Гадаадын иргэн уригчийн хариуцлагыг чангатгана

Хуучирсан мэдээ: 2010.07.02-нд нийтлэгдсэн

Гадаадын иргэн уригчийн хариуцлагыг чангатгана

Гадаадын иргэн уригчийн хариуцлагыг чангатгана
УИХ-ын чуулганы пүрэв гаригийн үдээс өмнөх хуралдаанаар гишүүд Гадаа­дын иргэний эрх зүйн байдлын тухай хуу­лийн шинэчилсэн найруулгын төсөл, холбогдох зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэл­цэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг 1993 онд баталснаас хойш зургаан удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.
Тодруулж хэлбэл гадаадын иргэнтэй холбогдсон эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд зохих нэмэлт, өөрчлөлтийг цаг тухайд нь оруулж, хэрэг­жүүлж ирсэн ч  тэр бүрт хуулийн зүйл, заал­тын уялдаа холбоо алдагдах, нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд хүндрэл учрах, зохи­цуулалт нь хуучрах зэрэг бэрхшээлтэй тулгарч иржээ.
Иймд гадаадын иргэдийн урсгал хө­дөл­гөөн эрчимжих тусам тэдэнд тавих хя­налт, бүртгэл, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох, эрх бүхий бай­гууллага, албан тушаалтны бүрэн эрх, хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхой бол­гож хийдэл, давхардлыг арилгах, зөрчил гаргасан гадаадын иргэдийг саа­туулж албадан гаргах үйл ажиллагааг хууль­ч­лан зохицуулах. Гадаадын иргэн уриг­чийн хариуцлагыг чангатгах, энгийн зэрэг­лэ­лийн виз олгох, хяналт тавих асууд­лыг олон улсын жишигт нийцүүлэн Гадаадын ир­гэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хариуцуулах зэр­гээр шинэчлэх шаардлага гарчээ.

Дээрх үндэслэл, шаардлагын дагуу хуу­лийн төсөлд зарчмын шинжтэй дараах  зүйл заалтыг тусгасан байна. Үүнд, Одоо мөрдөж байгаа хуулиар Монгол Улсад оршин сууж байгаа гадаадын иргэдийг “зорчигч”, “түр оршин суугч”, “албан хэргээр удаан хугацаагаар оршин суугч”, “хувийн хэргээр удаан хугацаагаар оршин суугч”, “байнгын оршин суугч”, “цагаач” зэрэг нийт зургаан ангилалд хувааж байгаа нь хэт олон, ойлгомжгүй,  хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгаа тул гадаадын иргэний ангиллыг тодорхой болгож цэгцлэх үүднээс зорилгоос нь хамаарч “түр ирэгч”, “хувийн ба албан хэргээр  оршин суугч” гэж ангилан хуулийн төсөлд тусгасан байна. Мөн гадаадын иргэнийг урих, хөдөлмөр эрхлүүлэх талаарх одоогийн эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгож уригч нь хөрөнгийн баталгаа гаргаж гадаадын иргэнийг тус улсад урих, зөрчил гарсан тохиолдолд хариуцлага хүлээдэг байх зарчим баримталжээ.

Статистик тоо баримтаас харахад Монгол Улс  2007 онд 1436, 2008 онд 2269, 2009 онд 2575 гадаадын иргэнийг албадан гаргасан юм байна. Гадаадын иргэнийг саатуулах, албадан гаргах ажиллагааг явуулахдаа гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн газар нь дэргэдээ саатуулах байртай байхаар, мөн гадаадын иргэнийг албадан гаргахтай холбогдсон зардлыг гадаадын иргэн, эсвэл түүнийг урьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрсдөө хариуцдаг байхаар төсөлд тусгажээ.
Гадаадын иргэнд виз олгох талаархи эрх зүйн зохицуулалтыг  боловсронгуй болгох үүднээс энгийн зэргийн виз олгох асуудлыг олон улсын жишиг хандлагад нийцүүлэн Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны бай­гууллагад хариуцуулах, дипломат төлөө­лөгчийн газраас болон өргөмжит консулаас зарим энгийн зэргийн виз олгохдоо тус байгууллагын зөвшөөрлийг үндэслэн олгож байхаар хуулийн төсөлд тусгажээ.
Гишүүдээс энэхүү хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт, санал дүгнэлт гаргаагүй тул хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 79.6 хувь төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Байгальд хохирол учруулсан талаар шүүхэд хандаж болно

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хурал­даанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төс­лийг оруулан хэлэлцэх эсэхийг шийдлээ.
Байгаль орчны тухай хуулийг өөрч­лөхдөө уг хуулийн төсөлд иргэн, төрийн бус байгууллагын нэхэмжлэл гаргахыг зөв­шөөрсөн зохицуулалт оруулсан байна. Энэ нь Байгаль хамгаалах тухай өмнөх хуулиар зөвхөн Засаг дарга нэхэмжлэл гаргахаар заасан байдаг боловч хууль батлагдсан 2005 оноос хойш нэг ч Засаг дарга нэхэмжлэл гаргаагүйгээс энэхүү хуулийг санаачлахад хүргэжээ.  Ингэснээр иргэн, төрийн бус бай­гуул­лага нь төрийн байгууллагын адил байгаль орчинд учруулсан хохирлын та­лаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломж бүр­дэх юм.
Хуулийн төслийг Байнгын хорооны хурал­даанаар хэлэлцэх үед  нэхэмжлэл гар­гах  асуудлын  хууль зүйн үндэслэл, гар­галгааг олон талаас нь сайтар судлан үзэх шаардлагатай гэдэг дээр гишүүд санал нэгдэж, энэ асуудлаар ажлын хэсэг байгуулж ажиллуулах нь  зүйтэй гэж үзсэн юм байна.
Уг хуулийн төслийг чуулганд оролцсон гишүүдийн олонхи дэмжиж,  холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Шөнөөр ан агнах, хавх тавихыг хориглоно

Ан агнуурын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтны аймгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг мөн өдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэн, шийдвэрлэлээ. Уг хуулийн төсөл нь өмнөх хуулиас илүү хатуу зохицуулалт агуулсан байв. Тухайлбал, төсөлд ан хийхэд тавих шаардлагыг чангатган шөнөөр амьтан агнах, хавх тавихыг хоригложээ. Мөн гарал үүслийн бичиггүй агнуурын амьтны эд зүйлийг авч явсан, худалдаж, худалдан авсан бол хүлээх хариуцлагыг хууль бусаар ан агнасаны нэгэн адил тооцохоор болжээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүдээс Монголд агнаад байх ан амьтан хэр их байгаа вэ. Тооллого судалгаа хийсэн юм уу? хэмээн асууж нутгийн иргэдийн оролцоотойгоор хамгаалах  боломжтойг санал болгов.  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх дээрх асуултад хариулахдаа “Өнгөрсөн жил 160 орчим сая төгрөг зарцуулж,  тооллого хийсэн. Мөн бусад хөтөлбөрийн хүрээнд ч төсөл хэрэгжүүлж байсан.

Уг хуулийн төсөл батлагдсанаар хамгаалалтын тал дээр бодлого шинэчлэгдэнэ.  Үүнийг хэрэгжүүлэхдээ зөв ашиглалт тогтвортой менежмэнт гэсэн зарчмаар ажиллана гэв.
Мөн энэ үеэр Богд уулын эко системийг хамгаалах чиглэлээр нэг сая ам. долларын төслийг Дэлхийн банктай хамтран хэрэг­жүүлэхээр болсныг дуулгалаа. Түүнчлэн бай­галь орчныг хамгаалахад нутгийн иргэ­дийн оролцоог хамруулах бодлого баримт­лахаа хэллээ. Байгаль орчныг хамгаалахад нөхөрлөлүүдэд эрх олгох, эдийн засгийн сонирхлыг нь төрүүлж байж ан амьтдыг хамгаалах ажил үр дүнгээ өгөх гэнэ.

Зарим газрыг тусгай хамгаалалтаас гаргана гэв

Зарим байгалийн цогцолборт газрын хи­лийн заагт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл, УИХ-ын 2010 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асууд­лын тухай УИХ-ын тогтоолын төс­лийг хэлэлцсэнээр өчигдрийн чуулганы хурал­даан өндөрлөсөн юм.

Дээрх цогцолбор газрын хилийн заа­гыг өөрчлөх тухай тогтоолын төслийн агуулга нь тусгай хамгаалалттай газар нут­гийн хилийн цэст орсон хэдий ч иргэд нэ­гэнт суурьшчихсан эдэлбэр цөөн хэдэн газар болох Хатгал тосгон, Ханх сум, Хэнтий аймгийн гурван сумын газрыг тусгай хамгаалалттай газрын хилийн заагт өөрчлөлт оруулах замаар гаргах тухай байсан юм. Ингэснээр 2200 гаруй өрх газраа өмчлөх асуудал шийдэгдэнэ хэмээн төсөл санаачлагчид үзжээ.
Харин дээрх газрыг тусгай хам­гаа­лалт­тай газраас гаргасны дараа аялал жуулчлалын чиглэлээр дахин газар олгоод эх­лэх юм биш биз хэмээн болгоомжилж байгаагаа зарим гишүүд хэлж байв. Үүнээс болж бусад тусгай хамгаалалттай газар байдаг олон иргэд, аж ахуйн нэгжүүд “барьцан” хүндрэл үүсгэж болохыг ч анхаарууллаа. Гэсэн хэдий ч хуралдаанд оролц­сон гишүүдийн олонхи нь уг тог­тоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй хэ­мээн үзэж, иргэн газар өмчлөх эрхээ хэрэг­жүүлж чадахгүй байгааг нь шийдэх ёстой гэсэн юм.

Б.Энхмандах

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж