“Дээлтэй Монгол” наадам болно

Хуучирсан мэдээ: 2010.07.02-нд нийтлэгдсэн

“Дээлтэй Монгол” наадам болно

"Улаанбаатар хотын аялал жуулчлал -2015" хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах чиглэлээр долдугаар сарын 13-нд 11.00 цагт Сүхбаатарын талбайд дөрөв дэх жилдээ  "Дээлтэй Монгол" наадам болно.  Аялал жуулчлалын бүтээгдэхүүн болох Монгол үндэстэн ястны хувцас, монгол гэр, гар урлал, сийлбэр, ардын урлагийн тоглолтыг гадаад, дотоодын жуулчдад сурталчлан таниулах, даяарчлалын зуунд хадгалагдаж үлдсэн өвөрмөц түүх, Монголын эртний соёл, нүүдэлчин ахуйтай холбоотой аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгосноор жуулчдын сонирхлыг татах боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хүүхэд, залуучуудад нүүдэлчин үндэстнийхээ түүх, соёлоор бахархаж, хайрлах зорилгоор тус үйл ажиллагаа зохион байгуулагдана. Энэхүү наадмыг Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар,Нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын Аялал жуулчлалын холбоо, Улаанбаатар чуулга, Түмэн эх чуулга, "Шилмэл загвар" ХХК, "Монгол костюмс" ХХК, "Торго загвар" ХХК,  "Саунд оф Монголиа" ХХК, Монгол гэр Хужирт ХХК  хамтран зохион байгуулж байгаа аж. Наадмын  үеэр ардын  урлагийн тоглолт, монгол үндэсний хувцастай парад, монгол гэрийн үзэсгэлэн худалдаа, үндэсний хувцасны загварын тоглолт, циркийн тоглолт, үндэстэн ястны бүжиг, нийтийн цэнгээнт бүжиг, шагайн харваа зэрэг үйл ажиллагаа явагдана.  Наадмын үйл ажиллагааны томоохон хэсэг болох Монгол үндэсний хувцастай баярын жагсаалд 2009 онд 1000 гаруй хүн оролцсон бол энэ жил илүү өргөн хүрээтэй болгож Нийслэл хотын дүүргүүдийн төлөөлөл, загварын салон, урлаг соёлын байгууллагууд, хүүхэд багачууд нийлсэн 2500 хүний Монгол үндэсний хувцастай жагсаал оролцуулахаар төлөвлөж байна.  Монгол дээлээрээ бахархах, Үндэсний хувцасаараа гоёх “Дээлтэй Монгол” наадамд   “Монгол үндэсний дээлтэй гадаадын зочдын шилдэг хос”, “Үндэсний дээлтэй хамгийн бяцхан оролцогч”, “Нийтийн бүжгийн хос”, “Хамгийн сайхан дээлтэй хос”, “Хамт олноороо идэвхтэй оролцсон байгууллага”,  “Сайн зохион байгуулалТтай, идэВхтэй оролцсон нэг дүүрэг”  зэрэг  номинациар шилдгүүдээ шалгаруулна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж