Ану 12 орноос тусламж авна

Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

Ану 12 орноос тусламж авна

АНУ Мексикийн буланд асгарсан газрын тос болон түүнтэй холбоотой гамшгийн үр дагаврыг арилгахад гадаадын 12 орноос тусламж авахаар шийдвэрлэснийг Төрийн департаментаас мэдээлжээ. Тухайлбал, Япон улс далайн гадарга дээрээс газрын тос цуглуулдаг нарийн технологи бүхий хоёр төхөөрөмжөө өгөх юм. Үүнээс урьд дэлхийн 30 гаруй орон, олон улсын байгууллагууд ослын үр дагаврыг арилгахад туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ.

АНУ-ын эрх баригчид зур­гадугаар сарын дундуур гадаадаас тусламж авна гэдгээ мэдэгдсэн боловч үүнээс өмнө эсрэг шийдвэр гаргаж байв. Тухайлбал, тавдугаар сарын 5-нд Төрийн де­партаментаас ослын үр дагавартай тэмцэхэд нь тусламж үзүүлэх тухай 13 санал ирсэн тул хэдхэн хоногийн дараа хариуг нь өгнө гэж байжээ. Гэтэл бүтэн хоёр долоо хоног чимээгүй байсны дараа өөрийн хүчээр шийдвэрлэнэ гэсэн хариу өгсөн юм. Харин нэг сарын дараа гадны тусламжийг талархан хүлээн авна гэдгээ мэдэгдлээ.

АНУ-ын эрх баригчид гадаад орны тусламжийг тун ховорхон хүлээн авдаг. Хамгийн сүүлд таван жилийн өмнө “Катрина” хар шуурганы дараа гадны тусламжийг хүлээн авахад хүрчээ. Тухайн үед Ж.Бушийн засаг захиргаа өөрсдийн хүчээр дөнгөнө гэсэн боловч хэрхэн ажиллаж байсан нь дотооддоо ихээхэн шүүмжлэлд өртсөн. Тий­мээс Вашингтон гаднаас санал болгож байсан   854 сая ам.долларын тусламжаас 126 саяыг хүлээн авсан юм.

“Алекс” нэртэй хар шуурга эхэлж, Мексикийн буланд гүйцэтгэж буй гамшигтай тэмцэх ажилд саад болох нь нэгэнт тодорхой болжээ. Баруун урд зүгээс АНУ-ыг чиглэн ирж байгаа шуурганы хурд цаашдаа 120 км/цаг болж, хүч нь улам нэмэгдэнэ гэж таамаглаж байна. Байгалийн энэ үзэгдлийн улмаас асгарсан газрын тос их хэмжээний газар нутгийг хамарч, байгалийг бохирдуулах юм.
Мексикийн булан дахь тэнгисийн ёроолоос газрын тос олборлож байсан “Deepwater horizon” тавцан өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-нд дэлбэрснээс нийт 11 хүн амь насаа алдсан. Ослын улмаас хоёр сар гаруй хугацаанд тэнгисийн усанд газрын тос асгарч байна. “Бритиш петролиум” компани осолд буруутай гэдгээ бүрэн хүлээж, газрын тос асгарах үйл явцыг зогсоохоор хэд хэдэн оролдлого хийсэн боловч амжилтгүй болсон. Одоо тус компанийнхан нэмэлт хоёр цооног өрөмдөж, газрын тос асгарахыг зогсоохоор оролдож байгаа юм. Энэ ажиллагааг наймдугаар сар гэхэд дуусгахаар төлөвлөжээ. 

Д.Мөнхболд

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж