Хуучирсан мэдээ: 2010.07.03-нд нийтлэгдсэн

Долдугаар сарын 3

Долдугаар сарын 3-ны баяр

Белорусийн тусгаар тогтнолын баяр

Зөвлөлтийн Холбооны улс Белорусь Тусгаар тогтнолын тунхаглалаа 1990 оны долдугаар сарын 27-нд гаргасан ба Тусгаар тогтнолын баяраа эхлээд тэр өдөр тоэмдэглэдэг байжээ. 1996 онд явуулсан бүх нийтийн санал асуулгаар 1944 оны долдугаар сарын 3-нд Минск хотыг фашистын цэргээс чөлөөлсөн өдрөөр уг баярыг хийж байхаар болжээ.

Олон улсын хоршоологчдын өдөр

Уг өдрийг долдугаар сарын эхний хагас сайн өдөр тэмдэглэдэг.  НҮБ-ын Ерөнхий ассамблей 1992 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн 47/90 тоот тогтоолоор анх 1995 оны эхний хагас сайн өдөр Олон улсын хоршоологчдын өдрийг  (International Day of Cooperatives) жил бүр тэмдэглэж байхаар болсон байна.
Дэлхийн 100 орны хоршоолын 760 сая хүнийг эгнээндээ нэгтгэсэн Олон улсын хоршоологчдын эвсэл 1995 онд 100 жилийнхээ ойг тэмдэглэсэн билээ.

Үйл явдал

1608 ОН: Өнөөгөөс 402 жилийн өмнө Самюэль де Шамплен Квебек цайз хотыг үндэслэжээ. Канадын нутагт анхлан хөл тавьсан хүн нь Жак Картье байсан бөгөөд тэрээр 1534 оны зургадуугаар сарын 24-нд Гаспегийн хойгт бууж уг газар нутгийг Францын хааны эзэмшил гэж зарласан юм. Картье өөрийн хоёр ба гуравдугаар аялалаараа Хувилгаан Лаврентия голоор дээш өгсөн Гурон ба Ирокезийн нутаг хүртэл явж тэр хавийг бас л Францын мэдлийнх гэж зарлажээ.
Үүнээс хорь гаруй жил өнгөрсөний дараа Францын жуулчлагч Самуэль де Шамплен (1570–1635) Хувилгаан Лаврентийн эрэгт Квебек гэсэн цайз хотын үндсийг тавьсан ба тэр нь нутгийн индианчуудын хэлээр Нарийний хөндий гэсэн үг аж. Суурины хүн ам нь эхлээд 28 хүн байсан ба суурин удалгүй үслэг эдлэлээр баяжин тошм цэцэглэж байгаа боомт хот болсон байна. Өдгөө Квебек нь франц хэлтнүүдийн мужийн нийслэл юм.

 1700 ОН:  I Петр хааны  1695-1696 онуудын Азовын аян дайны үр дүн болсон Константинополийн энхийн гэрээ байгуулагджээ. Бүтэн хагас зууны турш Орос, Турк хоёр гайгүй харьцаатай байлаа. 1696 онд 23 настай хааны толгойлсон Оросын арми Дон мөрний цутгалан дахь Туркийн Азов цайзыг эзлэн авсан нь Воронежын хөлөг онгоцны үйлдвэрт Оросын флотыг босгох боломжийг өгснөөс гадна Туркийн боомтыг оросууд хүчирхэг цайз болгосон байв. Оросын флотыг Хар далайд гаргах Петрын эрмэлзэлийг дэмжих хамсаатанууд олдоогүй учир тэрээр Константинополийн гэрээгээ байгуулаад Балтийн тэнгист нөлөөгөө тэлэхэд хамаг анхаарлаа хандуулсан байна.

1885 ОН: Карл Бенц 125 жилийн өмнө өөрийн анхны автомашины туршилтыг хийжээ. Тэрээр анхны автомашинаа 1885 онд бүтээсэн байна. ТОэр нь хоёр суудалтай гурван дугуйтай машин байв. Ганц цилиндртэй дөрвөн актовын бензинэн хөдөлгүүрийн тэр машиндаа тавьсан байжээ.
Машин нь цагт 16 км-ын хурдтай байсан нь тухайн үедээ том амжилт байв. Карл Бенц өөрийн анхны машины хувиа 1906 онд Мюнхены музейд бэлэглэсэн байна. 1936 онд автомашиныхаа 50 жилийн ойгоор түүнийг гурван хувийг бүтээн Вена хотын Техникийн музей, Дрездены тээврийн хэрэгслийн музей болон Штутгардын «Mercedes-Benz» музейд тавьсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж