
Асуултын тэмдэгний эзэн Крис Бош байх уу эсвэл Амаре Стадмайр байх уу гэдэг дээр удахгүй хариу гарах гэж байгаа бололтой. “Хит” багийн ерөнхийлөгч Пэт Райли болон багийн албаны хүмүүс Амаре Стадмайртай уулзалдахаар зэхэж буй гэнэ. Манай цагаар баасан гаригийн өглөө. “Майами Хит” Стадмайрт өгөх цалингийн зайтай бол бусад багууд хэдийгээр хүсч байгаа ч солилцоонд өөр тоглогч оруулах бодолтой байгаа учир бараг биелэхгүй биз. Дээрээс нь тэдэнд Двейн Уэйд байхгүй.
Багийн дасгалжуулагч Риверсийг багтаа үлдээхээр болсон Дэнни Эйнж зодог тайлахаар шийдсэн Рашийд Уоллесийн гэрээг бусад багуудад наймаалцах бодол байгаа гэнэ. Эхний жилд 6,3 сая, дараа жил нь 6,7 сая ам.долларын хоёр жилийн гэрээг сонирхох багууд их байх нь гарцаагүй. Мэдээж хүчтэй чөлөөт агентийн анги үүсч байгаа энэ нөхцөлд. Тэгээд дээрээс нь Рашийд Уоллес тоглохгүй учир харин ч амар. Зүгээр л багтаа хэрэггүй болсон тоглогчоо бусад багууд “Бостон” руу илгээж зургаан сая ам.доллараа хэмнэх боломжтой гэсэн үг.
Харин Кори Маггеттиг багтаа авчирсан “Милваки Бакс” ирэх жил амжилт үзүүлэх эсэх нь талбай дээр хэрхэн тоглогчдоо тоглуулахаас хамаарах болж байх шиг. Майкл Редд, Магетти, Женнингс, Делфино. Тэгээд дээрээс нь Жон Салмонс. Чөлөөт агент болох Салмонс багтаа үлдэх төлөвтэй байгаа гэнэ. Ирэх жил бэртэлгүй бол “Бакс”-ын сэргэн мандалт байх нь ойлгомжтой болж байх шиг.
Ричард Жеферсон амжилт муутайхан өмссөн “Сан Антонио Спөрс” багийнхаа өмсгөлийг тайлахаар шийджээ. Тэрбээр үлдсэн 15 сая ам.долларын нэг жилийн гэрээгээ цуцалж чөлөөт агент болох гэж байна. Гол нь олон жилийн гэрээг хүсч ахмад довтлогч ийнхүү эрхийн дагуу гэрээгээ цуцалж байна.
Харин “Мемфис”-ийн лидер Руди Гэйг баг нь их л өндөр үнээр авахгүй бол “Нэтс”, “Тимбервулвес” авах талаар хөөцөлдөж байгаа гэнэ. За бараг л “Цөөвөр чононууд” авчих биз дээ.
“Вашингтон Визардс” багийн мэргэн бууч Майк Миллер “Никс”-ийн өмсгөлийг өмсөх боломжтой юм байна. Түүний араас тус багийн удирдлагууд явж байгаа мэдээлэл байгаа бөгөөд дундаж үнэтэй олон жилийн гэрээг хийж магадгүй.
“Портланд” залуу тоглогч Уэсли Матиусыг онилоод байгаа бөгөөд рүүки жилдээ тэсэрсэн хамгаалагчийг сэлгээний тоглогчоо болгох гэж байх шиг.
Харин Брэндон Хэйвүүд “Маверикс”, “Кавалиерс”, “Хит” багуудтай уулзалт хийхээр товлоод байгаа гэнэ. Чөлөөт агент болсон Хэйвүүд Далласт сэлгээнээс тоглолтонд оролцож байсан ч ирэх жилээс гарааны тоглогч болох нь гарцаагүй. Гэхдээ одоо бага зэрэг мөнгөтэй болох хэрэгтэй биз. Яагаад гэвэл энэ гурван багаас гадна “Наггетс”, “Никс”, “Буллс”, “Рапторс” хамгаалалт сайтай төвийн тоглогчийг сонирхож байна.
Ийрл Уатсон “Лейкерс”-ийн сэлгээний холбон тоглогч болж магадгүй байна. Лос Анжелес хотод амьдардаг учраас тэрбээр тус хотын багт тоглох хүсэлтэй байгаа. Бас тэгээд аварга болоод үзэх бодол тээж байгаа нь гарцаагүй. “Лейкерс” ч түүнийг авч болох бөгөөд эсвэл Стив Блэйксийг сонирхож байгаа гэнэ. Фишер чөлөөт агент болж үлдэх нь гарцаагүй биз. Тэгэхээр Фармар, Браун, Фишер дээр нэмээд холбон тоглогч авч яах гэж байгаан бол доо. Эсвэл өөр зүйлд бэлдээд байна уу?
Жой Жонсон чөлөөт агент болох болсон ч баг нь түүнд зургаан жилийн 119 сая ам.долларын гэрээг санал болговол үлдэх нь гарцаагүй биз. Дундаж төвшний тоглогчид боломжийн л урт хугацааны гэрээ. Багийн зүгээс өгч чадах дээд талын хэмжээ нь ч энэ гэнэ. Гэхдээ Жонсон наана нь “Никс”, “Буллс”-тэй уулзалт хийчихээд тохиролцоонд хүрэхгүй бол гэрээгээ хүлээн авах биз. Харин шилдэг бизнесмэн Марк Кубан тоглогч солилцох журмаар чөлөөт агентаас Жонсоныг авах оролдлого хийнэ. Баттай бус ч таатай нэг мэдээлэл нь Новицки багтаа үлдэх бололтой. Ингэхийн тулд Кубан зайлшгүй нэг сайн тоглогч авчрах шаардлагатай.
“Торонто Рапторс” харин од тоглогчоо зүгээр ч нэг явуулчихгүй. Зургаан багтай солилцоо хийх яриа хэлэлцээрт ороод байгаа гэнэ. Магадгүй тэд Луол Денгийг оронд нь авч “Чикаго Буллс”-т Бошийг өгч болох талаар мэдээ байна. Дэнг дөрвөн жилийн 50 сая ам.долларын гэрээтэй тоглогч. Ер нь Бошийн араас бүх багууд л гүйж байгаа. Дурдах илүүц биз.
“Бостон Селтикс” зөвхөн Брад Миллерийг биш бас хажуугаар нь Эрик Дампиерыг сонирхож байгаа гэнэ. Учир нь Пэркинс 6-7 сарын хугацаанд гэмтэл авсан учир туршлагыг илүүд үздэг энэ багт ахмад төвийн тоглогч хэрэгтэй. Тэгээд бүр гарааны төвийн тоглогч шүү. НБА-ын түүхэн дэх хамгийн агуу багуудын нэгт тооцогдох “Селтикс”-ийн ногоон өмсгөлийг өмсөөд гараанд гарч тоглох хүсэл ямар ч тоглогчид байдаг л байх даа.
Б.Ялалт
Score Studio