Мэндчилгээ дэвшүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

Мэндчилгээ дэвшүүлэв

Мэндчилгээ дэвшүүлэв
     УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Монгол Улсад Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим үүсч байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан худалдаа, бизнес эрхлэгчдийг дэмжин тэдэнд туслах, эрх ашгийг нь хамгаалж, бизнесийн тааламжтай орчин бүрдүүлэхийн төлөө оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж ирсэн тус танхимын хамт олон болон гишүүн байгууллагуудын үе үеийн ахмад ажилтнууд, нийт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд УИХ-ын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүллээ.
УИХ-ын дарга мэдчилгээндээ, Монгол Улсад аж үйлдвэр, орчин цагийн газар тариалан, гадаад хамтын ажиллагаа, боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн бүхий л салбарын хөгжлийн хэрэгцээ, захиалгын дагуу 1960 онд байгуулагдсан Худалдаа, аж үйлдвэрийн танхим өөрийн хөгжлийнхээ үе шат бүрт тавигдаж байсан зорилтыг нэр төртэй биелүүлж ирснийг тэмдэглэхэд таатай байна.

Монгол Улсын төрөөс танхимыг байгуулагдсан цагаас нь эхлэн түүний боловсон хүчний чадавхи, материаллаг баазыг нь бэхжүүлэх, түүнчлэн үйл ажиллагааных нь тогтвортой, нэгдмэл байдлыг хангах, эдийн засгийн бодит салбарт үзүүлэх үйлчилгээг нь тодорхой болгох, төрийн зарим үйлчилгээг гүйцэтгүүлэх зэргээр үйл ажиллагааг нь дэмжиж ирсэн билээ. Улсын Их Хурал эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиг хандлага,  зах зээлийн харилцаа, ардчиллын үнэт зүйлсийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийг 1995 онд баталж, өнөөгийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлж өгсөн.

Худалдаа, аж үйлдвэрийн танхим нь бизнесийн үйл ажиллагаа, гадаад худалдаа, экспортыг дэмжих, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийг өөр хооронд нь холбох, олон улсын зах зээлд гарахад нь туслах, зах зээлийн сурталчилгаа хийх зэрэг олон талт  үйл ажиллагаа явуулж Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар  байна.

Тус танхим нь  экспорт, импортын барааны чанарын талаар магадлагаа гаргах,  арбитрын ажиллагаа явуулах, үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийг боловсон хүчин бэлтгэхэд нь туслалцаа үзүүлэх зэрэг хуулиар тогтоогдсон бүрэн эрхтэй. Эдгээр  бүрэн эрхээ  хэрэгжүүлэхдээ өнөөгийн тулгамдсан зорилт болоод буй гадаад худалдааны үр ашгийг дээшлүүлэх, үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүнээ борлуулах гадаад, дотоод зах зээлийг өргөжүүлэх, импортын, нэн ялангуяа хүнсний бүтээгдэхүүнийн чанарын баталгааг хангах,  бизнес эрхлэгчдэд шударга, тэгш зарчмаар үйлчлэх, бизнесийн засаглалыг бэхжүүлэхэд нь хүч чармайлт тавьж ажиллана гэдэгт итгэл дүүрэн байна хэмээн онцлон дурьдсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж