Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг 1993 онд баталснаас хойш зургаан удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.
Тодруулж хэлбэл гадаадын иргэнтэй холбогдсон эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд зохих нэмэлт, өөрчлөлтийг цаг тухайд нь оруулж, хэрэгжүүлж ирсэн ч тэр бүрт хуулийн зүйл, заалтын уялдаа холбоо алдагдах, нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд хүндрэл учрах, зохицуулалт нь хуучрах зэрэг бэрхшээлтэй тулгарч иржээ.
Иймд гадаадын иргэдийн урсгал хөдөлгөөн эрчимжих тусам тэдэнд тавих хяналт, бүртгэл, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох, эрх бүхий байгууллага, албан тушаалтны бүрэн эрх, хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхой болгож хийдэл, давхардлыг арилгах, зөрчил гаргасан гадаадын иргэдийг саатуулж албадан гаргах үйл ажиллагааг хуульчлан зохицуулах. Гадаадын иргэн уригчийн хариуцлагыг чангатгах, энгийн зэрэглэлийн виз олгох, хяналт тавих асуудлыг олон улсын жишигт нийцүүлэн Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хариуцуулах зэргээр шинэчлэх шаардлага гарчээ.
Дээрх үндэслэл, шаардлагын дагуу хуулийн төсөлд зарчмын шинжтэй дараах зүйл заалтыг тусгасан байна. Үүнд, Одоо мөрдөж байгаа хуулиар Монгол Улсад оршин сууж байгаа гадаадын иргэдийг “зорчигч”, “түр оршин суугч”, “албан хэргээр удаан хугацаагаар оршин суугч”, “хувийн хэргээр удаан хугацаагаар оршин суугч”, “байнгын оршин суугч”, “цагаач” зэрэг нийт зургаан ангилалд хувааж байгаа нь хэт олон, ойлгомжгүй, хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгаа тул гадаадын иргэний ангиллыг тодорхой болгож цэгцлэх үүднээс зорилгоос нь хамаарч “түр ирэгч”, “хувийн ба албан хэргээр оршин суугч” гэж ангилан хуулийн төсөлд тусгасан байна. Мөн гадаадын иргэнийг урих, хөдөлмөр эрхлүүлэх талаарх одоогийн эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгож уригч нь хөрөнгийн баталгаа гаргаж гадаадын иргэнийг тус улсад урих, зөрчил гарсан тохиолдолд хариуцлага хүлээдэг байх зарчим баримталжээ.
Статистик тоо баримтаас харахад Монгол Улс 2007 онд 1436, 2008 онд 2269, 2009 онд 2575 гадаадын иргэнийг албадан гаргасан юм байна. Гадаадын иргэнийг саатуулах, албадан гаргах ажиллагааг явуулахдаа гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн газар нь дэргэдээ саатуулах байртай байхаар, мөн гадаадын иргэнийг албадан гаргахтай холбогдсон зардлыг гадаадын иргэн, эсвэл түүнийг урьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрсдөө хариуцдаг байхаар төсөлд тусгажээ.
Гадаадын иргэнд виз олгох талаархи эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох үүднээс энгийн зэргийн виз олгох асуудлыг олон улсын жишиг хандлагад нийцүүлэн Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хариуцуулах, дипломат төлөөлөгчийн газраас болон өргөмжит консулаас зарим энгийн зэргийн виз олгохдоо тус байгууллагын зөвшөөрлийг үндэслэн олгож байхаар хуулийн төсөлд тусгажээ.
Гишүүдээс энэхүү хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт, санал дүгнэлт гаргаагүй тул хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 79.6 хувь төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.
Байгальд хохирол учруулсан талаар шүүхэд хандаж болно
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг оруулан хэлэлцэх эсэхийг шийдлээ.
Байгаль орчны тухай хуулийг өөрчлөхдөө уг хуулийн төсөлд иргэн, төрийн бус байгууллагын нэхэмжлэл гаргахыг зөвшөөрсөн зохицуулалт оруулсан байна. Энэ нь Байгаль хамгаалах тухай өмнөх хуулиар зөвхөн Засаг дарга нэхэмжлэл гаргахаар заасан байдаг боловч хууль батлагдсан 2005 оноос хойш нэг ч Засаг дарга нэхэмжлэл гаргаагүйгээс энэхүү хуулийг санаачлахад хүргэжээ. Ингэснээр иргэн, төрийн бус байгууллага нь төрийн байгууллагын адил байгаль орчинд учруулсан хохирлын талаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломж бүрдэх юм.
Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед нэхэмжлэл гаргах асуудлын хууль зүйн үндэслэл, гаргалгааг олон талаас нь сайтар судлан үзэх шаардлагатай гэдэг дээр гишүүд санал нэгдэж, энэ асуудлаар ажлын хэсэг байгуулж ажиллуулах нь зүйтэй гэж үзсэн юм байна.
Уг хуулийн төслийг чуулганд оролцсон гишүүдийн олонхи дэмжиж, холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Шөнөөр ан агнах, хавх тавихыг хориглоно
Ан агнуурын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтны аймгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг мөн өдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэн, шийдвэрлэлээ. Уг хуулийн төсөл нь өмнөх хуулиас илүү хатуу зохицуулалт агуулсан байв. Тухайлбал, төсөлд ан хийхэд тавих шаардлагыг чангатган шөнөөр амьтан агнах, хавх тавихыг хоригложээ. Мөн гарал үүслийн бичиггүй агнуурын амьтны эд зүйлийг авч явсан, худалдаж, худалдан авсан бол хүлээх хариуцлагыг хууль бусаар ан агнасаны нэгэн адил тооцохоор болжээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүдээс Монголд агнаад байх ан амьтан хэр их байгаа вэ. Тооллого судалгаа хийсэн юм уу? хэмээн асууж нутгийн иргэдийн оролцоотойгоор хамгаалах боломжтойг санал болгов. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх дээрх асуултад хариулахдаа “Өнгөрсөн жил 160 орчим сая төгрөг зарцуулж, тооллого хийсэн. Мөн бусад хөтөлбөрийн хүрээнд ч төсөл хэрэгжүүлж байсан.
Уг хуулийн төсөл батлагдсанаар хамгаалалтын тал дээр бодлого шинэчлэгдэнэ. Үүнийг хэрэгжүүлэхдээ зөв ашиглалт тогтвортой менежмэнт гэсэн зарчмаар ажиллана гэв.
Мөн энэ үеэр Богд уулын эко системийг хамгаалах чиглэлээр нэг сая ам. долларын төслийг Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлэхээр болсныг дуулгалаа. Түүнчлэн байгаль орчныг хамгаалахад нутгийн иргэдийн оролцоог хамруулах бодлого баримтлахаа хэллээ. Байгаль орчныг хамгаалахад нөхөрлөлүүдэд эрх олгох, эдийн засгийн сонирхлыг нь төрүүлж байж ан амьтдыг хамгаалах ажил үр дүнгээ өгөх гэнэ.
Зарим газрыг тусгай хамгаалалтаас гаргана гэв
Зарим байгалийн цогцолборт газрын хилийн заагт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл, УИХ-ын 2010 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэнээр өчигдрийн чуулганы хуралдаан өндөрлөсөн юм.
Дээрх цогцолбор газрын хилийн заагыг өөрчлөх тухай тогтоолын төслийн агуулга нь тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэст орсон хэдий ч иргэд нэгэнт суурьшчихсан эдэлбэр цөөн хэдэн газар болох Хатгал тосгон, Ханх сум, Хэнтий аймгийн гурван сумын газрыг тусгай хамгаалалттай газрын хилийн заагт өөрчлөлт оруулах замаар гаргах тухай байсан юм. Ингэснээр 2200 гаруй өрх газраа өмчлөх асуудал шийдэгдэнэ хэмээн төсөл санаачлагчид үзжээ.
Харин дээрх газрыг тусгай хамгаалалттай газраас гаргасны дараа аялал жуулчлалын чиглэлээр дахин газар олгоод эхлэх юм биш биз хэмээн болгоомжилж байгаагаа зарим гишүүд хэлж байв. Үүнээс болж бусад тусгай хамгаалалттай газар байдаг олон иргэд, аж ахуйн нэгжүүд “барьцан” хүндрэл үүсгэж болохыг ч анхаарууллаа. Гэсэн хэдий ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь уг тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгааг нь шийдэх ёстой гэсэн юм.
Б.Энхмандах
Холбоотой мэдээ