
Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин Park Yong Ha 33 насандаа таалал төгслөө. “Өвлийн хайрын дуу” киноны Сан Хёкийн дүрээр бидний танил болсон жүжигчин Park Yong Ha-г амиа хорлосон байхыг өчигдөр орон нутгийн цагдаа нар олсон байна. Тэрээр өөрийгөө олсоор дүүжилсэн байсан аж. Одоогоор цагдаагийнхан дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байгаа бөгөөд түүний үхлийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа талаар Popseoul сайтад мэдээлжээ. Хэргийн газарт хийсэн анхан шатны дүгнэлтээр түүнийг амиа хорлосон гэж үзэж байгаа бөгөөд Park Yong Ha-гийн аав ходоодны хорт хавдрын улмаас удаан хугацаанд зовж шаналж байгаа, мөн түүний хувийн менежментийн компанийн үйл ажиллагаа асуудалтай байгаан дээр сүүлийн 14 жилийн турш нойргүйдэх өвчнөөр зовж шаналж байсан нь амиа хорлох шалтгаан болсон хэмээн түүний ойр дотныхон нь таамаглаж байна.
Жүжигчин, дуучин Park Yong Ha 1977 оны наймдугаар сарын 12-нд төржээ. Тэрээр 1994 онд анх “Theme Theater” хэмээх олон ангид кинонд тоглож, жүжигчний замналаа эхлүүлсэн байна. Түүний дараа 2002 онд “Winter Sonata” Буюу “Өвлийн хайрын дуу” кинонд Bae Yong Joon, Choi Ji Woo нартай хамтран тоглож нэр алдрын оргилд гарчээ. Уг олон ангит кино Өмнөд Солонгост төдийгүй Япон, БНХАУ, Филиппин, Монгол зэрэг улсад гарч, үзэгчдийн хүртээл болсон юм. Түүнээс хойш Park Yong Ha-гийн нэр хүнд өсч, “Loving You”, “Tokyo Wankie”, “On Air”, “The Slingshot” зэрэг олон ангит кинонуудад тогложээ. Мөн “If It Snows on Christmas”, “Although It is Hateful Again”, “The Scam” зэрэг бүрэн хэмжээний уран сайхны кинонд гол болон туслах дүр бүтээсэн байна. Тэрээр хамгийн сүүлд “Love Song” хэмээх олон ангит кинонд тоглохоор гэрээ байгуулаад байжээ.
М.Анир