Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Ч.Сангарагчааг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгаж байгаа билээ. Түүнийг төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглаж байна гэсэн мэдээллийг Авлигатай тэмцэх газрын зарим ажилтнууд Улсын ерөнхий прокурорын газарт өгчээ. Үүний дагуу өнгөрсөн сарын 8-нд Ч.Сангарагчаад эрүү үүсгэн шалгаж эхэлсэн байна. Түүнээс хойш тус байгууллагад янз бүрийн хардлага, сэрдлэг тэнүүчлэх болсон аж. Өөрөөр хэлбэл, даргынхаа талаар алтан хошуу өргөсөн цэргийг далдуур хайх ажиллагаа эхэлсэн гэх. Ийн ажилтнууд нь нэгийгээ хардсан, сэрдсэн нүдээр хяламхийлцэж, үг үйлдэл бүрээ хянасан өдрүүд үргэлжилж байтал зургадугаар сарын 28 буюу даваа гарагийн өглөө хоёр ч хэлтсийн даргын өрөөг лацадчихсан байв. Яав, ийв болтол Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас өрөөг нь битүүмжилсэн нь тодорхой болжээ. Энд нэг зүйлийг онцлоход Ч.Сангарагчаа даргыг шалгаж эхэлснээс хойш Ж.Батсайхан, С.Амарбат хоёрыг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд дуудаж байцаагаагүй аж. Тийм байтал өрөөг нь лацдаж байгаад, нэгжсэн нь өөрсдийнх нь хүсэлттэй холбоотой бололтой. Тодруулбал, зарим хэлтсийн дарга, ажилтнуудын өрөөнд чагнах төхөөрөмж тавьсан байж магадгүй сэжүүр илэрчээ. Тиймээс Ж.Батсайхан, С.Амарбат нар өрөөгөө шалгуулах хүсэлтийг өөрсдөө гаргасан аж. Хүсэлтийнх нь дагуу мөрдөн байцаах албанаас ажлын өрөөг нь битүүмжилж, шалгажээ. Харин өрөөнөөс нь ноцтой зүйл илэрсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч өчигдрийн байдлаар лацыг авч, дарга нар өрөөндөө тайван ажлаа хийж байгаа аж. Яагаад өрөөгөө лацдуулсан талаар Ж.Батсайхан, С.Амарбат нар мэдээлэл өгөхөөс татгалзав. Ж.Батсайхан өрөөг нь битүүмжилснийг ташаа мэдээлэл гэж булзааруулсан. Харин С.Амарбатаас дээрхийн талаар дахин тодруулахад “Өрөөг маань шалгаад, битүүмжийг нь суллачихсан байгаа. Би одоо өрөөндөө ажлаа хийж байна. Яагаад лацадсан талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. Ч.Сангарагчаа хэвлэлээр “Намайг улстөржүүлж шалгалаа. Манай ажилтнуудын ажлыг хийлгэхгүй байна” гэж мэдэгдсэн байхад хэлтсийн дарга нар нь өрөөгөө битүүмжилсэн шалтгааныг тэгтлээ нууцалж, мэдээлэл өгөх боломжгүй гэж байгаа нь эх сурвалжуудын өгсөн дээрх мэдээллийг батлах мэт. Мөн Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаа уржигдар хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр “Төсөв хөрөнгийг зарцуулдаг, гарын үсэг зурдаг эрх бүхий төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн ерөнхий менежер хүмүүс л төсөвтэй холбоотой зүйлийг нааш, цааш болгодог. Энэ хүрээнд л асуудал яригдана” гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, шалгаж байгаа хүмүүсийнхээ талаар тов тодорхой мэдээлэл өгсөн. С.Амарбатын ахалдаг хэлтэс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу авлига, албан тушаалтай холбоотой хэргүүдийг шалгах үндсэн үүрэгтэй. Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс ерөнхийдөө хөрөнгө, орлогын мэдүүлэг хариуцаж ажилладаг. Тиймээс дээрх хоёр албан тушаалтан төсөв захиран зарцуулахад гар бие оролцох ажлын үүрэг, эрхгүй гэсэн үг. Нэгэнт төсвийн хөрөнгийг үрэн таран хийсэн хэрэгт оролцох нөхцөл, боломжгүй байхад тэднийг Ч.Сангарагчаатай хам хэрэгтэн болгон байцаасан гэх үндэслэлгүй. Ж.Батсайхан, С.Амарбат нарын өрөөг битүүмжилсэн талаар асуусан сэтгүүлчдийн асуултад Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Л.Болд “Өнөөдрийн байдлаар үүн дээр ажиллагаа явуулж байгаа учраас дараа хариулъя. Одоо ярих боломжгүй” гэж хариулсан.
Ч.Сангарагчааг Эрүүгийн хуулийн 273 дугаар зүйлд зааснаар шалгаж байгаа аж. Төсөв захирагч төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулснаас болж их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг нь хоёр жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 2-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж дээрх хуульд заажээ.
Хэрвээ эх сурвалжуудын мэдээлснээр Авлигатай тэмцэх газрынхан нэгийгээ тандаж, чагнахыг оролдсон бол Ч.Сангарагчаа даргад нэмж ёс зүйн хариуцлага тооцох учиртай. Хуулийн байгууллагад 30 гаруй жил ажиллаж байгаа хашир хуульч байж ус үзэлгүй хормой шууж, ажилтнуудаа хардаж, тандах нь бүдүүлэг хэрэг. Чагнах төхөөрөмж тавиагүй байсан ч тийм хардлага гаргахад хүргэсэн нь Ч.Сангарагчаагийн хувьд байж болшгүй үйлдэл байлтай. Түүний талаар ажилтнууд нь ч бай, жирийн иргэн ч бай мэдээлэл өгсөн л бол хуулийн дагуу шалгуулах үүрэгтэй. Авлигатай тэмцэх газар “Авлигатай тэмцэж, шудрага ёсыг тогтоон, хөгжил дэвшилд хүргэнэ” гэсэн уриатай. Авлигатай тэмцэхэд иргэн бүрийн оролцоог чухалчилдаг байгууллагынхан өөрсдөө мэдээлэл өгсөн нэгийгээ хайж, сурч байгаа нь хачирхалтай.
Ц.ӨЛЗИЙДЭЛГЭР
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин