануур/ тэргүүлж, Б.Чанцал /Төв/, Б.Сүрэнжаргал /Өмнөговь/, Т.Мөнхшүр /Өмнөговь/, Т.Энхтамир /Төв/ нар удааь байрыг эзлэв. Дашрамд сонирхуулахад өсвөр насны харвааг “Абсолют Майнинг” ХХК ивээн тэтгэжээ.

Насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн хана харвааны төрөлд ахмад харваач, Монгол Улсын мэргэн, Спортын мастер Д.Цэцэг түрүүлж /Алдар спорт хороо/, залуу харваач Б.Болормаа /Дорнод “Адуун чулуун” ХК/ , М.Мөнх-Амгалан /Орхон “Хангарьд”/, Монгол Улсын мэргэн, спортын мастер Г.Батзаяа /Баянгол дүүрэг “Геотранс”/, спортын мастер Ц.Туваанжав /Баянзүрх дүүрэг “Бурхан Халдун”/ нар удаалсан байна. Харин хасаа харвааны төрөлд Монгол Улсын мэргэн, спортын мастер Б.Бутваан, Г.Батзаяа, спортын мастер П.Хаданчулуун /Орхон “Хангарьд”/, Монгол Улсын мэргэн, спортын мастер Д.Эрдэнэтуяа /Хан-Уул “Петровис”/, залуу харваач М.Гандаваа /Дорнод “Адуун чулуун” ХК/ нар шалгарчээ.  Эмэгтэйчүүдийн харвааны нийлбэр дүнгээр өнгөрсөн жилийн улсын баяр наадмын харваанд түрүүлж Монгол Улсын мэргэн цол хүртсэн, Монгол Улсын Манлай уяач С.Гинагийн охин Г.Батзаяа 40 сумнаас 32 онож, 2010 оны үндэсний сурын аварга харваачаар тодорлоо. Удаах байранд спортын мастер С.Отгончимэг /Өмнөговь “Таван толгой транст” ХК/, спортын мастер З.Энхтуяа /Орхон Хангарьд/, залуу харваач Б.Болормаа /Дорнод “Адуун чулуун” ХК/, спортын мастер П.Хаданчулуун /Орхон “Хангарьд”/нар шалгаран медаль, мөнгөн шагналын эзэд болов.

Насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн хана харвааны төрөлд спортын мастер Б.Ёндон /Орхон Хангарьд/ түрүүлж, Монгол Улсын мэргэн, спортын мастер Ш.Гансүх /Хөвсгөл/, спортын мастер П.Баттүшиг /Багануур/, спортын дэд мастер Х.Бямбажав /Баянгол Геотранс/, залуу  харваач Г.Батсайхан /Булган/ удаалав. Хасаа харваанд спортын мастер Д.Мөнхгэрэл манлайлж /Алдар/, спортын дэд мастер Н.Өлзийбилэг/Багануур/, спортын мастер Б.Ёндон /Орхон Хангарьд/, МУ-ын хошой мэргэн, спортын мастер Ц.Баасанхүү /Баянгол Гоетранс/, Монгол Улсын мэргэн, спортын мастер Ш.Гансүх /Хөвсгөл/ нар удаалан алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

Харин багийн дүнгээр эхний таван байранд “Хангарьд”, “Гоетранс”, “Уурхайчин”, “Алдар”, “Петровис” шалгарчээ. Халуун нар хурцаар төөнөж, үе үехэн салхи сэвэлзэх гурван өдрийн харваанд  залуу харваачид өнгөтэй, одтой өрсөлдсөн нь Монголын үндэсний сурвын харваанд шинэ үе хүч түрэн орж ирж байгаагийн илрэл боллоо гэж ахмадууд ярьж байсан юм.

Энэ удаагийн тэмцээний бас нэг өвөрмөц онцлог нь насанд хүрэгчдийн харвааны 30 медалийн төлөө давхардсан тоогоор эрэгтэй 13, эмэгтэй 11 удаа товх харваж өрсөлдсөн юм. Мөн 2003 онд Багануур дүүрэгт болсон УАШТ-ний үеэр Мухардааны удмын харваач Г.Амарсайхан хоёрдугаар байранд шалгарч, хоёр мөнгөн медаль хүртэн, спортын мастерийн болзол хангаж байсан бол энэ удаа Мухардааны удмын харваач Н.Өлзийбилэг энэ амжилтыг давтан хоёр мөнгөн медалийн эзэн болж, спортын мастер цол хүртэв. Түүнчлэн Булган аймгийн Бүрэгхангай сумын харваачид аймгаа төлөөлөн оролцож, өсвөр наснаас гурав, насанд хүрэгчдээс нэг медаль хүртсэн нь олон харваачдын хүндэтгэл талархал хүлээлээ.

А.Тэлмэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж