Долдугаар сарын 1-нд С.Баяр та хамаагүй юу

Хуучирсан мэдээ: 2010.07.02-нд нийтлэгдсэн

Долдугаар сарын 1-нд С.Баяр та хамаагүй юу

Долдугаар сарын 1-нд С.Баяр та хамаагүй юу

Өчигдөр өнөөх аймшигт долдугаар сарын 1-ний хоёр жилийн ой болж өнгөрөв.  Хүмүүс, хувийн хэвшлийнхэн, төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийнхэн хэрээрээ л энэ өдрийг  дурсан гашуудацгаалаа.  Хэрвээ сэтгүүлчид, чөлөөт хэвлэл мэдээлэл байгаагүй бол Монголын төр эл өдрийг  юу ч болоогүй юм шиг  нам  дараад өнгөрөөх сонирхолтой  нь илэрхий болов.
Бүр дурсахыг ч хүсэхгүй  байна. УИХ-ын гишүүдээс Х.Тэмүүжин гудамжинд гарч төв талбай дээр залуусын  хамт 5 минут “гацаж”,  амь үрэгдсэн таван залууд зориулсан дурсгалын хөшөөний шав тавьж  түүнийг нь Ерөнхийлөгчийн Тамгын газраас санхүүжүүлэхээр болсныг эс тооцвол ард түмнийхээ өөдөөс буу шагайсан “баатрууд” хэлгүй дүлий мэт болчихож.  Одоогийн  УИХ-ын  гишүүдийн бүрэн эрх тэр аймшигт  шөнөтэй  салшгүй холбоотой.  Таван халуун амиар УИХ-ын гишүүний бүрэн эрх баталгаажиж өдгөө хүртэл үнэнийг нэхэн яваа  эцэг  эх, үр  хүүхдийнх нь хатаж амжаагүй халуун нулимсан дээр тангараг өргөсөн гэдгээ эрхэм гишүүд бүү мартаарай.  2008 оны долдугаар сарын 1-нд Ерөнхий сайд байсан С.Баяр, Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа онц байдал зарлах зарлиг  гаргасан  Н.Энхбаяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд байсан Ц.Мөнх-Оргил, ЦЕГ-ын дарга асан Ч.Амарболд  та нарт ч эл өдрийг дахин нэг сануулахыг хүсч байна. Тийм ээ, өнөөдөр долдугаар сарын 1 биш 2. Онц байдал зарлах зарлиг долдугаар сарын 1-ний шөнийн 23 цаг 30 минутад гарсан. Арилжааны бүх телевизүүдийг хааж, сонинуудыг хамжааргатай бичихийг сануулж, Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд онц байдлын гортиг татан, хотын бүх дүүргээс цагдаагийн нэмэлт хүч төвлөрүүлж арми бэлэн байдалд оруулсан  зарлиг байсан. Ерөнхийлөгчийн зарлигийг  МҮОНТ-ээр уншиж сонордуулсан тэр нэвтрүүлэгч бүсгүйн дуу хоолой одоо ч муу ёр зөгнөсөн гашуудлын хөгжим мэт санагддаг.  Өдгөө  тэр эмэгтэй телевизээр мэдээ унших тоолонд онц байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлиг сонсогдох шиг болдог юм, уучлаарай.  Ерөнхийлөгчийн зарлиг гарсны дараа л жинхэнэ аймшигт явдлууд эхэлсэн байдаг. Тэр бол долдугаар сарын 2-ний өдөр эхэлж байсан цаг минутууд байлаа. Зарлигийн дараахнаас мэдээлэл дамжуулж байсан бүх телевизүүд хаагдлаа. Зөвхөн МҮОНТ хэт  цензуртэйгээр мэдээлэл цацаж эхлэв. Мэдээ эхлэхээс өмнө дөө, МАХН-ын байр хавиас буун дуу пижигнэж гал дүрэлзэж хүмүүсийн орилж   хашгирах дуун үүр цайтал үргэлжилсэн,  би өөрөө харсан юм. Учир нь манай гэр МАХН-ын байртай ойрхон, цонхоор харагддаг байлаа. Хүмүүс хашгиралдаж, байсхийгээд л буун дуу пижигнэн  айдас дагуулсан тэр шөнийг мартаж яахин чадна. Тэр үед би хөл хүнд байсан болохоор айсандаа хугацаанаасаа өмнө  өвдөж эхэлсэн.  Нэгдүгээр эмнэлэгт төрөх ёстой байсан ч тэр зүг рүү явахаас эмээсэн тул  шөнөжин дуншин  уйлж хоносон юм.  Эмнэлэг рүү яваагүй нь ч болсон.  Нэгдүгээр эмнэлгийн гадаа хар машинтай хүмүүс нэг хүнийг хөөж ирээд араас нь буудчихаад давхиад явсныг эмч бүсгүй долдугаар сарын 2-нд гэрч болон ярьсан билээ. Харамсалтай нь тэр эмчээс ярилцлага авсан сэтгүүлч эфирт гарах эрхээ хасуулж нөгөө бүсгүй ч мөдхөн мэдүүлгээсээ буцаж төдөлгүй ажлаасаа гарсан гэж сонссон.

Шөнийн 03 цагийн үед Монгол Улсын Ерөнхий сайд, МАХН-ын дарга С.Баяр намынхаа шатсан байрыг эргэж байгааг харуулсан. Хэдхэн цагийн өмнө тэнд монголчууд жагсч,  орилж цагдаад зодуулж, бас зарим нь буудуулж амь насаа алдаагүй юм шиг нам гүмхэн.  МАХН-ын цагаан байр юу ч үгүй шатаж нурам нь халуунаар утаа уугиж байлаа.  Ерөнхий сайдад тэдэн хүн гэмтэж бэртэн эмнэлэгт хүргэсэн, одоогоор хоёр хүн амь үрэгдээд байгаа талаар рапорт өгөв.  Мань хүний царайнаас   шаналал, зовлон, гуниг гашуудал, харамсал  тодоос тод харагдаж байгааг хэн ч уншиж болохоор байсан юм.  “Баярт ч лав хэцүү байгаа даа” гэсэн бодол төрж “Одоо юу хийх бол. Яах бол” гэж бараг л тэр л хамгийн том аврагч мэт санагдсанаа  нуумааргүй байна. Гэтэл харин өнөөдөх чинь МАХН-ын шатсан байрны өмнө очоод хоёр гараа наминчлан залбирдаг байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд хүн 2.5 сая иргэнээ харж байхад, түүнээс аврал өмгөөлөл эрж  байхад,  хоёрын хоёр хүн амь үрэгдчихээд байгааг  дуулгаж байхад зөвхөн намынхаа шатсан байрны хойноос харуусч байгаагаа тийнхүү илэрхийлсэн юм.  Хэрвээ хоёр амь үрэгдсэнийг дуулгах агшинд тийм үйлдэл үзүүлсэн бол  айсан ард түмэн түүнтэй үеийн үед хамт байх байлаа. Түүнийг эцэг шигээ санах байлаа. Харамсалтай нь түүнээс тийм хүнлэг чанар дутсан юм, тэр үед.  Яг тэр мөчөөс Монголын ардчилал ингээд дууслаа, 1937 оных шиг хэлмэгдүүлэлт үүр цайж нар мандмагц эхлэх юм шиг түгшүүрт бодол олон хүнд төрсөн биз ээ. Тийм дээ, тэр бүхний эхлэл нар мандмагц эхэлсэн юм.  Морин хуур шатсаны хойноос, баахан хувцас хэрэглэл үгүй болсны араас, галерейн үзмэр хэлмэгдсэний улмаас, виски архи асгарч хагарсны төлөө уйлан донгодох уран хөхөөнүүд жүжгээ тавьж эхэллээ.  “Өчигдрийн жагсаал цуглаанд оролцсон хүмүүс дандаа гэмт хэрэгтнүүд, адгийн шаарууд, хогийн хулгайчууд байжээ”  гэсэн мэдээг  цаг тутам сурталчилж байлаа.  Тэгж тэгж таван хүн амь үрэгдсэн тухай дуртай дургүй зарлалаа. Арилжааны телевизийн захирлууд цуглаж байгаад Ардчилсан намынхныг бушуухан шоронд хорих хэрэгтэй гэж мэдэгдэл хүртэл хийсэн, хамгийн ичмээр нь. Ардчиллын буянаар телевиз нээснээ, дуртай бүхнээ донгодож сурснаа тийнхүү хамгийн хэрэгтэй үед, ардчилал арчигдаж коммунизм дахин тогтож мэдэхээр байсан тэр торгон агшинд мартчихсан байсан, хөгийн юмнууд.  Зөвхөн тэд ч бишээ,  олон хүн “Ингээд ардчилал үгүй боллоо” гэж баярласандаа бахирч байсан даа. Тэр өдөр Ц.Элбэгдорж МҮОНТ-ээр үг хэлж “Ардчилал хэвээрээ байгаа. Монгол орон бол ардчилсан орон. Эфирүүдээ нээ. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг бүү боогдуул” гэж хэлж чадсанаараа олон хүний айдсыг үргээж билээ. Элбэгээг мэдээлэл хийсний дараа л айдас хүйдэс цаашилж “Нээрээ манайх чинь ардчилсан орон хэвээрээ, онц байдал дөрөвхөн хоног л үргэлжилнэ. Тэгээд энэ аймшигт  өдрүүд дуусна” гэж бодохтойгоо болсон. Зусардаж байна гэж бүү бодоорой, олон хүн тэгж сэтгэлээ цайлгасан юм шүү. Тэр өдөр МАХН-ын байшинг шатаасан, таван хүний амь үрэгдсэн хэрэгт Х.Баттулга, Ц.Элбэгдорж  нарыг хэлмэгдүүлэхийг зорьж МАХН-ын мэдлийн сонинууд ч шагширч байсныг бас санаж байна. Гэхдээ цаг хугацаа тэр дор нь залруулгаа гаргаж харин ч Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Э.Бат-Үүл нар ардчиллын багана болон авч гарсныг бүгдээрээ ойлгож байгаа. Дөчин жилээс ч урт дөрвөн өдөр хэрхэн өнгөрснийг санахад ч өдгөө зүрхээр хатгах шиг болдог юм.

Харин өнөөдөр хоёр жилийн дараа С.Баяр сэтгүүлчдээс зугтаж үг хэлэхээс цааргалж, “Би Монголд ирээд удаагүй байна” хэмээн хоноцын  сэтгэлээр хандаж байгаа нь таалагдахгүй байна. 2008 оны долдугаар сарын 1 С.Баяр танд хамаагүй гэж үү. МАХН 1937 онд ард түмнээ 30 мянгаар нь буудан хороочихоод өнөөдрийг хүртэл уучлал гуйгаагүй. Хэлмэгдэн зовж амь насаа алдсан хүмүүсийн амийг нэг сая төгрөгөөр үнэлсэн бол өдгөө 50 сая төгрөгөөр үнэллээ. МАХН-ын гишүүн, Хөвсгөлөөс парламентад сонгогдсон Ө.Энхтүвшин хүртэл “Долдугаар сарын 1 –ний тухай өнөөдөр ярих нь утгагүй ” гэж мэдэгдэл хийлээ. Ард түмнийхээ амийг мөнгөөр үнэлдэг, буудаж хороосноо юман чинээ боддоггүй С.Баяр  та хариуцлагаас хаашаа мултрах гэж. Төрийн эрх мэдэл хууль цаазыг худалдаж авч болдог бол үнэний хариуг  цаг хугацаанаас, хувь тавилангаас худалдан авч болдоггүй юм. Жил ирэх тусам долдугаар сарын 1 биднээс алсарч байгаа хэдий ч үнэний гэсгээл улам бүр ойртож буй гэдгийг сануулъя. Монголын ард түмний  эс ширхэг  болсон  би, чи, та, бид бүхний аль нь ч, хэнийх нь үр хүүхэд, хань ижил  тэдний бууны суманд үрэгдэж мэдэхээр байсныг үеийн үед мартаж болохгүй. Долдугаар сарын 1-ний гашуудлын өдөрт үгээ нэмэрлэх сэтгүүлчийн эргэцүүлэл ийм байна.

Л.Мөнхбаясгалан

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж