-Танай хороо үндэсний хөгжилд хувь нэмэр оруулахуйц ямар ажил хийж байна вэ?
-Бид тодорхой дэс дараатай ажлуудыг зохион байгуулж, тодорхой алхмуудыг хийж байгаа. Гэхдээ хангалттай гэсэн үг биш. Энэ жилийг Засгийн газар бизнесийн орчныг сайжруулах жил болгон зарласан. Ерөнхий сайдын зүгээс ажлаа шуурхайлахыг байнга анхааруулдаг. Тиймээс бид ажлаа долоо хоног бүр танилцуулж байгаа. Ерөнхийдөө эхний хагас жилийн тайлангаа гаргачихсан. Хийсэн ажлуудаа эргэн харахад зардал бууруулах гэх мэтээр үр дүнд хүрсэн зүйл олон бий. Бид төлөвлөсөн зүйлээ 100 хувь хэрэгжүүлж чадах юм бол бизнесийн орчноороо дэлхийд эхний 50-д багтах боломж байна гэж харж байгаа.
-Та бүхэн эдийн засагт улс төрийн оролцоог хумих зорилготой Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төсөл боловсруулж байсан. Тэр төсөл юу болсон бэ. Улстөрчид эдийн засгаар тоглосоор л байх уу?
-Манай улсын түүхэнд хөгжлийн бодлогоо тодорхойлж, баталсан тохиолдол ховор байсан.
Сүүлд 2008 онд Үндэсний хөгжлийн цогц бодлогоо баталсан. Өмнө нь бол бүсчилсэн хөгжлийн ч гэдэг юм уу, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал гэх мэт баримт бичгүүд байсан л даа. Мөн 2008 оны эхээр боловсруулсан Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, ядуурлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих хөтөлбөр гээд бий. Харин яг хуульчилж гаргасан нь ховор. Цогц бодлого нь 2021 он хүртэл үргэлжлэх юм. Тиймээс бид дунд хугацаанд хийх ажлуудаа тогтоох ёстой гэдэг үүднээс дээрх хуулийн төслийг боловсруулсан. Мөн эдийн засагт улс төрийн оролцоог хязгаарлах зорилго агуулсан. Улс орны эдийн засаг, төсвийн чадавхийг тодорхой хуулийн дагуу, 4-5 жилээр харж, тооцож байхгүй бол болохгүй. Бид төслөө Засгийн газарт өгчихсөн байгаа. Ер нь 400 гаруй хөтөлбөр байдаг. Зарим нь мөнгөгүй болоод гацчихсан, хугацаа нь дуусчихсан, бүр цаасан дээр л үлдсэн хөтөлбөр ч бий. Тиймээс эдийн засгийн хөтөлбөрүүдийг бас цэгцэлж байгаа. Хамгийн гол нь хуульчилж байж үр дүнд хүрч, хариуцлага бий болно гэсэн зарчим баримталж байна. Дээрх хуулийн төслийн гол агуулга нь салбарын бодлого, улсын бодлого, орон нутгийн бодлогоо зөв уялдуулах, үүндээ тохируулж төсөв хөрөнгөө хуваарилах гэсэн санаатай. Ер нь хөгжлийн хөтөлбөрүүд ч хоорондоо уялдах ёстой гэдэг дээр анхаарч байна. Арваас дээш жилийн хугацаатай бол цогц бодлого. Дараа нь дэлхийн жишигт 4-5 жилийн хугацаатай байдаг дунд хугацааны хөтөлбөр. Тэгээд Засгийн газрын мөрийн хөтөлбөрүүд. Энэ нь жил жилээрээ тусгагдсан байдаг. Түүнчлэн гурван жилийн төсвийн хүрээний мэдэгдэл байна. Энэ бүгдийг уялдуулж байж л хөгжих боломж бүрдэх юм.
-Mанай улс өмнө нь хөгжлийн бодлогодоо хэр анхаардаг байв?
-Манай улс 2000 он хүртэл зах зээлд шилжих гол зорилго тавьж явсан. Хөгжлийн бодлого гэхээсээ илүү зах зээлд хурдан шилжье л гэж зүтгэсэн. Тиймээс ч үнийг чөлөөлөх, хувийн хэвшлийг бий болгох, төрийн өмчүүдийг хувьчлах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэл рүү түлхүү анхаарсан байдаг. Тэгээд ч санхүүгийн нөөц бололцоо муу, хүмүүсийн орлого бага гээд хөгжлийн боломж өөрөө их хязгаарлагдмал байсан шүү дээ. Томоохон хөрөнгө оруулалт гэвэл дандаа гадаадын зээл, тусламж байх жишээтэй. Харин 2000 оноос хойш бол байдал харьцангуй тогтворжоод 2002-2003 оны хооронд анх удаа ядуурлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих хөтөлбөрийг боловсруулсан байдаг. Улмаар 2004 оноос хойш манай улсын эдийн засгийн өсөлт нэлээд өндөр болсон. Жишээ нь 2004 онд 10 хувь хүрсэн бол дараа нь хэд хэдэн жил дараалаад 7-8 хувь хүрсэн. Тэр үеэс л бидэнд хөгжлийн стратеги хэрэгтэй юм байна гэдэг нь тодорхой болж эхэлсэн юм. Ингээд 2008 онд Үндэсний хөгжлийн цогц бодлогыг баталсан. Урт хугацааны хөтөлбөртэй болчихлоо. Бид 10 жилийн дараа ийм болно гээд тодорхой зорилт тавьчихлаа. Тэгвэл түүнээс наана дунд хугацаанд юу хийх вэ гэдгээ мөн тооцох, тодорхойлох шаардлага гарсны дагуу хэд хэдэн бодлогын баримт бичиг боловсрууллаа. Үүний нэг нь Орон нутгийн хөгжлийн индекс гэж байна. Энэ хөтөлбөрийн дагуу Монгол Улсын хөгжлийн бүх үзүүлэлтийг есөн бүлэг, 85 үзүүлэлтээр гаргаж байгаа. Тухайлбал, орон нутаг тус бүр дээр усны хангамж нь ямар байна, эрчим хүчний доголдолтой юу, хүнсний хангаж хэр вэ гэх мэтээр нарийвчилж гаргаж ирнэ. Ингэж байж бид хаана, юунд ямар хөрөнгө оруулахаа, ямар бодлого шийдвэр гаргахаа шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлох юм.
-Төв банк инфляцийг тогтоон барих талаар оновчтой бодлого барьж чадахгүй байх шиг. Та юу гэж бодож байна?
-Энэ он гараад манай улсад инфляци нэлээд өндөр түвшинд буюу улсын хэмжээнд 13.1, Улаабаатарт 16.1 хувь хүрчихлээ. Үүнд нөлөөлсөн хэд хэдэн хүчин байна л даа. Юуны өмнө өвөл хүнд болж, зудын улмаас олон сая толгой мал хорогдсоноос болж мах, хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн. Нөгөө талаас Хүний хөгжил сангаас бэлэн мөнгө тараасан. Дараагийн шалтгаан нь эдийн засаг сэргэж эхэлж байсан. Ийм гурван хүчин зүйл байгаа юм. Ноднин инфляци нэлээд доогуур түвшинд байсан нь эдийн засгийн байдал ерөнхийдөө хүнд байсантай холбоотой. Яагаад гэвэл хүмүүсийн худалдан авах чадвар муу байсан. Одоо болохоор эдийн засаг сэргэж, хүмүүсийн худалдан авах чадвар харьцангуй сайжраад ирэхээр үнэ өсчихөж байгаа юм. Угаасаа эрэлт нэмэгдэхээр үнэ өсдөг жамтай л даа. Ийм огтлолцол дээр үнэ өсдөг.
-Тэгэхээр хүмүүс орлогогүй ядуу байх нь ашигтай гэсэн үг үү?
-Орлогыг нь нэмэгдүүлнэ гээд бэлэн мөнгө тараахаар эрсдэл дагуулж байна. Цалин нэмэх ч эрсдэлтэй. Одоо ирэх аравдугаар сард төрийн албан хаагчдын цалинг нэмчих юм бол хувийн хэвшлийнхэн дагаж нэмэхээс аргагүй болно. Цалин өснө гэдэг үйлдвэрлэлийн зардал нэмэгдэж байна л гэсэн үг. Тэгэхээр оновчтой зохицуулалт л хэрэгтэй. Инфляцийг барихын хэд хэдэн зохицуулалт хийсэн. Сая өргөтгөсөн худалдаа зохион байгуулах зэргээр махны үнийг буулгаж чадсан гэж үзэж байгаа. Цаашид макро эдийн засгийн түвшинд Монголбанк мөнгөний нийлүүлэлтийг хязгаарлах ч юм уу, хүүг нь өндөрсгөж бэлэн мөнгийг гүйлгээнээс нь татах тал руу илүү явж байна. Гэхдээ өнөөдөр Төв банк авахаас өөр аргагүй арга хэмжээг л авч байна гэж үздэг. Хэрэв үнэ ийм өндөр үед мөнгөний бодлогоо сул тавьчихвал бүр галзуурна шүү дээ. Нөгөө талаас бодлогын хүү өндөр байх нь бизнес эрхлэгчдэд давхар халтай. Тэд зээл авч чадахаа больдог. Ер нь аж ахуйн үйл ажиллагаанд зориулсан зээлийг сэргээх, нэмэгдүүлэх шаардлага байгаа. Яг одооогийн нөхцөлд аваад үзэх юм бол арилжааны банкуудад боломж байхгүй. Тэд жижиг учраас зөвхөн ашгаа л бодохоос улсын хөгжилд хувь нэмэр оруулах нь тэдний гол зорилго болдоггүй. Үүнийг бид сайн ойлгож байна. Яагаад зах зээлийн тоглоомын дүрэм нь өөрөө тийм учраас хэцүү л дээ. Тийм учраас улсаас жижиг, дунд бизнесээ дэмжихын тулд олгодог зээлээ нэмэгдүүлэх чиглэл барьж яваад байгаа байхгүй юу. Жил бүр олгодог 30 тэрбумыг ирэх жил дор хаяж 46 тэрбум болгохыг зорьж байгаа. Гадаадын зээл, тусламжаас олгодог зээл хамгийн үр ашигтай гэж бизнес эрхлэгчид үздэг. Жилийн найм орчим хүүтэй. Тиймээс энэ төрлийн зээлийн хэмжээг бас хоёр дахин нэмэгдүүлэх талаар ярьж байгаа. Мөн Хөгжлийн банк байгуулах асуудал жигдэрч байна. Энэ нь улсын чанартай томоохон бүтээн байгуулалтын ажлыг шууд санхүүжүүлэх арга хэрэгсэл учраас маш үр дүнтэй байх болно.
-Хэзээ байгуулах вэ?
-Зарчмын шийдвэр гарсан. Засгийн газар дэмжсэн. Одоо байгуулах, дүрмийн санг нь бүрдүүлэх л үлдээд байна. Үүн дээр УИХ-аас зөвшөөрөл авах ёстой. Төсвийн тодотголд дүрмийн сангийн хөрөнгийг тусгасан. Батлахыг нь л хүлээж байна.
-Дүрмийн сан нь ямар хэмжээтэй байх вэ?
-Доод тал нь 16 тэрбум төгрөг байхаар тусгасан. Ер нь манай улсад банк байгуулахад дүрмийн сангийн доод хязгаар найман тэрбум байдаг л даа. Харин Хөгжлийн банк өөрөө томоохон хөрөнгө оруулалт шаардлагатай ажлуудыг санхүүжүүлэх учраас дүрмийн сан нь арай ахиу байх ёстой. Бүр арван хэд биш зуун хэдэн тэрбум ч байх шаардлагатай. Одоохондоо бидэнд төсөв хангалтгүй учраас хамгийн боломжит хэмжээгээр л тооцож байна. Ямар ч байсан байгуулчихсан байхад яваандаа гадны донор байгууллагаас ч юм уу, бусад эх үүсвэрээс санхүүжилт босгох боломж бүрдэх байх.
-Банкны салбарт бүтцийн өөрчлөлт хийх, дахин хөрөнгөжүүлэх хөтөлбөр бодит үр дүнд хүрэх болов уу?
-Ер нь банкны системд бүтцийн өөрчлөлт хийх талаар манай улс олон жил ярьж байсан л даа. Банкны систем 2000 оноос хойш ерөнхийдөө нэг л бүтэцтэй болсон. Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр 4-5 томоохон банк, бусад нь олон жижиг банк. Сүүлийн 10 гаруй жил зарчмын хувд ерөөсөө өөрчлөгдөөгүй. Үүний цаана ямар дутагдал оршдог вэ гэхээр арилжааны зорилготой учраас улсад хэрэгтэй томоохон ажлыг санхүүжүүлж чаддаггүй. Нөгөөтэйгүүр банкуудад засаглал маш сул байна. Хүмүүс төрийн байгууллагын засаглалыг муу, хувийнхыг сайн гэж үнэлдэг боловч үнэн хэрэгтээ хувийн банкууд засаглалын том алдаа гаргаж, маш их асуудал үүсгэлээ шүү дээ. Одоо хаа хаанаа засаглалдаа анхаарахгүй бол болохгүй нь ээ гэдгийг маш сайн ойлгосон учраас Үндэсний компанийн засаглалын хөтөлбөр боловсруулаад Засгийн газраар батлуулах гээд өгчихсөн байгаа. Үүний цаана хөрөнгө оруулагч нь компанийн засаглалд хяналт тавьж байх ёстой гэсэн санаа байгаа юм. Өнөөдөр хөрөнгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын ердөө 30 хувь нь л гайгүй засаглалтай байна гэсэн үнэлгээ бий. Энэ бол хангалтгүй үзүүлэлт. Ил тод, шударга байх тал дээр онцгой анхаарах шаардлага байна гэсэн үг. Банкуудын хувьд бол олон улсын шаардлага тавьдаг системүүд байдаг. Манай улсын банкууд эдгээр шаардлагын тал хувийг л хангаж байгаа. Тийм учраас цаашид хийх алхам байна аа л гэсэн үг. Ер нь банкуудын хувьд хэтэрхий жижигхэн байх нь оновчгүй л дээ. Яагаад гэвэл үйл ажиллагааны зардал өндөр болдог. Дээрээс нь өсөн дэвжих бололцоо хязгаарлагддаг. Монголбанк банкны системийг эрүүлжүүлье, төвлөрүүлье, томоохон болгоё гэж байгаа нь зарчмын хувьд зөв зүйл.
-Бизнесийн орчныг сайжруулах жилийн хүрээнд олон арга хэмжээ зохиож байна. Яг аж ахуйн үйл ажиллагаанд бодит дэмжлэг болохоор ямар зүйл хийсэн бэ?
-Бизнесийн орчин гэдэг маань товчоор хэлэх юм бол аж ахуйн үйл ажиллагааг зохицуулж байгаа дүрэм, журам, үйл ажиллагаа явуулах дэд бүтэц болон бусад нөхцөлийг хэлж байгаа юм. Үүнийг сайжруулах ямар шаардлага байна вэ гэхээр манай улс далайд гарцгүй, орон нутгийн дэд бүтэц сул гээд эдийн засгийн проблемууд бий. Үндсэндээ орон нутгийн 30-40 хувь нь цахилгаан эрчим хүч, зам харилцааны тал дээр хүндрэлтэй. Цаашид уул уурхайн томоохон төслүүдийг хэрэгжүүлээд эхлэхээр манай улсад зөвхөн уул уурхай давамгайлаад бусад салбарууд хөгжихөд нэлээд түвэгтэй болж ирнэ. Үүнийг мэргэжлийн хүмүүс “Голланд өвчин” гэж хэлдэг. Тэгэхээр жижиг, дунд үйлдвэр, боловсруулах салбараа хөгжүүлэхэд тухайн салбараа зохицуулдаг хууль эрх зүйн орчныг сайн болгох шаардлагатай. Сайн гэдэг нь ойлгомжтой, тодорхой, хүнд сурталгүй, аливаа илүү зардал гаргадаггүй байхыг л хэлнэ. Үүнийг задлаад үзэх юм бол дотор нь их олон зүйл багтаж байгаа юм. Одоо хэг нэг бизнемэн компани байгуулаад албан ёсоор бүртгүүлж, зөвшөөрөл авах гэхээр маш олон шат дамжлага, хүнд сурталтай тулгарч байна. Үүнээс шалтгаалж илүү зардал гаргана. Дээр нь татвар төлөх хэрэг гарна. Мэргэжлийн байгууллагууд тэднийг шалгана. Энэ мэтчилэн хүндрэл их гардаг. Тиймээс зохицуулалтыг боловсронгуй болгох нь зайлшгүй юм гэж үзсэн. Бизнес эрхлэгчидтэй харилцдаг төрийн бүх байгууллага өөр өөрийн чиглэлээр ямар хуулийг сайжруулахаа тодорхойлоод жагсаалтаа гаргачихсан. Үндсэндээ 60 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай нь тодорхой болсон. Мөн бүртгэлийн хураамжийг 50 орчим хувиар бууруулах, баримт бичгийн бүрдүүлэлтийг онлайн хэлбэрт шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Бид өнөөдөр нийслэл хотын гаалийн байгууллагын үйл ажиллагаатай биечлэн танилцсан. Хэрэглэгчдэд хүндрэлгүй үйлчлэх тал дээр маш их ахиц гарсан байна. Дээрээс нь макро эдийн засгийн хүрээнд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг батлуулахаар УИХ-д өргөн бариад байгаа. Дэд бүтцийн чиглэлээр баруун бүсийг эрчим хүчээр хангах Могойн голын цахилгаан станцын асуудал үндсэндээ шийдэгдэж байна. Мөн ирэх жилийн үндсэн чиглэлд нэлээд их авто зам шинээр тавина гэж тусгахаар болсон. Энэ бүхэн нийлээд бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдүүлэх ёстой. Өнөөдөр /өчигдөр/ төрийн ордонд олон улсын томоохон сименар боллоо. Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг цөөрүүлэх талаар ярьсан. Гол шалтгаан нь аж ахуйн нэгжүүд маш олон зөвшөөрөл авахын тулд дарамтад ордог. Жишээ нь ганц барилга барихын тулд 140 гаруй зөвшөөрөл авч байгаа шүү дээ. Тиймээс ямар ч хэрэгцээгүй ийм хуучин дүрэм журам, зөвшөөрлүүдийг бүгдийг нь байхгүй болгоё гэж байгаа юм. Ерөөсөө энэ арга нь дэлхийн аль ч улс оронд хамгийн шилдэгт тооцогддог. Шат дамжлага цөөн байх тусмаа л тэдний зардал багасч, үр ашиг нь дээшилдэг. Зөвхөн зайлшгүй шаардлагатай гэж үзсэн цөөн хэдэн заалтыг нь авч үлдээд бусдыг нь өөрчлөх юм. Ингэхдээ үнэхээр орчин болохгүй байгаа гэдгийг яам тамгын газруудаар өөрсдөөр нь гаргуулаад, дараа нь хуульдаа нийцэж байгаа эсэхийг нь хянуулаад, эцэст нь энэ ондоо багтааж шинэчлэн батлуулна гэсэн чигтэй байгаа. Ингэхдээ зөвхөн ганц нэг салбарын хүрээнд биш, улсын хэмжээнд бүрэн зохицуулах юм. Энэ утгаараа нэлээд том ажил. Хугацааны хувьд намар гэхэд бүх яам хэрэгтэй, хэрэггүй гэсэн хуулийн заалтын жагсаалтаа нарийвчлаад гаргасан байх учиртай. Ингээд ажлын хэсэгт танилцуулна. Ажлын хэсгийг Шадар сайд ахалж байгаа.
-Гадаад худалдааг сайжруулахын тулд юун түрүүнд хилийн боомтуудад анхаарах ёстой байх. Энэ чиглэлээр ямар ажил хийв?
-Бизнесийн орчныг сайжруулах жилийн хүрээнд гадаад худалдааг дэмжих тусгай зорилт дэвшүүлсэн. Яагаад гэвэл Монгол Улс далайд гарцгүй. Хэрэглэж буй бараа, бүтээгдэхүүний 70-80, зарим төрөл дээр бүр 100 хувьд гаднаас хараат. Тухайлбал, шатахуун байна. Гадаад худалдаанаас ийм хараат байдалтай улсын хувьд худалдааг хөнгөвчлөх зорилгыг чухалд тооцож байгаа юм. Бид хилийн боомтыг дэмжих болон гаалийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах гэсэн шат дараатай арга хэмжээ авч байна. Саад бэрхшээлийг цөөлөх үүднээс мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтыг ч маш шуурхай болгох чиглэлээр ажиллаж байгаа. Ялангуяа, урд хөрштэй хийдэг худалдаанд яаралтай анхаарахгүй бол нийт худалдааны дийлэнх хувийг эзэлдэг гэдэг утгаараа хүндрэл чирэгдлээс болж бүр бөглөө үүсчихээд байгаа юм. Яг л хотын замын түгжрэл шиг. Гэтэл бид одоо Оюутолгой, Тавантолгой гээд маш том төслүүд эхлэх гэж байна. Үүнээс шалтгаалж импорт, экспортийн хэмжээ бүр их өснө. Бид их хэмжээгээр тоног төхөөрөмж, машин механизм оруулж ирэх хэрэг гарна. Тэр үед өнөөдрийнх шиг ийм бөглөөтэй байж болохгүй. Тиймээс онцгой анхаарч байна. Боомтуудыг сайжруулах ажлын хэсэг байгуулсан. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар шинэчлэлийн ажлуудыг гүйцэтгэнэ.
-Аж үйлдвэржилтийн бодлого ер нь байна уу. Баялаг бүтээдэггүй зөвхөн зардаг орон байж таарах уу?
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр үйлдвэржилтийн хөтөлбөр гаргаж, ноднин баталсан. Энэ хүрээнд хөнгөн болоод хүнд аж үйлдвэрийн аль алиныг хөгжүүлэх чиглэл барьж байгаа. Хөнгөн үйлдвэрийн тухайд мах, сүүний үйлдвэрүүд жил бүр хоёр, гурваараа ашиглалтад орж байгаа. Жил ирэх бүр энэ чиглэлийн санхүүжилт ч нэмэгдэж байгаа. Харин хүнд аж үйлдвэрийн хувьд манай улсын эдийн засгийн бүтцийг өөрчлөх, түүхий эдийн экспортоос татгалзаж, боловсруулах шатны үйлдвэрлэл явуулах хэд хэдэн объект байгуулах ажил төлөвлөгөөний шатандаа яваа. Үүний нэг нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ажил. Ирэх жилийн үндсэн чиглэлд дээрх үйлдвэрийн хүчин чадлыг эрс нэмэгдүүлэхээр тодорхой заасан. Мөн хүнд аж үйлдвэрийн бүсүүдийг тодорхойлсон. Сайншандад аж үйлдвэрийн парк байгуулахаар шийдсэн. Төмөр зам нь бэлэн, импорт, экспортийн бүсдээ ойрхон учраас энэ төсөл нэлээд давуу талтай. Оюутолгой дээр Эрдэнэт шиг том баяжуулах үйлдвэр байгуулах ажил эхлээд явж байгаа. Зөвхөн энэ жил л гэхэд 750 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Энэ бүтээн байгуулалт, үйлдвэрүүдийг эрчим хүчээр хангахын тулд Тавантолгой дээр томоохон цахилгаан станц байгуулах ажил төлөвлөлтийн шатандаа явж байна. Үүнээс гадна хувийн хэвшлийнхэн үйлдвэрүүдээ байгуулж эхэлсэн. Жишээ нь, “Энержи ресурс”, “Саус гоби”-г дурьдаж болно. Говийн бүсэд аж үйлдвэрийн бүтээн байгуулалт ид өрнөж байна. Мөн Дархан-Сэлэнгийн бүсэд төмрийн хүдрийн том ордууд бий. Энэ бүсэд Дулаанхан гэдэг газар хувийн хэвшлийнхэн өөрсдийн хөрөнгөөр 100 км төмөр зам тавьчихсан одоо төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийн байгуулж байна. Цаашдаа ган хайлуулдаг болгон сайжруулах бэлтгэлээ ч хийж байгаа юм билээ. Бид газар дээр нь танилцаад ирсэн. Бас нэг чухал газар бол Тамсаг. Тэнд манай улсын газрын тосны гол нөөц бий. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар ажил эрчимтэй явж байгаа. Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах нь гарцаагүй. Тооцоо, судалгааг хийж байна. Гадны компаниуд ч өөрсдийн хөрөнгөөр боловсруулах үйлдвэрийг чинь бариад өгье гэж байгаа. Тэгэхээр улсын мэдлийн нэг том үйлдвэр байх уу, хувийн хэвшлийн олон жижиг үйлдвэр байх уу гэдэг дээр бодлогын шийдвэр гаргана.
-Энэ их бүтээн байгуулалт дээр мэргэжилтэй боловсон хүчин манайд хангалтгүй. Тэгэхээр гадныханд түлхүү боломж олдох байх даа?
-Мэргэжилтэй боловсон хүчний шаардлага их бий. Ойрын үед наад зах нь 7000 инженер, 25 мянган мэргэжилтэн шаардлагатай гэсэн тооцоо гарч байгаа. Тиймээс бид Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдтэй хамтраад дотоодын боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх зорилт тавин ажиллаж байгаа. Саяхан хүн амын цонх үеийг эдийн засгийн хөгжилд ашиглах сэдвийн хүрээнд үндэсний хэмжээний томоохон уулзалт зохион байгуулсан. Энэ үеэр яамдууд чиглэл чиглэлээрээ зохицуулалт хийж ажиллая гэдгийг нэлээд нухацтай ярьж, нэгдсэн ойлголтод хүрсэн. Энд шууд хамаарах нэг асуудал бол манай улс жил бүр тодорхой тооны ажиллах хүчийг гадаадад илгээж байна. Жишээ нь, МУИС-ийг химийн чиглэлээр 20 магистр төгслөө гэхэд 19 нь гадаад руу гардаг гэж байгаа. Тийм учраас бид мэргэжилтэй боловсон хүчнээ гадаад руу гаргах тоогоо хязгаарлаж, хүмүүсээ мэргэшүүлэх чиглэлд илүү ач холбогдол өгнө. Мөн гадаад байгаа мэргэжилтнүүдээ эргүүлэн татах, тэдний мэдлэг чадварыг улс орныхоо хөгжилд ашиглах зорилго бүхий “Зөгийн үүр” нэртэй хөтөлбөрийг боловсруулж Засгийн газарт танилцуулсан. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний санхүүжилт шаардагдана. Шийдвэр гаргах түвшнийхэн дэмжиж байгаа учраас үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.
Ч.Дашдэлэг
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин