Хуучирсан мэдээ: 2010.07.04-нд нийтлэгдсэн

Онцлох ярилцлага
2010 оны зургадугаар сарын 29-ний өдөр news.mn-д гарсан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн ярилцлагыг хүргэж байна.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр долдугаар сарын 1-ний асуудлаар Хүний эрхийн дэд хорооноос гаргасан дүгнэлтийг авч хэлэлцэх байсан ч хойшлуулсан юм. Иймд бид Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Тэмүүжингээс зарим зүйлийг тодрууллаа.-Долдугаар сарын 1-ний үйл явдалтай холбогдуулж  танай хороо жилийн хугацаанд ажиллаж, эцэст нь дүгнэлтээ гаргасан. Гэвч дүгнэлтийг харьяалах байнгын хороо авч хэлэлцсэнгүй. Шалтгаан нь юу байв аа? 

-Бидний хувьд долдугаар сарын 1-ний үйл явдал шиг эмх замбараагүй байдал дахин үүсвэл хууль,  шүүхийн байгууллагууд хүний эрх зөрчихгүйгээр асуудлаа яаж шийддэг байх вэ гэдэг талаас зөвлөмжүүдийг гаргасан.  Дүгнэлт бол ойлгомжтой байсан. Тэр нь цагдаагийн байгууллага өөртөө байгаа хууль эрх зүйн хүрээнд тэрхүү үйл явдлыг өөрийн хүчээр тараасан юм байна.  Харин галт зэвсэг хэрэглэсэн асуудал хууль зөрчсөн байх магадлалтай. Энэ асуудлыг  байнгын хороогоор хэлэлцэх байсан ч авч үзсэнгүй, дүгнэлт ч гаргасангүй. Учир нь асуудлыг шүүхийн байгууллагаар эцэслэн шийдээгүй, мэдээлэл бидэнд бүрэн гүйцэд тоймлоогүй байна. Галт зэвсэг хэрэглэсэнтэй холбоотой маш олон баримт ажлын хэсэгт ирсэн. Тухайлбал, тэр үед  тараагдсан байлдааны сум, цагдаагийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн тэмдэглэл зэрэг ноцтой баримтууд олон бий. Тэр асуудлыг бид ярилцаж, шийдээгүй учраас хойш нь тавилаа. Цагдаагийн байгууллага өөрийн хяналтад орж ирээд баривчилж саатуулсан иргэдээ зодсон, хэрэг бүртгэл,  мөрдөн байцаалтын шатанд эрүүдэн шүүсэн, шүүх хуулийн байгууллагууд нэг талыг барьж дан яллах тал руу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчиж шйидвэрлэсэн гэсэн хүний эрхийн зөрчлүүд бас байсан. Эдгээр зөрчлүүд гараад байгаа шалтгаан нь юу байна гэдгийг тоймлоод 7-8 зүйлийг авч үзээд зөвлөмж гаргасан.  Ядаж л цагдаагийн байгууллага нэг удирдлага дотор хэв журам сахиулах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах чиг үүрэг нь байгаа учир дотроо байгаа зүйлээ нуугаад байна. Тийм учраас бүтцийн том өөрчлөлт хийх ёстой юм байна.  Эрх зүйн орчноо сайжруулах ёстой юм байна. Галт зэвсэг хэрэглэсний дараа болон хэрэглэх нөхцөл байдлыг тодруулсан журмуудыг хууль болгож үйлчлүүлэх ёстой юм байна. Тэгэхгүй бол Прокурор юмуу Цагдаагийн газрын даргын шийдвэрээр байгаад байхаар энэ нь өөрөө дараа нь хариуцлага тооцож боломжгүй байдал руу оруулж байна гэх мэт олон зүйлээр зөвлөмжийг өргөн хэмжээнд гаргасан. Шүүхэд гэхэд шүүхийн шинэчлэлийн алхмуудыг  эрчимжүүлэх ёстой юм байна гэж… Үндсэндээ Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгч, цагдаагийн байгууллага гэсэн дөрвөн чиглэлээр зөвлөмж гаргасан.

-Тухайлбал, Ерөнхийлөгч яах ёстой гэж?

-Жишээ нь Ерөнхийлөгч  шүүгч нарын томилгоог хийхдээ хуульчдаас шүүгчдийг сонгон шалгаруулах журмандаа хэн олон жил ажилласан гэхээсээ илүү хүний эрхийн чиглэлээр хэн илүү ажиллаж байна гэдгийг шалгуур болгох ёстой гэсэн зөвлөмж гарсан.

Харин Цагдаагийн байгууллагад цагдаагийн бие бүрэлдэхүүнүүд хүний эрхийн хандлагатай арга барилуудыг бэхжүүлж, сургалтыг сайжруулах, олон  нийтийн болон  иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарсан үйл ажиллагаануудаа хэвшүүлэх зэрэг.

Хамгийн гол нь Засгийн газар руу зөвлөмж хүргүүлж байгаа. Хууль зүй дотоод хэрийн яам өөрөө бодлогын яам учраас Засгийн газарт хууль зүйн бодлогоо тодорхой болго.  Одоо бол Цагдаагийн хууль гэхээр цагдаагийн байгууллага барьж ирэх биш,  цагдааг ямар болгох гэж байгаагаа Хууль зүйн яамны өөрийнх нь бодлого тодорхой болж гарч ир гэдэг ийм, ийм бодлогыг шийд гэж  барьж орж ирдэг байхаар Засгийн газар руу 17-18 зөвлөмж очиж байгаа.

-Эдгээр зөвлөмж болоод дүгнэлтийг ирэх долоо хоногоос УИХ-руу шилжүүлэх үү, үгүй юу?

-Хэлж мэдэхгүй байна. Прокурорын байгууллага дээр нэмэлт шалгалт явж байгаа гэсэн. Прокурорынхон хариу өгөх байх. Гэхдээ УИХ дээр дүгнэлтийг авч хэлэлцэхгүй, прокурорыг дуудаж авчрахгүй гэсэн байр суурь гарч,  маргаад байсан. Зөвлөмжид дурдсан нэг зүйл бол хамгийн гол нь Хүний эрхийн дэд хороог яаж чадавхижуулах, УИХ-ын хяналтын чиг үүрэг дотор яаж мөрдөн шалгах эрх мэдлийг бий болгох вэ гэдэг асуудал хөндөгддөг.  Тэгэхгүй бол прокурорыг хүчээр дуудаж авчирч чадахгүй УИХ байна гэдэг бол үнэхээр сул дорой байгаагийн шинж. Ардчилал хөгжсөн оронд парламентдаа дуудагдана. Ирээгүй бол хариуцлага хүлээдэг, худал мэдүүлбэл Эрүүгийн хариуцлагад татагддаг. Манайд болохоор дуудаж байхад “Би очихгүй” гээд сууж байдаг. Прокурор битгий хэл татварын байцаагч ч ирэхгүй байна шүү дээ. Зүгээр дуудагдаж ирээд ямар хариуцлага тооцох вэ гэдгийг авч үзэх гэхээр эрх зүйн орчин байхгүй байна.  Тиймээс парламент хяналтаа сайжруулахын тулд эрх мэдэл дээрээ энэ чиглэлийн эрх хэмжээгээ нэмэгдүүлэх тодорхой болгох шаардлага  байгаа.

-Та дээр бидэнд долдугаар сарын 1-ний үйл явдалтай холбоотой олон ноцтой баримт бий гэсэн. Тэр баримт прокурорт байдаг уу?

-Цагдаагийн тэмдэглэл дотор байгаа тодорхой мэдүүлэг Прокурор дээр байгаа. Харин Прокурор тухайн үед улс төрийн захиа даалгавартай байсан уу яасан тэр мэдүүлэгт ач холбогдол өгөхгүй өөр бусдад ач холбогдол өгч байгаад хуулийн цоорхой гаргаад л  явуулчихаж байна.  Би хувьдаа энэ асуудалтай холбоотойгоор яривал зөндөө л юм хэлнэ. С.Баттулга гэдэг Сонгуулийн ерөнхий хорооны дарга байсан хүний хууль бус шийдвэр, буруутай үйл ажиллагаанаас болж би долоон сар тангаргаа өргөж чадахгүй парламентын гадна зогсож л байсан. Энэ мэтээр хуулийн өмнө хариуцлага хүлээх ёстой хүн нь  ажлаа хийж чадахгүй байснаас ийм том алдаанууд гарсан. Хариуцлага тооцоод, тооцох ч гэж дээ өөрөө “би гаръя” гээд нөгөөдүүл нь гаргахгүй гэж байгаад ёсоор болгосон. Тэр үед нь би хэлж байсан. Ийм хүн дахиад томилгоо аваад, тэр дундаа хууль сахиулдаг байгууллагын чиглэл рүү очиж болохгүй л гэсэн. Тэгтэл  нөхөр одоо “Эрдэнэт” үйлдвэрийн боловсон хүчин хийгээд, өмнөх ажлаасаа ч илүү орлоготой ажил хийж байна.

-Хүний эрхийн үндэсний комиссынхон долдугаар сарын 1-ний хэрэгтэй холбоотойгоор хүний эрхийн зөрчил гараагүй гэж хэлсэн. Харин танайхаас гаргасан дүгнэлтүүд эсрэгээрээ. Сонсгол дээр бас танайхаас гаргасан дүгнэлтийн эсрэг зүйл яригдаж байсан. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Хүний эрхийн үндэсний комиссын дарга Б.Солонго гэдэг нөхөр телевизээр долдугаар сарын 1-нд хүний эрхийн зөрчил гараагүй гээд хэлчихсэн. Гэтэл шүүх дээр иргэд “Миний эрх зөрчигдсөн” гэхэд “Та нар юу яриад байгаа юм. Цаана чинь Хүний эрхийн комиссын дарга хүний эрх зөрчигдөөгүй гээд хэлчихсэн. Та нарт хүний эрхийн  тухай ярих эрх байхгүй” ухааны юм ярьж байгаа. Дээр сонсгол дээр Б.Солонго өөрөө ирээд, манай байгууллага олонхоороо шийдвэр гаргадаг. Гурван хүнтэй байгууллага.  Хоёр  нь зөрчил гарсан гээд байхад би үүнтэй санал нийлэхгүй байна гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр хүний эрхийн ямар ч мэдрэмжгүй, тэр байгууллагын дарга нь хүний эрхийн тухай ойлголтгүй, хүний эрхийн талаар ажиллаж байсан туршлага байхгүй, зүгээр л нэг сайдын туслах байсан нөхөр. Хууль зүйн сайд, тэр чиглэлийн хүмүүсээс үүрэг даалгавар аваад сууж байдаг. Ц.Мөнх-Оргил гишүүн “Хүний эрхийн комисс ийм дүгнэлт гаргасны төлөө би уучлалт гуйж байна” гээд сууж байгаа юм. Гэтэл дараа нь олон улсын байгууллагын үйл ажиллагаагаар хүний эрхийн зөрчил байсан байна гээд гарчихсан.  Тэгэхээр ийм дарга байж болохгүй. Тэгсэн Б.Солонгын албан тушаалын хугацаа хоёр сард дуусчихаад байхад “Би даргаараа баймаар байна”  гэж хөөцөлдөөд “Одоо чамайг даргаар тавихгүй” гэхээр “Тэгвэл би гишүүнээ больё гээд байдаг.  Дарга л байвал ажиллана, дарга биш бол ажиллахгүй гээд байгаа ийм увайгүй хүмүүсийг төрд ажиллуулж болохгүй. Тийм учраас Б.Солонго гэдэг хүнийг өөрийн хүсэлтээр ажлаас халагдаж байгаа гэхээсээ ийм ажилд тэнцэхгүй гэж гаргамаар байна. Уг нь өргөдлөө өгсөн гэсэн. Хариуцлага тооцож ажлаас гаргаад дахиад ийм чиглэлийн томилгоонд орохгүй байх ёстой. Улстөрчдийн нэг увайгүй зан байгаа шүү дээ. Аягүй бол дахиад нөгөөдөх нь хүний эрхийн эрхэмлэдэг улс оронд Элчин сайд болоод явчих вий дээ.

Г.Дарь

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж