АНУ тусламжаа 4 тэрбумаар таналаа

Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

АНУ тусламжаа 4 тэрбумаар таналаа

АНУ-ын хууль тогтоогчид Афганистаны засгийн газарт үзүүлдэг тусламжнаасаа дөрвөн тэрбум ам.доллар танах шийд гаргасан талаар “BBC” агентлаг дамжууллаа. Шалтгаан нь Афганистан дахь авлигатай холбоотой. Сүүлийн жилүүдэд Кабулд үзүүлсэн олон тусламжаас их хэмжээний мөнгө буруу зарцуулагдсан явдлууд гараад байгаа юм. Тусламж танах шийд цэргийн үйл ажиллагаа, хүмүүнлэгийн тусламжуудад нөлөөлөхгүй юм байна. Харин Афганистанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан дэд бүтцүүдэд нөлөөлж болзошгүй байна.

АНУ-ын Афганистан дахь цэргийн хүчний ерөнхий командлагч Стэнлей МакКристалын оронд томилогдсон генерал Дэвид Петраеус Брюссель хотод байдаг АНУ-ын холбоотнуудын төв болох НАТО-гийн штабруу явсан байна. Түүний дараа тэрээр Афганистанд очоод өчигдөр Лхагва гаригт АНУ-ын Сенатаас баталгаажуулсан шинэ албан тушаалаа хүлээн авах болно.

АНУ-ын Конгрессын гишүүн Нита Ловей өнгөрсөн жилүүдэд Афганистанд үзүүлсэн олон тэрбум ам.долларын санхүүжүүлэлтэнд аудит хийх шаардлага тавьсан байна. Тэрээр АНУ-ын татвар төлөгчдийн мөнгийг Афганчууд авлигад зориулж байгаа бол түүнийг зөвтгөх шалтгаан байхгүй гэж ярьсан. Харин Бүгд найрамдах намын гишүүн хууль тогтоогч Марк Кирк төсөв танах нь тэнд явагдаж байгаа цэргийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж магадгүй хэмээсэн бол Засгийн газрын гишүүд нь авлигын хэрэгт холбогдоогүй гэж Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай ярьсан байна.

Даваа гаригт гарсан “Wall Street Journal” сэтгүүлд АНУ-ын мөрдөгчид “Афганы албан тушаалтнууд болон тэдний хамсаатнууд АНУ-ын тусламжаар илгээсэн олон тэрбум ам.долларыг өөр зорилгоор ашиглаж байгаа ба хар тамхины наймаанаас олсон орлогоо нууж байна” гэж бичсэн юм. АНУ тусламж болон ложистикийн зориулалттай санхүүжилтээ олон тэрбумаар танаж байгаа нь Афганистаны эрх баригчдад авлигтайгаа тэмц гэсэн хатуу мессеж болж очих болно гэж “BBC” агентлагийн Вашингтон дахь сурвалжлагч Жейн О’Бриен дамжуулсан байна. Түүнчлэн энэ шийдвэр хоёр орны хоорондын дипломат харилцаанд өөр нэг саад болж магадгүй юм. АНУ-ын шийдвэрийн хариуд Кабул олон улсын түншүүд өөрсдөө бас хариуцлагын тодорхой хэсгийг үүрэх ёстой. Тэд өөрсдийн байгуулсан гэрээ, үүрэгт ажлуудын гүйцэтгэлд хангалттай хяналт тавьдаггүй гэж мэдэгдсэн байна. Конгрессын дэд хороо одоогоор цэргийн үйл ажиллагааны төсөв танах шийд гаргаагүй байгаа бөгөөд үүнийг өөр хууль тогтоомжийн хүрээнд тусад нь авч үзэж хэлэлцэж байгаа юм. АНУ-ын цагаар пүрэв гаригт Ерөнхийлөгч Барак Обама 30,000 цэргийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд зориулж 33 тэрбум ам.долларын санхүүжилт хүссэн асуудлаар Вашингтон шийд гаргах болно.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж