Хүний амийг 50 саяар үнэлсэн нь доромжлол

Хуучирсан мэдээ: 2010.07.02-нд нийтлэгдсэн

Хүний амийг 50 саяар үнэлсэн нь доромжлол

Хүний амийг 50 саяар үнэлсэн нь доромжлол
Тайван замаар жагсаал, цуглаан хийх эрх иргэн бүрт бий. Харин энэ эрх манай улсад хоёр жилийн өмнө биеллээ олж чадсан уу гэсэн асуултын хариуг өдий хүртэл хайсаар байна. Хоёр жилийн өмнөх долдугаар сарын 1 түүхэнд хараар тэмдэглэгдэхээр аймшигтай, эмгэнэлтэй өдөр болж өнгөрснийг хүн бүхэн мэдэж байгаа. Энэ өдөр таван хүний алтан амь үрэгдсэн, соёлын өвийн гайхалтай бүтээлүүд устсан, олон хүн сэтгэл санаа болон эд материалын хохирол амссан гашуун гэхэд дэндүү гашуун түүх. Үүний хор хохирлын тухай яриа үргэлжилсээр л байна. Хэн хариуцлага хүлээх вэ.
Өчигдөр долдугаар сарын 1-нд амь үрэгдсэн залуусын гэгээн дурсгалд зориулан арга хэмжээ зохион байгууллаа. Амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэн 11 цагийн үед Гандантэгчинлэн хийдэд очиж, зул өргөн буян хураасан юм. Үүний дараа Үндэсний түүхийн музейн урд амь үрэгдсэн залуусын гэрэлт хөшөөг босгох шав тавих ёслол болсон. Энэхүү хөшөөг босгох газрыг хохирогчдын ар гэрийнхэн нь нэг жилийн өмнөөс хөөцөлдөж эхэлжээ. Ингээд МАХН-ын байрны урд талын цэцэрлэгт босгох санал гаргасан боловч газар нь бүтээгүйн улмаас хой­шилсон аж. Харин нийс­лэлийн Захирагчийн ажлын албанаас хөшөө босгох газ­рыг зааж өгснөөр амь үрэгдсэн залуусын дурсгалын хөшөөг босохоор болжээ. Уг ажлыг Ардчилсан холбооноос зохион байгуулж байгаа аж. Тус холбооны дэд дарга Ш.Түвдэндорж шав тавих ёслолыг нээж үг хэлэхдээ “Энэ хөшөө босгох газрыг олоход их хэцүү байсан. Хамгийн гол нь төр засаг үүнд анхаарлаа хандуулах ёстой. Бид хөшөө босгох ажлыг үргэлжлүүлэхээ мэдэгдэж байна” гэсэн юм. Мөн дурсгалын хөшөө босгоход шаардлагатай санхүүгийн асуудалд туслалцаа үзүүлэхээ Ерөнхийлөгчийн тамгын газраас илэрхийлсэн гэв. Шав тавих ёслолын үеэр О.Магнай болон Ж.Батзандан нар ирсэн байсан. Хоёр жилийн өмнө Ж.Батзандан тэргүүтэй иргэний эвслийнхэн сонгуулийн дүнг эсэргүүцэн жагсаал хийсэн. Уг жагсаал нь яваандаа хэний ч төсөөлөөгүй үймээн болон хувирна хэмээн тэд өөрсдөө ч бодоогүй байсан биз. Зарим хүн О.Магнай, Ж.Батзандан нараас болж долдугаар сарын 1 түүхэнд хараар тэмдэглэн үлдсэн гэж үзэх нь бий. Харин тэд өөрсдийгөө гол буруутан нь гэж боддог уу, аль эсвэл.
Уг асуултын хариул­тыг АТГ-ын олон ний­тийн зөвлөлийн дар­га Ж.Бат­зандангаас тодруул­лаа.

-Үймээн болс­ноос хойш хоёр жил өнгөр­лөө. Энэ үймээнд О.Магнай та хоёрыг буруутгах хүмүүс олон байдаг?

-Зарим хүн биднийг ийм байдалд хүргэсэн гэж ярьдаг. Жагсаал хийсний тө­лөө иргэд рүүгээ буу шагайна гэдэг байж болохгүй зүйл. Ийм улс орон байх ёсгүй.

-Таныхаар хэн хариуц­лага хүлээх ёстой вэ?

-Улс төрийн хэлмэгдүү­лэл­тэд өртсөн хүмүүсийн дурс­галыг бид өнөөдөр хүн­дэтгэж байна. Жил бүрийн долдугаар сарын 1-нд арга хэм­жээ зохион байгуулах болно. Цаашдаа ийм зүйл бүү давтагдаасай. Гэхдээ өнөө­дөр хариуцлага алга. Ту­шаал өгсөн дарга нарт хатуу хариуцлага тооцох ёстой гэж хэлмээр байна. Тэрбээр ингэж ярив.
Юугаар ч үнэлж баршгүй зүйл бол хүний амь гэдэгтэй уншигч та санал нийлэх биз ээ. Таван залуугийн ар гэрийнхэн нандин эрдэнэ болсон хүмүүсээ нэг л өдөр алдсан. Эдгээр хүмүүсийн сэтгэлийн уй гашууг нимгэлэх үүднээс төр засаг нөхөн ол­го­вор олгосон билээ. Хо­хи­рогчдын ар гэрийнхэн нөхөн олговороо гүйцэд авсан эсэх, дол­дугаар сарын 1-ний айм­шигт өдрийн талаар ямар бо­долтой явдаг талаар асуулаа.

Талийгаач С.Ганбаата­рын гэргий А.Оюунбилэг:

-Бид төр засгаас хохирсон хүмүүсээсээ уучлалт гуй­гаач гэж хүсч байна. Энэ хүсэлтийг   тавиад хоёр жилийн  нүүр үзлээ. Өнөөдрийг хүр­тэл биднийг хүлээн авч, тоож уулзах хүн алга. Ер нь хүний амийг мөнгөөр үнэлнэ гэж байдаггүй. Манай улс хэлмэгдсэн хүний амийг 50 сая төгрөгөөр үнэлсэн. Биднийг доромжилж байна гэж бодож байна. Эрх баригчид “Эдэнд 50 сая төгрөгийн нөхөн олговор хангалттай” гэж байсан.

Талийгаач  Р.Мөнх-Эрдэнийн ээж Д.Тунгалаг:

-Жил бүрийн энэ өдөр бид амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх болно. Нөхөн олговор гэж 50 сая төгрөг өгсөн. Энэ мөнгө юу ч биш. Дарга нарын унадаг машиных нь үнэд хүрэхгүй л мөнгө.

Талийгаач Э.Доржсүрэн­гийн аав Ц.Энхбаяр:

-Нөхөн олговрыг би аваагүй. Засгийн газар ууч­лалт гуйхаас нааш авахгүй гэдгээ хэлсэн. Уучлалт гуйх хэрэгтэй.

Үймээний үеэр олон хүн, албан байгууллагууд хохирсон. Үүний нэг  бол Соёлын төв өргөөнд байрлах Монголын уран зургийн галерей юм. Соёлын үнэт зүйл болсон уран зургууд шатсан. Харин уран зургийн галерей болон бусад байгууллагын хохир­лыг барагдуулсан бо­лов уу. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны мэр­гэжилтнээс тодруулахад “Бид шүүхийн шийдвэрийн да­гуу нөхөн олговрыг олгож байгаа. Шийдвэр нь гарсан ч нөхөн олговор олгоогүй бай­гууллага байхгүй” гэв. Энэ үеэр халдлагад өртсөн уран зургийн галерейн мене­жер Г.Ялалтаас нөхөн ол­говор олгосон тухай лав­лахад “Бид галд өртсөн сан хөмрөгийн бүтээлүүдээ сэр­гээн засварлахын тулд төсөл бичин Нидерландын бай­гууллагын тусламжийг ав­сан. Түүнээс бус Засгийн газраас ямар ч нөхөн олговор өгөөгүй” хэмээсэн юм.

Ц.Энхцэцэг

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж