Газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан борлуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо. Тус байнгын хороогоор эл асуудлыг хэлэлцэх шатанд анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасныг чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 75 хувь дэмжиж, тогтоолын төслийг 78 хувийн саналаар баталлаа. Мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, тус бүр баталлаа.
Харин “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлтэй хамт өргөн баригдсан Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санал хураалтын шатанд маргаан дэгдээв.
Учир нь дээрх хуулийн төслийг өмнө нь Төсвийн байнгын хороогоор авч хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Д.Зоригт “Хүний хөгжил сангийн тухай хуулийг УИХ-аар олон талаас нь хэлэлцэж, дахин өөрчлөлт оруулахгүй байхаар өндөр босго тавьж баталсан. Гэтэл дэд бүтцийн салбарт хөрөнгө зарцуулахын тулд Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах нь зохисгүй гэжээ. Мөн УИХ гишүүн Н.Батбаяр “Хүний хөгжил сангийн тухай хууль нь хүний хөгжлийг дэмжих зорилготой, гэтэл уг зарчмыг өөрчилж, хууль хэрэгжиж эхлэнгүүт өөр зорилгоор сангийн хөрөнгийг зарцуулахаар хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа нь зохисгүй. Дэд бүтцийн салбарт хөрөнгө зарцуулах шаардлага байгаа ч Засгийн газраас оруулж ирсэн арга нь буруу. Арга нь буруу учраас хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх шаардлагагүй гэсэн санал бас гаргажээ. Гэтэл Сангийн сайд С.Баярцогт “Улсын төсөвт татварын орлогоос өөр төвлөрөх орлого байхгүй. Ашигт малтмал, уул уурхайн салбараас хуримтлагдах орлого нь энэ санд төвлөрч байгаа тул хөрөнгө оруулалтын зардлыг Хүний хөгжил сангаас зарцуулахаас өөр шийдэл байхгүй” гэж бас эсрэг санал гаргаад байсан аж. Энэхүү зарчмын зөрүүтэй саналуудаар байнгын хорооны хуралдаанд оролцогчдоос санал хураалгахад Засгийн газрын талд гаргасан санал унажээ. Тиймээс чуулганы энэ өдрийн хуралдаанаар төслийг хууль санаачлагчдад нь буцаах гэсэн томъёоллоор санал хураалгахад нийт гишүүдийн 63.3 хувь нь эсрэг кноп дарж, маргаан дагуулав. Өөрөөр хэлбэл, байнгын хорооны хуралдаанд унагасан саналаа энэ удаагийн чуулганы хуралдаанаар “сэргээчихсэн” нь ийнхүү маргаан дагуулсан юм.
Эцэст нь УИХ-ын даргын шийдвэрээр УИХ-ын Тамгын газрын байр суурийг сонсвол “Дэгээрээ анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн төслийг байнгын хороо дэмжихгүй байж болно. Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон 14 гишүүний долоо нь хуулийн төслийг буцаах санал өгч, асуудлыг гуравны хоёрын саналаар шийдсэн байна. Харин чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 31 нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн учраас дэгийн дагуу хуулийн төслийг анхны хэлэлцүүлэг хийлгэхээр байнгын хороонд шилжүүлэх ёстой” гэсэн тайлбар хийсэн юм. Ингээд хуулийн төслийг Төсвийн байнгын хороонд шилжүүлж, анхны хэлэлцүүлэг хийлгэхээр болж, шийдвэрлэлээ. УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн бол үдээс хойшхи хуралдаан дөнгөж сая эхэллээ.
Г.Дарь