ДАШТ эдийн засагт хэрхэн нөлөөлөв

Хуучирсан мэдээ: 2010.07.02-нд нийтлэгдсэн

ДАШТ эдийн засагт хэрхэн нөлөөлөв

Хагас шигшээд үлдэж чадалгүй, толгойгоо ганзагалан нутаг буцсан англи, германчуудын хөгжөөн дэмжигчдийн сэтгэл зүй ямархан байгааг таахад хэцүү биш. Түүнчлэн багаа лавтайяа хагас шигшээд үлдэнэ гэж найдаж байсан хүмүүсийн хамаг “бизнес” төлөвлөгөө будаа болж байгаа гэж таахад хэцүү. Хамгийн түрүүнд энгийн молхи ухаанаар төсөөлөхөд л хөгжөөн дэмжигчид битүү нүжигнэж байх ёстой кафе, бааруудын эзэд санаа алдаж байгаа биз. Түүнчлэн багийнхаа тоглолтыг шууд дамжуулан, дундуур сурталчилгаа “чихэх”-ээр төлөвлөж байсан телевизүүд бас шоконд орж байгаа нь зүй. Одоогоор Их Британи, Францын “азгүй” телевизүүд хэдий хэрийн урьдчилсан гэрээ хийгээд байсан талаар мэдээлэл алга байна.

Англичуудын азгүй тоглолт Монголын хөгжөөн дэмжигчдийг ч бас доргиогоод авсан гэж байгаа. Английн багийг дэмжигчид энэ өдөр тун ч ууртай байсан. Хөлбөмбөгийн тэмцээний үеэр хамгийн хөл хөдөлгөөн ихтэй байгаа газруудын нэг “Irish”-д тэр орой байсан хөгжөөн дэмжигчдийн тал нь уурлаж бухимдан “талбай”-гаа орхин гарчээ. Тэдний тэргүүн эгнээнд “Irish”-ийн гүйцэтгэх захирал, хөл бөмбөгийн улаан фен Ганхүү явж байсан гэж байгаа. Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах дэмжээн Монголд ч хөгжөөн нэмж, хөлбөмбөг сонирхогчид унтах нойроо умартан, цэнгэж байна. Хөгжөөн дэмжигчдийн энэ их хөөрөлд “хуурай хууль” гаргах шахаад байдаг хотын захиргаа ч бууж өгөн, зарим цэнгээний газруудыг 12.00 цагаас хойш ажиллахыг хориглосон шийдээ зөөллөөд байгаа. Чингэхийн тулд бүр Ерөнхий сайд  маань хүртэл оролцсон гэж байгаа. Аргагүй дэлхийн их хөөрөлд ийн хатуу хоригоо цуцалсан ч манайхан 12,00 цагаас хойш, архи согтууруулах ундаа зарахыг хориглосон. Хөөрсөн хөгжөөн дэмжигчид хоолойгоо чийглэхгүй хэрхэх билээ? Тиймээс тэд бяцхан арга зохион Англид хатан хааны хонх цохихоос өмнө хатуу ундааны эцсийн захиалгаа өгөх ёстой байдаг шиг, “хуурай хориг”-ын цаг болохоос өмнө литр, литрээр нь шар айргаа захиалж нөөцөлдөг гэж байгаа. Ийн нийслэлийн шөнийн амьдрал хөлбөмбөгөөр өдөөгдөж, баар рестораны орлого нь ихэсч тун баяртай байна. Түүнчлэн хөлбөмбөгийн хуваарь бүхий плакат, оддын зураг, дуураймал ч болтугай бөмбөг тэргүүтэн үнэд орж, хөгжөөн дэмжигчдийн нүүрэн дээр зураг зурж өгөх гэх мэт бизнес цэцэглэж байна. Далимд нь хэлэхэд хөлбөмбөгийн өмсгөл “хаданд” гараад байгаа. Дунд сургуулийн бага ангийн жаалуудын өмсөх дуртай хөлбөмбөгийн өмсгөл /ердөө л богино ханцуйтай цамц, богино өмд/ өнгөрсөн жил Нарантуул зах дээр 14 мянган төгрөг байсан бол өнөөдөр 20 мянган төгрөг болоод байгаа гэнэ. Хөлбөмбөгийн тэмцээн ийнхүү зохион байгуулагч байгаа болон баг нь оролцож байгаа орнуудаас гадна алаг бөмбөгний гайхамшигт тоглолтыг сонирхдог хүмүүстэй орон болгоны бизнесийг идэвхжүүлж байна. Өмнөд Солонгосын баг хөлбөмбөгийн талбайд гялалзаж байхад, тэндхийн баар, ресторанууд орлого цэцэглэж, дагаад бэлгэвчний борлуулалт ч асар их нэмэгдсэн гэсэн хөгжилтэй мэдээлэл гарч байна. Тэнд байгаа монголчууд Солонгосын баг гялалзаж байсан үдэш, баар, рестораны хангүг эздийнх нь сэтгэл хөдлөөд бүх хүмүүсийг үнэгүй дайлсан гэж ам дамжин ярьж байна лээ.

Хөл бөмбөгийн спорт хэдэн тэр­бум хүний сэтгэлийг эзэмд­дэ­гийнхээ хэрээр асар их мөн­гөний урсгал дагуулж байдаг. Хөл­бөмбөгийн гэх зээлд жилдээ 10,9 тэрбум ам.доллар эргэлдэж байдаг гэдэг. Зохион байгуулагч орны хувьд бол тасалбарын орлогоос эхлээд, ирсэн гийчин бүр дам утгаараа эдийн засгийг нь дэмждэг. Тухайлбал, 2006 онд Дэлхийн цомын тэмцээнийг зохион байгуулсан германчууд хүнс ундаа болон бэлэг дурсгалын зүйлсээс 2,6 тэрбум ам.долларын нэмэлт орлого олсон.

Эдийн засаг нь зогсонги байдалд ороод байсан францчууд Дэлхийн цомын тэмцээнийг зохион байгуулснаар эдийн засаг нь сэргэж ирсэн гэдэг. Гэвч ихэмсэг францчууд “Хэрэглэгчдийн итгэлийг сэргээж, сэтгэл ханамж өгсөн. Гэхдээ эдийн засаг маань сэргэхэд гол нөлөө үзүүлсэн хүчин зүйл гэж үзэж болохгүй”  гэж ярьж байжээ. Итгэлийг сэргээнэ гэдэг өөрөө эдийн засгийг хөдөлгөх гол хүчин зүйл болдгийг ч бас тэд үгүйсгээгүй л дээ.

Дэлхийн цомын тэмцээний бас нэг сонирхолтой тэмцэлдээн том корпораци брэндүүдийн далд тэм­цээн. Асар их мөнгөний дагуул болсон тэмцээнийг болон багуудыг ивээн тэтгэх болон, цэнгэлдэх хүрээлэн, шууд нэвтрүүлгийн үеэр логогоо байрлуулах зэрэг нь томхон корпорациудын мөнгө хайр, найргүй зардаг том өрсөлдөөн. Хөлбөмбөгийн ертөнцийн хувьд өнөөдөр “Найк”, “Адидас”-ын хооронд ширүүн тэмцэл болж байна. “Найк” дэлхийн томоохон оддыг “шүүрдгээрээ” зартай ч хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны ивээн тэтгэгч нь. Гэвч “Найк” партизаны маркетинг хийхдээ гаргуун учир Лос-Анжелесийн олимпийн үеэр бүх байшингуудын ханыг худалдан авч сурталчилгаагаа байршуулсан шигээ боломжит бүх аргыг ашиглана гэж мэргэжилтнүүд хийжээ. Гэвч түүний өрсөлдөгч “Адидас” байр сууриа л тавиад өгчихгүй. Тэмцээн эхлэхээс өмнө “Адидас “компанийн гүйцэтгэх захирал Херберт Хайнер “CNN” агентлагийн сурвалжлагчид “Бид Дэлхийн цом болж байгаад үнэхээр баяртай байгаа. Бид өндөр зорилт тавьсан. Бид өмнөхөөсөө илүү их бараа бүтээгдэхүүн зарж чадна гэж найдаж байна. 2008 онд бид 1.3 тэрбум еврогийн орлого олж байсан. Бид энэ тоог давуулж чадна гэж туйлын итгэлтэй байна” гэж ярьжээ.

Энэ удаагийн тэмцээний хувьд мэдээж анх удаа Африкт тэмцээн болж байгаа гэдгээрээ онцлог. “Хар” тивийнхэн энэхүү нүсэр тэмцээнийг зохион байгуулах эрх олж авснаар, үндэсний онцлог, улс эх орноо сурталчлахаас гадна чамгүй ашиг олно гэж найдаж байгаа нь зүй. Тэмцээн зохион байгуулснаар аялал жуулчлал нэмэгдэж, тус улсад оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ өсөх болно гэж эдийн засагчид таамаглаж байна. Эдийн засагчид нь 21.3 тэрбум ам.долларын орлого орох болно гэж тоглолт эхлэхийн өмнө таамаглаж байсан. Түүнчлэн 159,000 түр хугацааны, байнгын ажлын байр бий болно. Тэд тэмцээн зохион байгуулахын тулд стадионуудаа шинэчилж, шинэ нисэх онгоцны буудал барьсан. Тэмцээнд дэлхийн 32 улсын баг тус бүрдээ 50 орчим хүний бүрэлдэхүүнтэй оролцох бөгөөд 14,500 ВИП зочид төлөөлөгч, 500 албаны ажилтан, 10 500 хэвлэл мэдээллийн ажилтан ажиллана гэж тооцож байгаа. Нийт үзэгчийн тоо 373,000 орчим байх бөгөөд дунджаар Өмнөд Африкт ирсэн нэг зочин 3,900 ам.доллар зарцуулах болно гэж тооцоолсон. Харин тоглолтын зардлыг 2.2 тэрбум ам.долларт багтана гэж тооцоолж байсан ч 3.9 тэрбум хүрэх төлөвтэй байгаа. Тэмцээнийг олон хотод зохион байгуулж байгаа болохоор үүн дээр нэмэлт 1.1 тэрбум ам.долларын зардал гарч болзошгүй гэж тооцоолж байна. Өмнөд Африкийн эдийн засагт Дэлхийн цом хэрхэн нөлөөлсөн тухай дүгнэлтийг тэмцээн дууссаны дараа хийх нь зүйтэй байх аа.

Т.САНАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж