Бизнесийн дүрмээ боловсронгүй болгоё | News.MN

Бизнесийн дүрмээ боловсронгүй болгоё

Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

Бизнесийн дүрмээ боловсронгүй болгоё

Бизнесийн дүрмээ боловсронгүй болгоё
Өнөөдөр төрийн ордонд “Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тогтолцооны шинэтгэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт Ерөнхий сайд С.Батболд оролцож үг хэлсэн юм. Ерөнхий сайдын уг хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь нийтэлж байна.
Хатагтай ноёдоо, Зочид төлөөлөгчидөө,

Энд хуран цугласан та бүхний энэ өглөөний амрыг эрэн мэндчилье. Энэхүү уулзалт, хэлэлцүүлгийг Монгол Улсын засгийн газартай хамтран зохион байгуулж байгаа Олон улсын санхүүгийн корпорацид талархлаа илэрхийлье.

Төрийн зохицуулалтыг оновчтой болгох үйл ажиллагаа тасралтгүй явагдах ёстой процесс юм. Шинэ төрлийн аж ахуйн үйл ажиллагаа, салбарууд байнга үүсч хөгжин техник, технологи үсрэнгүй шинэчлэгдэж, бизнесийн цар хүрээ улам өргөжиж байхад хуучин хууль, дүрэм, стандарт, төрийн зохицуулалтын арга хэрэгсэлүүд амьдралаас хоцорч, хөгжлийн саад бэрхшээл болж хувирдаг тохиолдол олон байна. Хэдийгээр бид нийгэм, эдийн засгийг шинэчлэж, чөлөөт зах зээлд шилжих шилжилтийг эхлүүлээд 20 жил болж байгаа ч түүнээс олон жилийн өмнө баталсан, төлөвлөгөөт эдийн засгийн үед ч хэрэглэж байсан зарим дүрэм, журам, заавар одоо болтол хүчингүй болоогүй л байна.

Гэтэл энэ хугацаанд амьдрал хэрхэн өөрчлөгдсөнийг бид бүхэн сайн мэдэж байгаа учир бизнесийн орчныг зоригтой шинэчлэх, амьдралд нийцүүлэх, хөгжилтэй орнуудын түвшинд ойртуулж боловсронгүй болгох шаардлагатай байгаа юм. Өнөөгийн даяаршсан дэлхийд бизнес эрхлэх орчин боловсронгүй байх нь аливаа улс орны өрсөлдөх чадвар, цаашилбал түүний хөгжил, амьжиргааны түвшинг тодорхойлдог амин чухал үзүүлэлт, шалгуур болоод байна.  Иргэдийн амьжиргааг хангалуун байлгах, ажлын байрыг нэмэгдүүлэх, цалин орлого, бүтээмжийг нь өндөр байлгахын тулд хувийн хэвшлийн үйл ажиллагааны зохицуулалт, шинэчлэлтийг уян хатан, алсыг харсан бодлоготой, зоригтой хийх шаардлагатай юм.

Дэлхийн олон улс оронд бидэнтэй адил саад бэрхшээл тулгардаг бөгөөд түүнийг шийдвэрлэсэн сайн туршлага, ололт амжилт, үлгэр жишээ авах зүйл их байна. Тухайлбал, Австрали улсад бизнесийг шинээр эхлэхэд ердөө нэг хоногийн дотор хоёр алхамаар л компанийг байгуулж байна.

Зах зээлийн эдийн засагт эргэлт буцалтгүй орсон манай улс хууль, эрх зүйн орчин, бизнесийн дүрэм, журмаа боловсронгүй болгож, хувийн хэвшлийн бүтээлч үйл ажиллагааг дэмжиж хөгжих зайлшгүй шаардлагатай тулгараад байна.  Монгол Улсын өрсөлдөх чадварыг сайжруулах, бизнес эрхлэх зардлыг бууруулахын тулд бид төрийн зохицуулалтын дэлхийн тэргүүний стандартыг нэвтрүүлж байж бид Монгол Улсаа хөгжүүлнэ.

Иймээс хөгжлийн хөдөлгүүр болсон хувийн хэвшлийн үйл ажиллагааг хурдасгаж идэвхижүүлэхийн тулд миний бие Үйлдвэр Худалдааны сайдаар ажиллаж байхдаа 2005 оноос төрийн хүнд суртлыг багасгах, аж ахуй эрхлэх үйл ажиллагааны эрх зүйн орчинг сайжруулах, хуучирсан олон дүрэм, журмыг хүчингүй болгох, цөөлөх, хувийн хэвшлийн бүтээлч үйл ажиллагааг төрөөс бодитойгоор дэмжих үйл ажиллагааг эхлүүлж байсан. Зах зээл байнга хөгжиж байдаг тул төрийн зохицуулалтыг боловсронгүй болгох үйл ажиллагаа мөн тасралтгүй явагдаж байх естой.

Ийнхүү тусгай зөвшөөрлийг цөөрүүлэх, төрийн байгууллагуудын хүнд суртлыг багасгах, хуучирч хоцрогдсон хууль, тогтоомж, дүрэм, журмуудыг хүчингүй болгох өмнөх туршлагтаа үндэслэн Монгол Улсын Засгийн газар 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарласан бөгөөд энэ жилийн хугацаанд бүхий салбаруудад аж ахуйн үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох, түүнийг зохицуулж байгаа хууль, тогтоомж, эрх зүйн бусад актыг хянан үзэж боловсронгуй болгох үүрэг бүхий ажлын хэсгийг Монгол Улсын Шадар сайдаар ахлуулан байгуулж, удирдамжийг нь батлан ажиллаж байна.

Манай Засгийн газраас санаачилан Цахим гарын үсгийн тухай хуулийн төслийг шинээр боловсруулж, Нотариатын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хуулийн этгээдийг үүсгэн байгуулж улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийн маягтыг нотариатаар сайн дураараа батлуулдаг байхаар нэмэлт, өөрчлөлт оруулахаар, Компанийн тухай хуульд “Хуульд өөрөөр заагаагүй бол хязгаарлагдмал хариуцлагатай компанийг бүртгэх өдөр түүний өөрийн хөрөнгө нь эрх бүхий байгууллагаас гаргасан компани байгуулах шийдвэр, компанийн дүрэмд заасан хэмжээнд байхаар” өөрчлөлт оруулахаар, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгүүдийг онлайн хэлбэрт шилжүүлж, нэг цэгийн үйлчилгээгээр болгохоор ажиллаж байна.

Мөн барилгын салбарт тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг нэг цэгийн горимд шилжүүлэн, зөвшөөрлийн тоог бууруулах талаар ажиллаж байна. Эд, хөрөнгийн эрхийн бүртгэлийн мэдүүлгийг онлайн болгох, үйлчилгээний хөлсний хэмжээг бууруулж 128 нэр төрлийн үйлчилгээнд хураамж авч байгааг багцалж, нэгтгэн 53 үйлчилгээ болгон багасгасан. Тухайлбал, 20 нэр төрлийн хураамж байсныг нэгтгэн 8 болгон багасгах, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээний хөлсийг 50 хувь бууруулж 0,05 хувь болгох, зарим үйлчилгээг хураамжгүй болголоо.
Хэдийгээр бизнесийн орчинг сайжруулах ажил явагдаж байгаа ч үүнийг эрчимжүүлэх талаар төрийн байгууллагууд, яам, агентлагуудын идэвхи, санаачилга хангалттай биш байна. Хууль, эрх зүйн орчинг боловсронгүй болгох, дүрэм журмыг цэгцлэх, хүнд суртлыг бууруулах тал дээр хэсэгчилсэн бус, бүх байгууллагуудад цогц ахиц, дэвшлийг гаргах хэрэгтэй байна.

Иймээс нэгдүгээрт, 2010 оны наймдугаар сард багтаан яам, агентлаг болгон төрөөс зөвшөөрөл олгох зайлшгүй шаардлагатай үйл ажиллагааны жагсаалтыг гаргаж холбогдох ажлын хэсэгт ирүүлэхийг;

Хоёрдугаарт, зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа зөвшөөрлийн мэдээллийг холбогдох яамдын төрийн нарийн бичгийн дарга нарт Засгийн газарт 2010 оны аравдугаар сард багтаан танилцуулах; мэдээллийг заасан хугацаанд ирүүлээгүй тохиолдолд зөвшөөрлийг хүчингүйд тооцохыг;

Гуравдугаарт, жагсаалтанд орсон зөвшөөрлүүд шаардлагатай эсэхийг 2010 оны арванхоёрдугаар сард багтаан нягтлахыг ХЗДХЯ-нд даалгаж зөвхөн шаардлагатай зөвшөөрлийн жагсаалтыг батлаж, бусдыг нь хүчингүй болгох шийдвэрийн төслийг Засгийн газарт танилцуулах, тухайн үйл ажиллагаа нь Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид заасанчлан нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй, тодорхой нөхцөл, нарийн мэргэжил шаардахгүй тохиолдолд төрөөс зөвшөөрөл олгох шаардлагагүй гэсэн чиглэл баримтлах үүрэг өгч байна.

Засгийн газрын тэргүүний хувьд бизнесийн орчны шинэтгэлийн жилийн төлөвлөгөөний зорилтуудыг, түүний дотор төрөөс олгох зөвшөөрлийн жагсаалтыг тоог цөөрүүлж батлуулах ажлыг, холбогдох яам, байгууллагуудын удирдлагууд даалгавар болгосон цаг хугацаанд биелүүлэхийг өөрийн албан тушаалаар шууд хариуцахыг мэдэгдье.

Хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж