Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

Маргааш нь …
Монгол Улс чөлөөт ардчилсан нийгэмд хөл гишгэснээс хойш 20 жилд анх удаагаа онцгой байдалд шилжиж, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз /МҮОНРТ/ -ээс бусад бүх телевиз, сонингууд дөрвөн өдрийн турш “чимээгүй” болов. Урьд өдөр нь аймшигтай үймээн болж, олон хүн амиа алдсанд цочирдсон хүмүүс юу болсон, яасан, одоо  яах бол гэсэн мэдээллийг тэсч ядан хүлээж байлаа.
Гадаадад байгаа монголчууд “Эх оронд минь дайн болсон юм уу” гэж цочирдон асууж, чадлынхаа хэрээр эх нутагтайгаа холбогдож, мэдээлэл сонсохыг хүсч байв. Эрх баригчдын “сонгодог” ойлголтоор хүний эрх гэж “чалчдаг” арилжааны телевиз, сонингуудыг л хаачихад хүмүүсийг мэдээллээс тасалж болно үзсэн бололтой. Гэвч “харамсалтай нь” мэдээллийн вэб сайтууд мэдээлэл дамжуулах ганц суваг болон ажиллаж байв. Энэ өдрүүдэд news.mn онцгой нөхцөлд ажиллаж байсан бөгөөд мэдээлэл авахыг хүссэн хүн бүр гадаадад, дотоодоос хандаж байв. Долдугаар сарын 2- нд нэг мөчийн дотор www.news.mn сайтад 52 мянган хэрэглэгч хандаж байв. Эдүгээ интернэтийн хэрэглээ өсч, news.mn  үйл ажиллагаагаа өргөжүүлэн 14 салбар сайттай харьцуулахад энэ бол их тоо биш боловч тухайн нөхцөл байдалд рекорд тоо болж байлаа.

Ачаалал хэт ихэдсэнээс зарим сайтуудад тасалдал гарч байв. News.mn ч хэт их ачааллаас болж, хагас цаг тасалдсан ч техникийн аюулгүй байдлаа шуурхай ханган ажиллаж байлаа. Энэ дашрамд тухайн үед сайтын шуурхай, аюулгүй байдлыг ханган ажилласан, одоо ч хамтран ажиллаж байгаа “Содон солюшн”, “Мэжикнэт” компанийн хамт олонд талархал илэрхийлж байна.  Эрх баригчид хэвлэл мэдээллийг хаасан шалтгааныг нөхцөл байдлыг дэвэргэхгүй байх гэсэн маягтай тайлбарлаж байсан. Онцгой байдлын тухай хууль журманд ч энэ талаар заасан байдаг л юм билээ л дээ. Сонирхолтой нь ихэнх арилжааны телевизүүд үүнийг их л баяртайгаар хүлээж авч, төр засгаас авч байгаа арга хэмжээг дэмжилгүй яах вэ, харин ч цаг наргүй ажилладаг телевизийнхнээ дөрөв хоног ч болтгуай амраая гэж байсан нь тун гайхалтай.

МҮОНРТ энэ удаа эрх баригчдын талд шууд улаан цайм үйлчилсэн гэдэгтэй олон нийт санал нийлэх байх. Гарч байсан зүйл гэвэл Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч л хэрхэн хүнд нөхцөлд ажиллаж байснаа бувтнан, эрх баригчдын алхам зөв зүйтэй байсан гэдгийг л “батлах” чиглэлийг туйлбартай барьж байлаа. Энэ өдрүүдэд тавын таван хүн буудаж алуулсан гэдгийг олон хүн мэдэх боломжгүй байлаа. Ердөө л долдугаар сарын 2-ны өглөө “Цусаа дуслуулсан хүн орж ирээд хар машинтай хүмүүс буудчихлаа гэж ярьсан. Буун дуу пижигнээд, бид ч болохоо байлаа даа гэж айж байсан” гэж ярьсан эмч бүсгүйн ярилцлагыг “алга” болгож байв. Бууны суманд шархатсан хүмүүст анхны тусламж үзүүлсэн тэдгээр эмч,сувилагч нараас авсан тэрхүү ярилцлагыг хийсэн сэтгүүлч хүртэл хэсэгтээ эфирт гараагүй гээд бод доо. Ярилцлага авсан сурвалжлагчийн эфирт гарахыг нь хориглож, үүнийгээ эелдгээр “Тэр сурвалжлагч өөрөө ажлаасаа чөлөө авчихсан байгаа” гэж тайлбарлав. Харин өөр телевизийн сурвалжлагчийн авсан, сэтгэцийн өвчтэй гэдэг нь хэнд ч илт харагдах залуугийн ярилцлагыг болохоор дахин дахин дамжуулж байв. Яг ийм “сонирхолтой” мөчид төрийн машин ч идэвхийлэн ажиллаж, яагаад ч хууль дүрэмд баригдахгүй ажиллаж байгаа интернэт сайтуудад онцгой анхаарал хандуулж, албан бичиг шидэлж байлаа. Гэвч сайтууд мэдээлэл дамжуулах үүргээ гүйцэтгэсээр байсан юм. Арай ч тэднийг асуудал хурцатгалаа гэж хаагаагүй,яагаад гэвэл  зөвхөн мэдээллийг дамжуулж байсан учраас. Хэрвээ эрх баригчдад таалагдахгүй “өнцөг”, буруутгах шалтаг олдсон бол хаах л байсан гэдэгт нэг их эргэлзэхгүй байна.

Монголын чөлөөт хэвлэлийн түүхэнд анх удаагаа ийн дөрвөн өдрийн турш “хар” хориг үйлчилж байсан. Эцсийнх байгаасай л гэж найдацгаая.
Гудамжинд хуягт машинууд зогсон, гурваас олон хүн бөөгнөрч зогсох, цуг явахыг хориглосон, хамгийн гол нь эрх баригчдын амаар л гонгинох МҮОНРТ болон байгаа бүх хүчин чадлаараа ажиллаж байсан мэдээллийн хэдэн сайтаас өөр үзэх суваг үгүй, мэдээллээс хүчээр таслагдсан аймшигтай өдрүүд байсан даа, долдугаар сарын 1-ний дараахь таван өдөр.

А.АНУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж