
-Манай Дорнод чинь хязгаар нутаг биш юм шүү дээ. Хойгуураа Оростой хиллэдэг зүүнээрээ Хятадтай хиллэдэг болохоор ч тэр үү хөгжил дэвшил гэж мундаг. Бас тэгээд Орос цэргийн анги их. Хүүхдүүд хар багаасаа орос хэлтэй болж өснө. Ном сурах бичиг гэж мундахгүй. Ер нь бол хотоос нэг их дутаад байхгүй шүү. Зарим талаараа илүү ч байсан байх гэж Б.Цэцэгмаа нутгаараа сайрхаад авна лээ. Нутгаа ярихаар нүд нь сэргээд цаанаа л нэг гал хийморь асаад ирнэ. Б.Цэцэгмаа хүүхэд нас маань дэндүү аз жаргалтай өссөн гэж билээ.
Ижий аавыгаа бурхан гэж бишрэн хүндлэх. Ижий аав нь ч охиноо ёстой нөгөө П.Бадарч найрагчийн уулга алдсанчлан “Алаг бөмбөл эрдэнэ зүүдлүүлж ирсэн үр минь” гэж дээдэлнэ. Хүүхэд насандаа хоёр буурлынхаа чихнээс хонх уясангүй. Харин ч урлаг соёл, хичээл номоороо хэнийг ч урдаа гишгүүлдэггүй “таван онцын” эзэн байж үеийнхнийгээ манлайлж явжээ. Сургуулийн хүндэт самбар дээр байна зураг нь залаастай, өвлийн өвгөний бэлгийг бол жил өнжөөлгүй авчихна. Тэглээ гээд хамраа сөхөхгүй. Язгуурын удам, эцэг эхийн хүмүүжил хүн шиг хүн болгож. Цэцэгмаагийн аав Д.Батжаргал зураг хөдөлмөрийн багш байлаа. Өвөө нь Доржханд гээд Хөлөн Буйр сумын анхны захирал удмаараа одоогоор бол элит хүрээнийхэн байж. Чойбалсан даяар андахгүй ийм л сайхан айлын охин.
Соц нийгмийн үед “таван онцын” эзэн, арваа алтан медальтай төгссөн хүүхэд гэдэг бол чухам л эрээд олдохгүй эрдэнэ, сураад олдохгүй сувд байж. Хүсч мөрөөдсөн эмчийн мэргэжлээр суралцах алс хэтийн аян зам аяндаа шуудрав. 1986 оны намар Б.Цэцэгмаа АУДС-д суралцахаар улсынхаа нийслэлд ирлээ. Бөөн хүсэл мөрөөдөл, бөөн итгэл найдвар. Сонгосон мэргэжил нь эрүүл ахуйч их эмч. Харамсалтай нь түүнд мэргэжлээрээ ажиллах боломж олдсонгүй. Нуруу нугасны хүнд өвчин туслаа. Хэлж ирдэггүй хийсч ирдэг өвчин гэгч юутай гаслантай. Төрөлхийн гүжирмэг аливааг даван туулж байж санаа нь амардаг Б.Цэцэгмаа бууж өгөхийг хүссэнгүй. Тэргэнцэр дээр суухгүй л юмсан гэж хэрэндээ чармайсан. Тэр он жилүүдэд хэр баргийн хүнээс гарахааргүй сэтгэлийн тэнхээг шавхав. Даанч эвлэж болдоггүй заяа юм байж.
Давахгүй даваа гэж байдаггүй хойно эвлэхээс яах билээ. Амьдрал хатуудаа хатуу гэхдээ хүний зориг тэвчээр гэдэг түүнээс илүүг нугалдаг болохоор тэр хүнд он жилүүдийг тэсч гарлаа. Амьдралын итгэл найдвар нугарсан цаг үе ч түүнд байсан, амьдралаас сайхныг харж, боломжийг нь гарц болгох ч ухаан түүнд байсан. Тиймдээ ч өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй гэгдэж байгаа ч эрүүл саруул хүн шиг сайн сайхан явж чадаж байна.
Түүнтэй удаан ярилцаж суухад нэг ч удаа хар бараан зүйл сонссонгүй. Дотроосоо хүн гэрэлтдэг юм аа гэж нэгэнтээ О.Дашбалбар багш маань хэлж билээ. Тийм л зүйл анзаарагдаад ойрд ийм сайхан хүмүүстэй учирсангүй гэж бодогдсоноо уншигч танаас нуух юун.
Өөрөө сэтгэл санаагаар унавал миний ижил бусад маань яах билээ гэсэн хатуу бодол түүнийг тэргэнцэртэй ч гэсэн тэргэнцэргүй юм шиг, хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн эрүүл саруул хүн шиг ажиллаж амьдрах эрч хүч өгчээ.
2001 онд тэр “Тахилт” хэмээх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан амралтанд амарлаа. Бусдын нүдний үзүүрт өргөс шиг заримдаа харагдах өөртэй нь ижил хүмүүс хэрхэн ажиллаж амьдарч байгааг хараад итгэл урам орлоо. Найз нөхөдтэй ч болов. Өөрийгөө хэрхэн асрах вэ, бие махбодио яаж эрүүлжүүлэх вэ, цаашдаа хэрхэн яаж амьдрах вэ гээд хөгжлийн бэрхшэлтэй хүн болгонд тулгамддаг олон асуудлууддаа хариулт авлаа. Урамшуулж дэмжих ч найз нөхөдтэй юм байна гэдгээ анзаарав. Хүний нийгэмд гадуурхагдахын хатуу хөтүүг мэдрэх түүнээс олныхоо дэм дэмжлэгээр гарна гэдэг хэчнээн үнэ цэнтэй болохыг Цэцэгмаа өөрөө мэдэрсэн шигээ бусдыгаа мэдрүүлэхийг туйлаас их хүсч байлаа. Одоо тэр өмнө нь тодоос тод зурайх итгэл үнэмшил мөрөөдөлтэй болсон. Өөрийнхөө гараар өөрийгөө сайн сайхан бусдаас дутуугүй авч явья гэсэн хүсэл асав. Гар урлал сонирхож Ганболд, Болдхуяг гэх найзтайгаа нийлж савхин бээлий оёж үзэв. Нарантуул зах дээр зарлаа. Зүтгэвэл болохгүй зүйл байдаггүйг нотлож овоо ашиг орлого олов. Ганцхан савхин бээлийгээр нэг их хол явахгүй юм байна гэж найзууд ярицлана. Гар урлалын олон төрлөөр юм хийе борлуулья гэж зориг шулуудацгаав.
Өнөөдөр Б.Цэцэгмаад гар урлалаар хийхгүй зүйл гэж байхгүй. Эрэлт хэрэгцээ ч өндөртэй. Саяхан “Футур” сургалтын төвд Тайваний төслөөр зургаан сарын уран хатгамалын дамжаанд суужээ. Нэг их гоё эвтэй дөрвөн амьтны уран хатгамал хийгээд дундаа орж явна.
-Хатгамал ч уг нь зүгээр юм. Даанч жаахан ажиллагаа ихтэй. Уг нь бид мэтийн тэргэнцэртэй хүмүүс чинь хоёр цаг суугаад амрах ёстой байдаг юм. Тэгж чадахгүй юм. Улайраад суучихна. Ингээд гэрийнхнээ зовоочих гээд байх юм. Энэ эвтэй дөрвөн амьтан чинь уг нь их бэлгэдэлтэй юм шүү дээ. Айл гэрт аз жаргал, эв найрамдлыг авчирдаг. Улс оронд ч гэсэн мөн ялгаагүй. Тэгээд л хатгах гээд улайраад байгаа юм л даа гэж гэмшингүй өгүүлнэ. Өөр шигээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тус болох юмсан гэж халаглана. Тэгснээ хүн ер нь итгэл, урам зоригтой байвал юуг ч хийж чадна гэж ярина. Сурч мэдсэнээ зааж өгөөч гээд утас амраахгүй ээ. Тэр болгонд л яваад очно. Яахав миний хэрэг болж л байвал эргээд буян нь ирдэг юм. Би ч бас тийм л хүмүүсийн буянаар өдий зэрэгтэй явж байгаам шүү дээ гэж инээд алдана.
-Миний нөхөр чинь бас эмч шүү дээ. Гурван охинтой. Охин маань “Оточ маарамба “сургуульд эмчээр сурч байгаа. Дунд охин бас 21 дүгээр сургуульд эмнэлгийн чиглэлийн хичээл заалгаж байна. Аа, харин бага нь цэцэрлэгт. Манайх чинь тэр чигээрээ л эмч нар шүү дээ. Уг нь эмчийнхээ мэргэжлээр ажиллах юмсан гэж их бодох юм. Санаж явахад болно биз дээ гэж хуучлана. Эрүүл саруул хүн ч зориглохооргүй, бүтээхээргүй тийм л зүйлийг мөрөөдөж, хүсч тэмүүлж байгааг сонсч суухад даанч таатай.
Улс орон шилжилтийн хүнд бэрхийг давж байх сүүлийн 20 жилд хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ даанч хатуухан ханддаг байж дээ гэх харамсал ч төрж суулаа. Тэргэнцэртэй хүмүүст зориулсан зориулалтын үйлчилгээний төв гэж алга, амьдрал ахуйд нь нэмэр болгоод 40-өөдхөн мянган төгрөг л өгч байна, нийгэмшүүлэх нийгэмдээ гадуурхагдалгүй амьдрах боломж нөхцлийг нь ч олигтойхон хангачихаж чадахгүй байна шүү дээ. Нийгмийн халамж гэдэг ийм л хүмүүст хүртэгдэж байх учиртайсан. Сая 500 мянган төгрөг л гэнэ. Хийж бүтээе гэсэн Б.Цэцэгмаа шиг хүмүүст л уг нь бүрэн бүтнээрээ өгчихдөг бол хэчнээн нэмэртэйсэн.
-Нэг үеэ бодоход хүмүүс бидэнд их эерэг ханддаг болсон шүү. Би чинь ийш тийшээ явахдаа байнга л таксигаар явна. Таксины жолооч алий эгч ээ би суулгаад өгье, буулгаад өгье гэнэ. Худалдаа үйлчилгээний газар ч гайгүй хандана шүү. Бид зүгээр сууя гэсэн бодол байдаггүй хүмүүс шүү дээ. Гол нь жаахан дэмжлэг л хэрэгтэй байгаа юм. Дэмжихгүй биш дэмжиж байна аа. Амьжиргаа дэмжих сангийн сая хүртэлх, яамны 5 сая хүртэлх төгрөгийн төсөл, олон улсын байгууллагын гээд л олон туслалцаа байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд мэдээлэл муугаас тэр бүрий хамрагдаж чадахгүй байх шиг байгаа юм. Тиймээс л би тэдэндээ тус болчих юмсан гэж хичээж явдаг юм. Тэгш дүүрэн хөтөлбөр гэхэд л над шиг олон хүмүүст хэчнээн их тус хүргэьв дээ. Гуйж биш бүтээж амьдрахыг сургасан даа. Оло ч хүнд ач буянаа өгсөн юм шүү дээ. Тэдэндээ их баярлаж явдаг даа гэж билээ. Өөрөө өөрийнхөө ч төлөө биш өрөөлийн төлөө чадал хүчээ шавхан суугаа Б.Цэцэгмаа шиг хүмүүс энэ цаг үед тийм ч олонгүй болов уу.
Ийм л хүмүүс цаг хугацааг гоёж, цаг хугацаа тэднээр бахархаж, амьдрал ямагт баялаг гэрэл гэгээтэй байдаг юм шиг. Даанч бид сайн сайхныг бага анзаарах юм даа.
Л.НАРАНТӨГС