Өнөөдөр долдугаар сарын 1. Энэ өдөр монголчуудын хувьд цус асгаруулсан аймшигт өдрөөр төсөөлөгддөг болоод хоёр жил өнгөрчээ. Хоёр жил. Харвасан сум шиг хурдан өнгөрч. Эл аймшигтай хар өдрөөс 53 жилийн өмнөх мөн л энэ долдугаар сарын 1-нд Монголын ард түмний хувьд нэгэн эрхэм хүмүүн хорвоод мэндэлсэн байдаг. Тэр бол Э.Бат-Үүл…
Ардчиллын үнэт зүйлс нүдний минь өмнө хямдарч байгааг харах болгондоо хачин сондгой нэртэй энэ л эрхмийг санадаг болсоор уджээ.
УИХ-ын чуулганы танхимд Монгол Улсын хэтийн хувь заяа, тусгаар тогтнолтой холбоотой асуудлаар парламентын гишүүд өөр зуураа маргалдаж байхад “Э.Бат-Үүл байгаа л байгаа даа” гэж өндийж нэг харчихаад байж байвал санаа амардаг билээ.
Хааяахан хэвлэн нийтлэх эрх чөлөөгөөр агаар мэт дутахдаа, буруу юмыг хараагүй юм шиг таг дуугүй сууж үзгээ ханцуй дотроо атгахдаа, үнэнийг бичсэнийхээ төлөө амь насандаа халтай заналхийлэл сонсох бүртээ Э.Бат-Үүл гишүүнээс “20 жилийн өмнө авчирч бидэнд өгсөн гэх өнөөх ардчилал чинь энэ үү” гэж асуумаар санагддаг. Ардчилал гэдгийг тэр л хамгаалах ёстой юм шиг, ардчиллын үнэ цэнийг тэр ганцаараа мэдэх шиг, шударга бусыг ганцхан тэр л гэсгээх юм шиг, ардчилал алдагдаж болохуйц аюул тулгарахад түүнд ховлочихвол бүх юм сайхан болох юм шиг бодож бүүр дасчээ. Хэрвээ Э.Бат-Үүл байгаагүй бол гэж бодохоос хүртэл аймаар. 20 жилийн өмнө алган дээр минь тавьж өгсөн тэр ардчиллыг одоо бүрмөсөн гүйцээж нэгмөсөн дархалж авмаар санагдана. Төрийн албыг ил далд наймаалцаж байгаа олигархиудыг бид харсаар байна. Э.Бат-Үүлийг байгаа болохоор тэд бас ч танагтай байгаа. Ард түмний, ардчиллын амьд домог, үнэнч харуул болсон Э.Бат-Үүлтэй хамт одоо ардчиллын дараагийн алхмыг гүйцээж алхмаар.
2004 оны сонгуулиар УИХ-д хүчний харьцаа тэнцэж зөвшилцлийн Засгийн газар байгуулагдаж билээ. Ардчилсан намын гишүүд МАХН-ын бүлэгт арга буюу орж хамтарч ажиллаж байсан тэр өдрүүдэд өнөөх л Э.Бат-Үүл ардчиллын буурийг сахисаар үлдэж билээ. Ерөнхий сайдад хамгийн хатуу үгийг тэр л хэлж чаддаг байсан. Түүний үг бас үнэн байсан.
Мөдхөн өнөөх бүлэг задарч Ардчилсан нам дахин ханаа дугуйлж билээ. Өнөөгийн Ерөнхийлөгч тэр үеийн Ерөнхий сайдын албан тушаалаас хоёр дахь удаагаа огцрохдоо нэгэн үг хэлсэн нь огтоос мартагдалгүй өнөөг хүрч. Хүмүүс түүний “Бид олуулаа болоод эргэж ирнэ ээ” гэсэн үгийг л анзаарсан байсан. Харин Цахиагийн хүү “Ардчиллын үйл хэрэгт гурвалсан морь шиг зүтгэж явсан миний дотны анд хамгийн үнэн үгийг хэллээ. Баярлалаа” гэсэн юм. Энэ бол Э.Бат-Үүлд зориулсан үг байлаа. Түүнийг хичнээн зэмлэж хорьж байхад тэр үгэнд нь ороогүй. Гэхдээ эцсийн мөчид найздаа хандаж УИХ-ын танхимд Ерөнхий сайдын сэнтийгээс ингэж л хэлсэн. Сонсоод Үүл гишүүний өмнөөс хоолой зангирч билээ. “Гурвалсан морь шиг зүтгэж явсан…” гэж Элбэгээ гоё хэлсэн. С.Зориг, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж гурав шүү дээ. Одоо нэг нь байхгүй. Хоёулхнаа байж үгэнд нь ороогүй гэсэн утга дайж, бас битүүхэн уучлал эрсэн ч байж мэдэхээр торгон мэдрэмжтэй гоё үг. Намынхан нь МАХН-ын бүлэгт орсон тэр саруудад Үүл гишүүн хичнээн ганцаардаж байсныг мэдэхийн хувьд хоолой торохгүй өнгөрч чадаагүй л юм. Гэтэл энэ жилийн УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр Монгол Улсын баатар Э.Бат-Үүлийн найз Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр мөн л үзэл санаа зөрөв. Нэг нь хувьсгал хийх хэрэгтэй гэнэ, нөгөө нь үгүй гэнэ. Ам ажил зөрөх тохиолдол байдаг ч алсын хараа, амьдралын харгуй зөрдөггүй журмын нөхөд. Үүл баатар одоо Тавантолгойг олигархиудад өгөхгүйг хичээж, тэдний зүгээс зөрүүлэн шидсэн үгэн мэсэнд сийчүүлэх шахан зүтгэж явна.
Энэ эрхэм тэртээ 1957 оны зун Богд уулын Хүүшийн аманд зусч байсан С.Эрдэнэ баавайн эсгий гэрийн хамгийн том хогшил болох цагаан толгойтой төмөр орыг дүүргэж энэ орчлонд ирсэн гэдэг. Нэг их чарлаа дуутай амьтан ээж, аавыгаа байтугай тэр хавийнхныг унтуулдаггүй орилоо дээрээ бас эхийн хэвлийгээс хоёр сар дутуу байхдаа мэндэлсэн гэж байгаа. Юундаа тэгж яарч ээрч, хурган орилж бахирч ирсэн нь хожмоо тайлагдсан учиртай гэж бодном. Хүүшийн амнаас хоёрдугаар төрөх рүү унадаг дугуйгаар хоёрыгоо эргэх гэж дандаа давс нь ихэдсэн хоолшуу юм зөөдөг байсан тухайгаа ардын уран зохиолч С.Эрдэнэ гуай дурссан байдаг юм. Хорвоод ирэхдээ хүртэл ийм хачин жигтэй ирсэн тэр гайхал хүү өнөөгийн Монголын ард түмний цугаар таних Э.Бат-Үүл байж. Хожим нь 1990 оны хавар аавыгаа Дорнод аймгийн Чойбалсан хотын “Хэрлэн” буудалд хаврын хавсарганаар усан нүдлүүлж эрээг нь барж, ээжийгээ “Мартын 8”-наар утсаар улс амьтанд хараалгуулж нойргүй хонуулж явсан гавьяа бас түүнийх. Дорнод аймгийн хөгжимт драмын театрын захиалгаар жүжиг бичих гээд цаас үзэг дэлгэж суусан аавдаа Монголын радиогоор Улс төрийн товчоог огцруулахаар хэдэн залуу Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлан хэвтэж байгаагийн дотор Эрдэнийн Бат-Үүл гэдэг нэрийг сонсгож чадсан сайн хүү. “Ай муу… Эхийгээ бодоосой хар тэнэг чинь. Одоо яанаа… хэдэн банди өлсгөлөн зарлалаа гээд огцордог улс төрийн товчоо байвал ч…” гэж эцгийгээ хямрааж дараахан нь “Цаг ирвээс… Цаг нь ирсэн юм биш байгаа. Би хэн билээ. Бат-Үүл хэн билээ” гэж бодуулан ховорхон гардаг эр нулимсыг нь сул асгуулсан хувьсгалын партизан.
Дараа… дахиад л Улс төрийн товчоотой хэлэлцээрийн ширээний ард сууж эцгээ, эхээ уйлуулан байж Монголын ард түмнийг ч бас гайхуулан байж коммунист дэглэмийг түлхэн унагаж ардчиллыг авчирсан Э.Бат-Үүл.
Түүнээс хойш 20 жил өнгөрчээ. Цаг хугацаа, түүхийн тоос зузаарч олон юм хувьсан өөрчлөгдсөн байна. Тэр дундаа хүн гэдэг амьтан үзэл бодлоороо байнга өөрчлөгдөж нэг харахад бурхан шиг, нөгөө үзэхэд буг шиг болтлоо хувирах аж. Тэд энэ хувирлаа улс төр гэж хамгийн энгийнээр тайлбарласаар. Бид ч түүнд нь дасч орхиж дээ. Харин ганц хүн л өөрчлөгдсөнгүй. Эгээ л нөгөө энгийн зангаараа элдэв маяггүй, улс төрийн бүлэглэл дагаж давхилгүй, сайдын суудал булаалдаж нүүрээ ширлэлгүй хэвээрээ үлдэж. Зөвхөн тас хар байсан үс нь цал буурал болж. Он цагийн хэлхээс духанд нь хээгээ зурж бас амжжээ. Мөнхийн харуулд зогссон цэрэг эр шиг, ардчиллыг дархлан хамгаалж амь насаа өгөхөд ч бэлэн хэвээр нүд цавчилгүй харсаар, хайрласаар 20 жил болж. Энэ хүнд гадаад оронд явж сурах, амьдрах асар их боломж байв. Ардчилсан нам 2000 онд парламентын сонгуульд ялагдаж бараг цугаараа АНУ болон бусад улс оронд мэргэжил дээшлүүлэхээр одсон билээ. Э.Бат-Үүл ч бас явж гэнэ.
Дөнгөж хилийн дээс алхмагц нь үнэмлэхүй олонхи МАХН Газрын тухай хуулийг батлахаар хэлэлцэж эхлэх нь тэр. Манай хүн яахав тариаланчдад газрыг нь үнэгүй хувьчлуулна гээд буцаад онгоцонд суучихсан гэж байгаа. Монголдоо буцаж ирээд тракторчдын цуглааныг зохион байгуулж тэдний эрхийг хамгаалсныхаа төлөө цагдаад ч, эрх баригчдад ч “бороохойдуулж” билээ. Түүний дотны найз хамтран зүтгэж явсан С.Зориг агсныг нь алсан хэрэгт хилсээр гүтгэж “Ганхудаг”-т хорьж бас дөнгөсөн л юм. Гэвч үнэн, агуу их үнэн түүнийг яллаагүй. Тэр шоронд биш ард түмнийхээ дунд гэхдээ бүр парламентын гишүүний хувиар төр түших эрхтэй гэдгийг цагийн зүүтэй өрсөн байж харуулсан юм. “Бат-Үүл алуурчин” хэмээн улай үзсэн хэрээ шиг эрх баригчдын даалгавраар шуугиж байсан шар хэвлэлүүдэд тэр “Намайг гүтгэх тэр эрх чөлөөнийх нь төлөө би тэмцэнэ” гэж амласан. Амлалт нь үнэн байсан. Бүтэн дөрвөн жил эрх чөлөөгөө гинжлүүлсэн Монголын радио, телевиз рүү бас л бороохойдуулан зодуулан байж орж эфирийг нь нээлгэж билээ. Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн хуулийг батлуулсан. Бас одоо Мэдээллийн эрх чөлөөний хуулийг батлуулахын төлөө зүтгэж л явна. Монголын ард түмэнд үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх оюун санааны тэр эрх чөлөөг нь заавал үлдээж өгнө хэмээн боддог ч биз. 2008 оны долдугаар сарын 1. Түүний төрсөн өдөр. Гэвч энэ өдөр Монголын түүхэнд цусан улаанаар тэмдэглэгдэв. Төр нь ард түмнээ буудаж Ерөнхийлөгч нь онц байдал тогтоов. УИХ-ын онц чуулганыг хуралдуулахаар зарлав. Бие биедээ өшсөн хоёр намынхан хоорондоо хэрэлдэж дахин цуст мөргөлдөөнд турхирч мэдэхээр байсан юм. Яг энэ мөчид дахиад Э.Бат-Үүл ирэв. Дахиад л Бат-Үүл дуугарав. Тэр чуулганы хуралдааныг хаалттай хийлгэх горимын санал гаргалаа. Ингэж улс төрд, бүр Монголын ардчилалд учрах байсан бодит аюулыг хаалттай болгосон гавъяа бас түүнийх.
Нэр шигээ хачин сондгой ганцхан хувь энэ хүн тохиолдлоор нэг төрөөгүй нь лавтай. Эхийн хэвлийгээс тэгтлээ яарч гарсны учир ардчилсан хувьсгалыг эхлүүлэх л гэж арван сараа ч тэвчилгүй адгаж төрөө юм биз. Тэгээд ч дутуу төрсөн нэгний илүү үйлийг эдэлж бас яваа байлгүй. Э.Бат-Үүлээ гэж… Ганцхан хувь тохиох энэ хүнээр Монголын ардчиллыг шагнасан байж мэдэх юм. Тийм л байх болтугай. Үүл баатар танд төрсөн өдрийн мэнд хүргэе.
Л.МӨНХБАЯСГАЛАН
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин