Бафетт 1.93 тэрбум ам.доллар хандивлалаа

Хуучирсан мэдээ: 2010.07.04-нд нийтлэгдсэн

Бафетт 1.93 тэрбум ам.доллар хандивлалаа

АНУ-ын тэрбумтан, хөрөнгө оруулагч Уоррен Баффетт “Microsoft” компанийг үндэслэгч Билл Гейтс болон түүний эхнэр Мелинда нарын байгуулсан буяны үйл ажиллагаа эрхэлдэг санд 1.6 тэрбум ам.доллар хандивласан байна. Баффетт нийтдээ 1.93 тэрбум ам.долларыг таван санд хандивласан байна. Хандивласан мөнгөний үлдсэнийг тэрээр өөрийн өмнөх эхнэр Сюзан болон гурван хүүхдийнхээ нэр дээр байгуулсан санд хандивласан байна. Тэрбумтан Баффетт хөрөнгө оруулалтын “Berkshire Hathaway” санг эзэмшдэг бөгөөд өөрийнхөө нийт хөрөнгөний 99 хувийг бусдад хандивлах болно гэж 2006 онд ярьж байсан юм.

“Berkshire Hathaway” сангийн бизнесийн ажил амжилттай байгаа тул энэ жил өнгөрсөн жил 1.5 тэрбум ам.доллар бусдад хандивлаж байснаасаа илүү их мөнгө хандивын үйлсэд зарцуулсан байна. Ноён Баффетт Гейтсийн сангийн удирдагч нарын нэг бөгөөд тус сан улаан бурхан өвчний эсрэг тэмцэх, бичил санхүүжилт, их сургуулийн тэтгэлгийн хөтөлбөрүүд зэрэг үйл ажиллагаа явуулдаг юм. Гейтсийн санд 830 хүн ажилладаг бөгөөд өнгөрсөн жил 3 тэрбум ам.доллар зарцуулсан байна. “Susan Thompson Buffett Foundation” сан Америкийн коллежийн оюутнуудад сургалтын тэтгэлэг өгдөг. Ноён Баффетт “Berkshire Hathaway”-ын хувьцааны 23.3 хувь буюу 43.9 тэрбум ам.долларын хувьцаа эзэмшдэг гэж АНУ-ын Хувьцаа хөрөнгө оруулалтын комисс баасан гаригт мэдээлсэн.
2006 онд ноён Баффетт АНУ-ын түүхэнд хамгийн том хандив хийсэн бөгөөд тэрээр 37 тэрбум ам.долларыг Гейтсийн санд хандивласан. Өнгөрсөн зургадугаар сард тэрээр Гейтстэй хамтран АНУ-ын тэрбумтнуудыг өөрсдийн хөрөнгөний ядаж хагасыг хандивын үйлсэд зориулахыг уриалсан. Хандив өгсөн ч гэсэн ноён Баффетт, Гейтс нар дэлхийн хоёр, гуравдахь баян хүн гэж тооцогдож байгаа бөгөөд тэдний урд Мексикийн тэрбумтан Карлос Слим орж байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж