Онц байдал зарласан нь буруу, зөв гэдэг юм одоо байхгүй

Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

Онц байдал зарласан нь буруу, зөв гэдэг юм одоо байхгүй

Онц байдал зарласан нь буруу, зөв гэдэг юм одоо байхгүй
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэг 2008 оны долдугаар сарын 1-нд нийтийг хамарсан үймээн гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл юу байв,  хэв журам сахиулах үүрэг бүхий хууль хяналтын байгууллагууд үүссэн нөхцөл байдлын үед хэрхэн ажиллав гэдэгт  дүгнэлт өгөхөөр өнгөрсөн хугацаанд ажилласан юм. Ажлын хэсгээс гаргасан дүгнэлттэй холбогдуулж, тус байнгын хорооны дарга Ө.Энхтүвшингээс дараах тодруулгыг хийлээ.

-Танай ажлын хэсгийнхний дүгнэлтээр “Хүч­ний байгууллагууд” муу ажилласан байдаг. Шалт­гаан нөхцөл нь юу байсан юм бол оо, энэ та­лаар тодорхой тайлбар өгөхгүй юу. Ажлын хэс­гээс гаргасан дүгнэлт олон нийтэд төдийлөн мэдээ­лэгдээгүй, одоо хаана “хадгалагдаж” байдаг вэ?

-Ажлын хэсгээс долдугаар сарын 1-ний дүгнэлтийг гар­гаад, УИХ-ын даргад хүр­гүүлчихсэн. УИХ-ын дарга түү­нийг Үндэсний аюулгүй байд­лын зөвлөлд бас хүр­гүүл­чихсэн юм билээ. Харин тэрхүү дүгнэлтийг яаж ажил хэр­эг болгох вэ гэдгийг Үндэсний аюул­гүй байдлын зөвлөл ший­дэх учиртай. Одоогоор ямар нэгэн чиглэл өгсөн юм алга.

-Дүгнэлтэд яг яах ёстой гэж гарсан юм?

-Дүгнэлтэд УИХ-тай хол­боотой зүйлүүд ч бий. Тэр дун­­даа дахиад Онцгой бай­дал зарлах болбол УИХ-аас бай­гуулагдаж байгаа бай­гуул­лагууд, Үндэсний аюулгүй байд­­лын зөвлөл, түүнийг хан­гах гол байгууллагууд яаж ажил­­лах ёстой юм. Хууль эрх зүйн орчин ямар байна, түү­нийг яаж боловсронгуй болгох вэ гэдэг асуудлууд тавигдсан. Зас­гийн газрын харьяа хүчний байгууллагуудын хоорондын хамтын ажиллагаа тааруухан байжээ гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс цаашдаа анхаарах ийм,  ийм асуудлууд байна гээд дүгнэлт гаргаад, түүнийгээ УИХ-д зөвлөмж маягаар өгчихсөн. Одоогоор тэгж хэрэгжүүлэх гэж байна гэсэн зүйл алга. Бодоход нэг юм төлөвлөж байгаа байх. Харин Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өөрөө нэг юмыг хийх ёстой.

-Тодруулбал?

-Долдугаар сарын 1-ний үйл явдалд хүргэсэн шалтгаан юу юм гэдгийг тогтоох ажлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хийх юм. Энэ үйл явдалд хүргэхэд нөлөөлсөн хэд, хэдэн зүйл бий, нийгэм, эдийн засаг, улстөрийн шалтгаан гээд. Дээр нь сэтгэл зүйн шалтгаан байхыг ч үгүйсгэхгүй. Энэ шалтгаануудыг бүрнээр тогтоож, дүгнэлт гаргах ёстой.

-Галт зэвсэг хэрэглэсэн талаарх хэрэг явдалтай холбогдуулж, танайх баримт материал цуглуулж ажилласан уу?

-Хуулиараа энэ хэргийг Прокурорын дэргэдэх Б.Галдаа даргатай Мөрдөн байцаах алба шалгах ёстой. Үүнд өөр хэн ч оролцох боломжгүй.
Манай ажлын хэсгийн хийх ёстой ажил нь долдугаар сарын 1-ний өдөр, онц байдал тогтоосон өдрүүдэд нийгмийн хэв журам сахиулах чиг үүрэг бүхий байгууллагууд яаж ажилласан байв, хоорондын нягт хамтын ажиллагаа хангагдаж  чадаж уу гэдэг дээр ажиллаж, дүгнэлт гаргасан.

-Галт зэвсэг ашиглаж, таван хүний амь хөнөөсөн хэргийг юу гэж үзэх вэ, тэгвэл?

-Таван хүний амь насыг хөнөөсөн явдал бол үнэхээр Монголын ард түмний хувьд, Монголын түүхэнд эмгэнэлтэй үйл явдал. Дахин ийм үйл явдал битгий давтагдаасай гэдэг үүднээс л энэ ажлын хэсэг ажилласан. Иймэрхүү үйл явдал үүсч болзошгүй үед яаж ажиллах ёстой юм. Түүнээс яаж сэргийлэх ёстой юм бэ гэдэг дээр л гол нь хандаж, дүгнэлтээ гаргасан. Гэхдээ бид шалтгааны талаар товчхон хөндөж авч үзсэн. Хэдийгээр бидний хувьд тийм чиг үүрэг байхгүй ч үзэхээс аргагүй байсан. Үүнийг үзэхэд их олон зүйл нөлөөлсөн харагдсан. Зөвхөн УИХ-ын сонгуулийн үр дүнг сонсоод бухимдсан иргэд тэрхүү жагсаалд очсон гэж үзэхэд өрөөсгөл.

-Яагаад сонгуулийн үр дүн энэ хэргийг мандаах гол шалтгаан болоогүй гэж… Олон хүн энэ үндэслэлийг хэлдэг  шүү дээ?

-Сонгууль нөлөөлсөн ч юм байгаа л даа, сонгуультай шууд давхцсан учраас. Мөн сонгуульд МАХН олонх боллоо гэдэгт  дургүйцсэн иргэд ч тэнд цугласан. Санал  хураалтын дүнг луйвардлаа гэж очсон хүн ч бий. Гэхдээ зөвхөн сонгуультай холбоотой гэж үзэх нь өрөөсгөл. Ганц тоо хэлээд байгаа ш дээ. Жагсаал цуглааныг зохион байгуулж, хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулсан хүмүүсийг цагдаагийн байгууллага тэр үед баривчилсан. Ойролцоогоор 8000 орчим хүн цугласан тэр үйл явдал дунд хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулсан 997 хүнийг саатуулсан юм билээ. Тэд ямар хэрэг өдөөсөн гэхээр  намын байрыг галдсан, бензинтэй шил шидсэн, чулуу шидсэн, цагдааг хайсны төмрөөр сүлбэсэн, жагсаалыг зохион байгуулсан, турхирсан гэсэн хамгийн идэвхтэй хэсэг. Тэдгээрийг цагдаа дээр аваачаад хаяг тогтооход 997 хүнээс сонгуульд хэчнээн нь оролцсон бэ гэхээр 200 гаруй хүн л саналаа өгсөн байсан. Харин  715 нь сонгуульд оролцож, саналаа өгөөгүй гэсэн байдаг. Тэгэхээр үүнийг зөвхөн сонгуультай холбоотой гээд дүгнэчихэд өрөөсгөл юм л даа. Ядуурал, сонгууль, зориуд зохион байгуулсан, архидуулсан ч юм бий. Гэмт хэрэг давтан үйлдсэн 200 гаруй хүн ч бас энэ хэрэгт холбогдсон байдаг. Тэгэхээр үүнийг олон талаас нь судлах хэрэгтэй юм билээ. Энэ ажлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргад, бүр Аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрээр хариуцуулсан. Тэр хүн  ажлыг хийж байгаа болов уу. Эндээс л ажил эхлэх ёстой гэж үзэж байгаа. Шалтгааныг тогтоосны дараа яаж ийм хэргээс урьдчилан сэргийлэх вэ гэдгийг яривал их зүйтэй байгаа юм.
Манай ажлын хэсгийн хувьд хуулийн байгууллагууд яаж ажиллав гэдэг дээр дүгнэлтээ гаргасан. Тэр бол энэ үйл явдлын нэг л хэсэг. Үүнийг улстөрийн намууд бас ярих ёстой. Энэ үйл явдал улстөрийн намуудтай бас тодорхой хэмжээгээр холбоотой шүү, улстөрчидтэй ч холбоотой.

-Ерөнхийлөгч Онц байдал зарласан нь буруу үйлдэл байжээ гэж одоо ярьж байна. Энэ тухайд юу хэлэх вэ?

-Онц байдал зарласан нь буруу, зөв гэдэг юм одоо байхгүй. Тухайн үед Ерөнхийлөгч зарлиг гаргаж, зарлигийг долдугаар сарын 3-ны өдөр УИХ-ын онцгой чуулганы хуралдаанаар авч хэлэлцээд баталсан. УИХ-аар ярьж байгаад Онц байдал зарласан нь зөв байжээ гэж үзсэн. Харин Онц байдлыг яаж зарлах вэ гэдгийг судлаад үзэхээр өнөөдөр мөрдөж байгаа хуульд тодорхой юм байдаггүй. Ерөнхийлөгч зарлиг гаргах нь тодорхой, гэхдээ хэн санаачлага гаргаж, хаанаас өргөн барьж, яаж зарлах юм бэ гэдэг нь  өнөөдрийн хуульд байдаггүй. Жишээ нь Засгийн газар хуралдаад цагийн байдлыг нягтлаад тэдэн цагт Онц байдал зарлуулахаар саналаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлээд, Үндэсний аюулгүй байлын зөвлөл асуудлыг хэлэлцээд Ерөнхийлөгч зарлиг гаргадаг заалт л манай хуулинд байх ёстой байсан юм билээ. Тийм хууль эрх зүйн тодорхой орчин байхгүй учраас үүнийг даруйхан засах ёстой л гэж үзэж байгаа.

-Цагдаа нартай холбоотой шинэ мэдээлэл танд бий юу?

-Энэ талын мэдээллийг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас л асуусан нь дээр.

Г.Дарь

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж