Борооноор “Камертон”-той

Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

Борооноор “Камертон”-той

Таван жил тайзан дээр хамтдаа гараагүй Монголын номер нэг поп хамтлаг “Камертон” өчигдөр нэгдэж, фэнүүдтэйгээ төрсөн өдрөө тэмдэглэлээ. “Нийслэл” асарт улаан хивс дэвссэн байлаа. Үдэшлэгт оролцохоор ирсэн хүн бүхэн улаан хивсэн дээгүүр алхаж байлаа. Охид, бүсгүйчүүд хамгийн ганган, дэгжнээрээ ирцгээсэн нь нүд хужирлаж байв. Тавин мянган төгрөгний тасалбар худалдаж авсан үзэгчид тоглолтыг суудалгүй, зогсоогоороо үзсэн бол 100 мянгын тасалбартай хүмүүс VIP хэсэгт сууж, оройн хоол зооглож, виски ууж суусан. VIP хэсгийг энгийн хэсгээс олсоор тусгаарлаж, наагуур нь хамгаалалтын албаны ажилтангууд зогссон байлаа. Найман цагт гэж зарласан тоглолт лав нэг цагаар хожимдож эхэлсэн ч хүмүүс хаа очиж нэг их уйдсан шинжгүй байсан. Үзэгчдийн сэтгэлийг эхлээд циркийн үзүүлбэр, нэг жижиг лааз “Боргио” шар айргаар “халаалаа”. Энэ циркийн үзүүлбэрийн “халаалт” мэдээж Болд, Эбагийн эхнэр болох уран нугараач эгч дүү хоёрын санаа байх.  
21 цаг өнгөрч байхад тоглолт эхэллээ. “Камертон”-чууд төрсөн өдрийнхөө тоглолтын эхний дууг дуулж эхлэхэд л үзэгчдийн дундах атмосфер үнэхээр халуун болсон. Эхний дуу “Бид Камертон”. Үүнийгээ дуулчихаад тэд сэтгэл нь их хөдөлсөн бололтой “Сая судасны цохилт хэд хүрчихэв ээ” гэцгээж байв. Гоё байсан шүү. Мартагдсан хэрнээ мартаагүй танил дотно аялгуунууд. Үгнүүд нь хүртэл цээжинд байна. Хоёр дахь дуу “Гудамжинд”.


Гурвалжин навчис цасан дор хөглөрчихсөн
Гурван үгийг минь санагдуулан
Гудамжинд учирсан тэр охинд
Гуйж мөргөөд ч болов хайр гуймаар байна гээд л…

Хамтлагийн залуус Ганаагийн зохиосон нэг дуугаар тоглолтыг үргэлжлүүлэв. Дууны нэр нь “Та нар надад итгэхгүй л дээ”. Найзууд нь дуулахынхаа өмнө “Манай Ганаа нэг гоё охинтой танилцсанаа бид нарт ярьсан чинь бид нар итгэхгүй байсан юм” гэж хошигнож байлаа. “Та нар надад итгэхгүй л байх

Уруулынх нь тод улаан өнгө
Царайных нь тод хасын өнгө
Харцыг минь булааж зүрхийг минь зүслээ
Хаана нуугдаж надад харагдсан бүсгүй вэ чи?”…

гээд л. Нээрэн ч үнэний ортой байж мэдэх л юм.
Түүний араас дахиад л гоё дуу. Ер нь тоглолт бүхэлдээ л хит дуунаас бүрдсэн дээ.

“Чихэнд минь хоногшиж үлдээгүй
Чиний хуурамч инээдний төлөө
Урсах нулимс цас болж
Унасан дороо мөс болж
Чи хальтирна гэж бүү ай ,,,
Чи надаас өд болон хийсчээ
Чиний харах чинь гунигтай
Би мянган жил шаналжээ…”.

“Харууслын аяз”. Бараг хүн болгон энэ дуунд дуртай байх аа. Үзэгчид бүгд дагаж дуулж байсан.  
“Үнсэлцэх үү, яг одоо”, “Би чамд хайртай”, “Нулимсаа арч, охин минь” гээд л залуус бараг бүх дууг нь эхнээс нь дуустал дуулж байналээ. Сүүлийн таван жил соло уран бүтээл хийх болсон хамтлагийн гишүүд бүгд өөр, өөрсдийн дууг дуулцгаасан. Эхлээд Эба “Сэтгэл” дуугаа, дараа нь Мээдээ “Би чам руу нислээ” дуугаа дуулж, араасаа Ганааг тайзан дээр урив. Ганаа гарч ирээд “Би 97 онд ганц дажгүй дуу зохиосон юм. Хөөрхий тэр муу дуу маань л намайг олон жил тэжээлээ дээ” гэж хошигноод амжсан.

…Шиврэн гуниглах борооноор ганцаар
Шүхрээ барьсаар алхаж явахад
Шүүдэрт норсон даашинзны хормой чинь
Шүлэг болж сэтгэлд минь уянгалах юм
Зэрэгцэн суусан бидэн хоёрыг саран адислан таалаач
Зүүд зэрэглээ шиг амьдралын харгуйгаар зөвхөн би түүнтэй хамт явмаар байна…

гээд л Ганаа уянгалаг хоолойгоороо бүгдийг уяраасан.
Ганаа “Хүн амьдралдаа сайхан хайртай цөөхөн учирдаг. Би одоо дуулах гэж байгаа энэ дуугаа нэгэн сайхан хайрандаа зориулж бичсэн” гээд тэд “Хайрт минь” дуугаа дуулж эхлэв.

Үнэхээр чамд хайртай болохоор
Өвөл ногооноороо байдаг гацуур ч юм уу
Хайрт минь чамайг би санахаар
Хаврын шувууд шиг нисэн очмоор… Зоригтой Ганаа.

Үүний дараа тэд мөн л Ганаагийн зохиосон “Үнсэлцэх үү, яг одоо” дууг дуулцгаалаа. Дууны түүх нь их “хөөрхөн”. Эба Ганааг “Сэтгэлээ нээх хэрэгтэй, юмаа хэлээд бай” гэж хошигнох маягаар “хатгаад” авав. Тэгснээ найзынхаа өмнөөс “Нэг сайхан дурлаж, нэвт сүлбүүлснийхээ дараа зохиосон дуу” гэж тайлбар хийсэн нь хүмүүсийг их баясгана билээ. Дээр дурдсан үнэн сэтгэлийн хайр нь бүтээгүй болохоор Ганаа дараа нь илүү хөнгөн байдлаар харилцаанд хандахаар шийдэж энэ дууг зохиосон бололтой.

Түүний дараа “…Зүрхийг минь эзэмдсэн хайр минь
Зүүд зэрэглээ мэт битгий замхараач” гэж уянгалах “Зорин ирэх салхинд” дуугаа дуулсан. “June 24” цомогт багтсан, цомгийн хамгийн их хит болсон гэж Болдын хэлсэн энэ дууг хамтлагийн гишүүн Эба зохиосон гэнэ. Эба энэ талаараа “Би ч ер нь хамтлагтаа их цөөхөн дуу зохиосон ш дээ. Шөнө унтах гээд хэвтэж байхад энэ ая орж ирсэн. Тэгээд босч ирээд хөгжим дээрээ оруулж үзээд ноотнуудаа тэмдэглээд унтаад өгсөн. Шөнө зохиосон болоод ч тэр үү нэг тийм намуухан дуу болсон” гэж сонирхуулан ярьсан.

“B” продакшны отгон артист гэж өөрийгөө нэрлэх дуртай DZMan Дашзэвэг тайзан дээр гараад ирлээ. Тэр хамтлагийнхны төрсөн өдөрт “Би чамд хайртай” гэх дуугаа бэлдсэн гэнэ. Тэгснээ “Би чамд хайртай гэж ичингүйрэн хэлсэн
Би чамд хайртай гэж сандранхан хэлсэн”, тэгээд догдлонхон хэлсэн ч билүү нэг тийм шүлэг, дууны эрлийз “дуугаараа” үзэгчдийг инээдээр бялхаагаад авсан. Мая нэйм из ДиЗимэн… Зугаатай шүү. Хамгийн хөгжилтэй нь, дууныхаа дундуур “Саранхэ”, “Ti Amo”, “Je`taim”, “ich liebe dech” гэх мэтчилэнгээр “Камертон”-д хайр зарласан. Нийт есөн хэлээр хэлсэн гэсэн.
Тэгээд, “18 нас”, “Сартай шөнийн дуу” гээд л танил, дотно аялгуунууд хөвөрсөөр байлаа.
Алс холын Америкаас эх орондоо ирээд хэдхэн хонож байгаа “Sweetymotion” хамтлаг, продюсер Чинбатынхаа хамт тайзан дээр гарч ирсэн нь энэ үдшийн хамгийн том сюрприз байв. Тэднийг гарч ирэн дуулах үед бороо зөөлнөөр шивэрч байлаа. Сэтгэл догдлуулсан шиврээ бороонд “Emotion”-ны гурван бүсгүй ч тун эмоцитой дуулсан. Эх орондоо ирснээс хойш анх удаа тайзан дээр гарсан нь энэ учраас арга ч үгүй байх. Хамтлагийн гишүүн Болороо “Бид нарыг Хөгжим бүжгийн коллежид сурч байхад Камертоныхон манай дээд курсэд байсан. Эба, Ганаа хоёр манай продюсер Чинбаатай нэг ангийнхан. Энэ “ах нар”-ынхаа ачаар бид хэд анх удаа жинхэнэ микрофон гээчийг барьж үзэж байлаа” гэж дурсаад  “Бүүвэйл, хорвоо” гэх ээжийн тухай сайхан дууг “Камертон”-ны залуусыг төрүүлж өсгөсөн ээжүүдэд “хаяглалаа”.

…Бүсгүй хүний хоолой нь хө
Бүүвэйн дууны уянгатай билээ
Буурал хорвоо бүхлээрээ
Бүүвэйн дууны уянгатай билээ…
Ямар гоё байсан гээч. Нэг л тийм гоё оригиналь санагдсанаа заавал хэлмээр байна. Үнэхээр сэтгэл хөдлөм. Биен дотуур цахилгаан гүйдэл гүйгээд байгаа юм шиг тийм мэдрэмж… Ний нуугүй хэлэхэд, сүүлийн хэдэн жилд аахар шаахар эмэгтэй хамтлагуудаас аваагүй тийм л таашаал байлаа. Тэдний дараагийн дуу алдарт “Beegees”-ийн “Emotion” байв. Бүр гоё. Тайзны гэрэлд борооны дуслууд болор шиг цацраад л, “Emotion”-ны бүсгүйчүүд “Emotion” дууг жинхэнэ эмоцитой дуулж, үзэгчдийн сэтгэл хөдлөлийн “градус”-ыг шууд өсгөсөн. Браво, “Sweetymotion”.    
“Emotion”-ны бүсгүйчүүдийн дараа Камертончууд тайзан дээр чөлөөт бүжиг бүжиглэцгээж фэнүүдээ баясгасан. Үүний дараа төрсөн өдрийн бялуугаа задалцгаалаа. 15 настай “Камертон”-д “Талх чихэр” ХК-иас 15 метр урттай бялуугаар бэлэг барьжээ. Цагаан асар дотор тусгайлан зассан ширээн дээр 15 лаатай тэр бялууг Камертончууд задалж, фэнүүддээ хуваасан.
Бороо зогсчихож. Хэдийнээ шөнийн 01 цаг болсон байв. Тэдний амласан ёсоор төрсөн өдрийн үдэшлэг үүр цайтал үргэлжилсэн ч байж мэднэ. Биднийг гэртээ харихаар явахад “Нийслэл” асарт 15 настай “Камертон” фэнүүдтэйгээ хамт дуулж бүжиглэсээр, салют буудсаар үлдсэн.
Төрсөн өдрийн мэнд, Камертончууд аа. Та нарыг хамтдаа байхыг харахад сайхан байлаа. Хамтдаа хоолой нийлүүлэн дуулахыг чинь харах бүр ч сайхан байсан. 

Ж.Нандиа

Гэрэл зургуудыг энд дарж үзнэ үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж