Бид хүүхдийн мөнгө олгохын төлөө байгаа

Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

Бид хүүхдийн мөнгө олгохын төлөө байгаа

Бид хүүхдийн мөнгө олгохын төлөө байгаа
Иргэний Зориг намын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Зоригтын байр суурийг тодрууллаа.

-Хүүхдийн мөнгийг дахин олгож эхлэх асуудал УИХ дээр нэлээд маргаан үүсгээд байна. АН хүүхдийн мөнгө олгохыг шаардаж байгаа бол Засгийн газар “Хүний хөгжил сан”-гаас иргэн бүрт олгож буй мөнгөөр орлуулах саналтай байна. Хүүхдийн мөнгийг 2004 оны сонгуулиар АН, ИЗН дэвшүүлэн тавьж, сонгуульд хамтран оролцож байсан. Тийм болохоор хүүхдийн мөнгийг өнөөгийн нөхцөлд олгох нь зөв эсэх дээр танай намын байр суурийг тодруулмаар байна.

-УИХ-ын энэ хаврын чуулган завсарлах дөхөж байгаа ч хүүхдийн мөнгөний асуудлыг шийдвэрлэхгүйгээр завсарлаж чадахгүй биз ээ. Учир нь энэ хаврын чуулганаар төсвийн тодотголыг зайлшгүй батлах ёстой. Харин төсвийн тодотголыг батлахын тулд хүүхдийн мөнгөний асуудлыг давхар  шийдэх шаардлагыг АН тавьсан. ИЗН-ын хувьд бэлэн мөнгө өгөхийн эсрэг байдаг хэдий ч хүүхдийн мөнгө өгөхийг анхнаасаа тууштай дэмжиж ирсэн.  Мөн хөдөлмөрийн насны хүн бүр ажилтай байх, ажилласны хэрээр цалин орлоготой байх, цалин авсныхаа хэрээр хангалуун амьдрах ёстой гэсэн бодлогыг ИЗН хэзээ ямагт баримталж, үүнийгээ илэрхийлсээр ирсэн шүү дээ. Өнөөдөр иргэн бүрт 70, 50 мянгаар цувуулан тарааж байгаа мөнгөөр олон мянган хүний ажлын байрыг шийдвэрлэх боломж байсныг алдчихлаа.

Бид АН-тай 2004 оны сонгуульд хамтран оролцохдоо баримталж байсан байр суурь хэвээрээ, одоо ч хүүхдийн мөнгө олгохыг тууштай дэмжиж байгаа.
Хүүхдийн мөнгө инфляци хөөргөддөггүй, өрх бүрт тогтмол орлого болж чаддаг. Эдийн засгийн эргэлтийг сайжруулан, цусыг нь сэлбэдэг. Хүүхдийн мөнгөөр тансаг хэрэглээний бараа, тухайлбал, чоко-пай авдаггүй. Зөвхөн өдөр тутмын өргөн хэрэглээний бараа, үндэсний үйлдвэрлэл, дотоодын бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлдэг нь өнгөрсөн хугацаанд бэлхнээ харагдсан зүйл.

Дорнод аймгийн төвийн 4 дүгээр багт амьдардаг нэг эмээгийнх байдаг юм. Ам бүл есүүлээ мөртлөө ганцхан эмгэний тэтгэврээр амь зуудаг байсан. ТҮЦ-ний хэмжээтэй жижиг амбаарт амьдардаг, ээлжээрээ орж унтдаг айл. Тэднийх хүүхдийн мөнгө авдаг болсноосоо хойш амьжиргаатэй болсон. Өнжөөд нэг талх иддэг байсан бол өдөр бүр талх иддэг болсон. Ганц эднийх ч биш олон айл ийм болсон учраас хажуугийн талхны цехийн борлуулалт нэмэгдсэн. Зээлээр худалдаа хийдэг байсан бол бэлэн мөнгө гүйлгээнд орж, өрийн сүлжээ багассан. Эмгэнийх маань пингээ ТҮЦ болгоод бараа авч тавьсан. Жилд ганц дээл хийж зардаг байсан бол 4-5 дээл оёж зарах болсон. Энэ мэт жишээ олон бий. Хүүхдийн мөнгө хэрэгтэй газраа хүрдэг, тэгш шударга хуваарилалт учраас инфляци хөөрөгддөггүй.
Тэгэхээр УИХ-д сууж буй АН-ын болон бусад нам, хүчний төлөөлөл шийдвэр гаргахдаа энэ бүхнийг бодолцож, нааштай шийдвэр гаргана байх гэж бодож байна. Тэдний ард байгаа сонгогчдын дунд дээрх эмээ шиг олон хүн байгаа гэдгийг бүү мартаасай.

-Долдугаар сарын 1-ний өдрийн үйл явдлаас хойш хоёр жил өнгөрч байна. Өнөөдрийг хүртэл энэ явдалд УИХ улс төрийн дүгнэлт хийлгүй өдий хүрлээ. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ? Бас дахиад долдугаар сарын 1-ний өдөр болох гэж байна.   

-Хоёр жилийн өмнөх долдугаар сарын нэгэн Монгол төрийн хувьд гутамшигтай өдөр юм. Бид сонгуулиа хуулийн дагуу явуулж чадаагүй. Үүнээс хойш дахиад хоёр жил өнгөрч байхад бид сонгуулийн эрх зүйн орчноо шинэчилж, хуулиа баталж чадаагүй л сууж байгаа нь бас гутамшиг юм. Долдугаар сарын 1-ний үйл явдалд хэн нэгэн нэр бүхий буруутан хайх биш хэдэн цагдаа, Батзандан, Магнай нарыг шийтгэхдээ гол нь биш үйл явдал үүссэн шалтгаан, хууль зүйн орчныг өөрчлөх л  хамгийн гол нь. Үүний тулд юу хийсэн бэ гэхээр тодорхой хариулт алга л байна. Долдугаар сарын 1-ний өдрийг бид нэхэн санаж, лаа зул өргөх нь зөв л байх. Гэхдээ хамгийн гол нь гажуудалгүй, шударга сонгуулийн эрх зүйн орчин руу явах ёстой юм. Эрх барьж байгаа УИХ-ын 76 гишүүн үүнийг ойлгож, ухамсарлан сонгуулийн орчныг шинэчлэнэ гэдэгт найдаж байна.

З.Боргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж