Парламент Тавантолгойг нууж эхлэв үү | News.MN

Парламент Тавантолгойг нууж эхлэв үү

Хуучирсан мэдээ: 2010.07.02-нд нийтлэгдсэн

Парламент Тавантолгойг нууж эхлэв үү

Парламент Тавантолгойг нууж эхлэв үү
Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажил жил, сараар бус өдөр хоногоор тоологдож эхлээд байна. Үүнтэй зэрэгцэн УИХ хоёр дахь удаагаа хаалттай хуралдаж байгааг анхаарахгүй өнгөрөх аргагүй. Тэгээд ч Ерөнхий сайд асан С.Баяр хаалттай чуулганд оролцсон нь зүй ёсоор анхаарал татаж байна. Хэдийгээр УИХ-ын гишүүний хувьд жирийн асуудал гэж үзэж болох ч Тавантолгойн ордыг ашиглах хамтрагчаа сонгон шалгаруулах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахтай холбоотой олон эгзэгтэй асуудал түүнийг Ерөнхий сайд байх үетэй цаг хугацааны хувьд нягт холбоотойг мартах аргагүй.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр хаалттай болсон нь ч “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын асуудлыг хэлэлцэж байгаа” гэсэн тайлбартай байв. Энэ асуудал Тавантолгойн ордыг ашиглах асуудалтай зоосны хоёр тал шиг л холбоотой билээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Тавантолгойн ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулагчдыг сонгон шалгаруулах баримт бичиг, гэрээний төсөл дээр  20-оод хоног ажилласны дүнд зөвлөмж гаргаж хүргүүлсэн. Энэ талаар яагаад хэн ч ярихаа больчихов? ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийн гол агуулга нь  “Тавантолгойн ордыг ашиглах гэрээг Монгол Улсын хуульд нийцүүлэн хийж, ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 100 хувь төрийн өмчит компанийн мэдэлд байлгах”-ыг анхааруулсан билээ. Үүний дагуу “100 хувь төрийн мэдэлд” гэсэн шошготой үндсэн чиглэл “төрсөн”. Гэвч Тавантолгойг хоёр хэсэгт хуваагаад хоёр дахь хэсэгт хөрөнгө оруулагчдыг ажиллуулах зураг төслөөс Монголын талын эрх мэдэл огтхон ч харагдахгүй байгаа нь ноцтой асуудал биш гэж үү. Дашрамд хэлэхэд “ҮАБЗ-ийн дээрх зөвлөмж нь  Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хууль болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулиар заавал хэрэгжих хүчин чадалтай байдаг”-ийг сануулахад илүүдэхгүй биз ээ.

Тавантолгойн ордыг хамтран ашиглах хөрөнгө оруулагчдын сонгон шалгаруулалтын талаарх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн санал, дүгнэлт онцгой анхаарал татаж байгаа. Тэгвэл уг зөвлөмжид “Урьдчилсан сонгон шалгаруулалт, яриа хэлэлцээг улс орны хөгжлийн гадаад таатай орчинг бүрдүүлэх, улс төр, эдийн засгийн тэнцвэртэй харилцааг бэхжүүлэхэд чиглүүлэх, Хөрөнгө оруулагчдын туршлага, санхүүгийн чадвар, байгаль орчинд ээлтэй технологи, нөхөн сэргээлтийн тө­лөв­лөгөө, стандарт, бүс нут­гийн дэд бүтэц, усны хайгуул, ашиг­лалт, бүтээгдэхүүний үнэ, зах зээл, нийгмийн хариуц­ла­га­тай үйл ажиллагаа явуу­лах санал зэрэг шалгуур үзүү­лэл­тээр шалгаруулахыг онц­гой­лон анхааруулсан. Мөн Тавантолгойн ордыг ашиглах сонгон шалгаруулалтад гадаадын аж ахуйн нэгж оролцуулах бол нэг компани буюу консорциум гэсэн зарчим баримталж, яриа хэлэлцээрийн дүнг ҮАБЗ-д урьдчилан танилцуулахаар заасан байна. ҮАБЗ дээрх зөвлөмжөөс гадна тэмдэглэл гаргасан байгаа. Уг тэмдэглэлд “…Өнгөрсөн хугацаанд болон цаашид Тавантолгойг сонирхсон гадаадын хөрөнгө оруулагчидтай хийсэн уулзалт, ярианы тэмдэглэл, саналыг Засгийн газар, ҮАБЗ-д танилцуулж хувийн хэрэг үүсгэж ажлын хэрэгцээнд ашиглаж байх” гэсэн заалт бий.

Ойрын жишээ дурдахад өнгөрсөн долоо хоногт буюу зургадугаар сарын 26-нд Бээжин хотноо “Монгол-Хятадын эрдэс баялгийн хамтын ажиллагаа” дугуй ширээний ярилцлагад манай ЭБЭХ-ний дэд сайд Ц.Ариунсан оролцоод ирсэн. Тэрбээр энэ тухайгаа ҮАБЗ-д танилцуулсан болов уу. Ямартай ч тэдний зөвлөснөөр төрийн эрх барих гурван гол институцийн аль нэг субъектын хэн нэг нь гадаадын иргэд, байгууллагынхантай албан ба албан бусаар ярьснаа ҮАБЗ-д танилцуулах ёстой болж байна. Харин хэлэлгүйгээр Тавантолгойн асуудлыг хөндөж байгаа эсэхийг нь яаж мэдэх хэрэг вэ. Эсвэл өнөөх л тагнах, чагнах аргаа хэрэглэж дуулиан тарих уу. Энэ арга такик, эрх үүргийг хуулийн хүрээнд хэрхэн зохицуулах вэ гэдэг нь тодорхойгүй байгаа учраас Тавантолгойн ордыг ашиглах асуудлыг  УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй энэ цаг үед ҮАБЗ-ийн үзэл баримтлалын төслийг ийнхүү хаалттайгаар хэлэлцсэн болов уу.

Нөгөөтэйгүүр зөвхөн бидэнд хаягласан сэдэвт итгэх албагүй. Магадгүй, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн зөвлөмж, тэмдэглэлийн талаар лавлах, хатуухан хэлбэл байцаах асуудал байсан гэдэгт эргэлзэх аргагүй. Засгийн газар Тавантолгойн талаарх  байр сууриа “Эрдэнэс МГЛ” компанийн боловсруулсан хувилбараар дамжуулан олон нийтэд илэрхийлсэн. Гүйцэтгэх засаглалын хувьд хэнтэй хамтарч ажиллах үндсэн чиглэл, саналаа УИХ-д танилцуулчихаад байгаа бөгөөд одоо ашгийг хуваарилах арга барилаараа олон нийтэд таалагдахыг хичээж байгаа нь харагдаж байна. Харин УИХ-ын гишүүдийн хувьд янз бүрийн байр суурьтай байна. Цөөнгүй гишүүн “Засгийн газрын оруулж ирсэн төслийг дэмжихгүй” гэж буй боловч буруушааж байгаагаа хүчтэй  илэрхийлсэн “Монгол 999 үндэсний нэгдэл”-ийг дэмжсэнгүй. Тиймээс энэ талаар сайтар судлаагүй, эсвэл тодорхой дүгнэлт хийж амжаагүй буюу эргэлзэж тээнэгэлзсэн гишүүн олон байгаа бололтой. Мэдэхгүй зүйлдээ санал өгснөөр эцэстээ ямар ч том алдаанд хүргэж болно. Иймд Засгийн газар дэвшүүлсэн хувилбараа дэмжүүлэхийг хүсвэл эхлээд УИХ-ын гишүүдэд тодорхой ойлголт, төсөөлөл өгөх хэрэгтэй болох нь.

У.Оргилмаа

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж