Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

Мэдэгдэл
2008 оны УИХ-ын сонгуулийн үр дүнг үл хүлээн зөвшөөрч эрх, эрх чөлөөнийхөө төлөө, шударга ёсны төлөө тэмцсэн “Долдугаар сарын 1”-ий өдрийн иргэдийн тайван жагсаал, цуглааныг Засгийн газар хүч хэрэглэн дарж, хэлмэгдүүлснээс хойш хоёр жил өнгөрлөө.

2008 оны долдугаар сарын 1-ний өдрийн иргэдийн тайван жагсаал, цуглааныг хэрхэн цуст аллага болгон хувиргасны учрыг  олж тогтоон буруутай этгээдүүдэд харицлага тооцох ёстой хэмээн Ардчилсан Хүчний Холбоо үзэж байна.

Учир нь энэ үеэр ХЭҮК-ын илтгэлд дурдсанаар 700 гаруй хүнийг хоморголон баривчилж, 300-гаад хүнийг яллагдагчаар татаж,  270 орчим иргэнийг шүүхээс зургаан сараас таван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байна. Сүүлийн хоёр жилд шүүхээр шийдвэрлэгдсэн нийт хэргийн дунджаар 49-50,6% нь хорих ял оноож ирсэн бол “7 дугаар сарын 1”–ний гэх хэрэгт холбогдогсдын 96%-д нь хорих ял оноож Монголын олон нийт, ард түмний үр хүүхэд, тэдний ар гэрийнхний эрхийг бүдүүлгээр зөрчжээ.

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны ажлын хэсгийн 2010 оны зургадугаар сарын 22-ны өдрийн  хуралдаанаар прокурор шүүхийнхэн нэг талыг барьж тайван жагсаал, цуглаанд оролцсон иргэдийг хоморголон баривчилж улмаар шүүхээр шийтгэсэн нь Монгол Улсын иргэн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх Үндсэн хуулийн зарчмыг зөрчсөн гэж үзсэн УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дүгнэлтийг Ардчилсан Хүчний Холбоо талархан дэмжиж байна.

Иймд хүний эрх онц ноцтой зөрчигдсөн дараах асуудалд Монголын олон нийт, УИХ, Засгийн газар, хууль хяналтын байгууллагын анхаарлыг хандуулж байна. Үүнд:

–    Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад иргэдийг зодож, айлган сүрдүүлж, хууран мэхлэх замаар нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлж, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх болон хууль зүйн туслалцаа авах, эрүүдэн шүүлтээс ангид байх иргэний эрхийг хөсөрдүүлснийг АХХ эрс буруушааж байна.

–    Хоморголон баривчлагдсан болон саатуулагдсан иргэдэд цагдаагийн байгууллага хүч хэрэглэж, иргэдийн нэр төр, халдашгүй байх эрхийг зөрчсөн;
–    Монгол хүний амьд явах эрхийг онц ноцтой зөрчиж, таван хүнийг буудаж алсан;

–    Прокурор, шүүх нэг талыг барьж, дээрээс өгсөн заавар чиглэлийн дагуу 10 хүний дунд нэг хавтаст хэрэг нээх замаар нотлох баримтгүй зүйлээр бусад иргэд, бага насны хүүхэд, эмэгтэйчүүдийг бөөндөн шийтгэсэн нь иргэн шударга шүүхээр шүүлгэх болон халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн зэрэг олон хууль бус үйлдлийг иргэдийн эсрэг хүч түрэмгийлэн үйлдсэн байна.

Иймд Ардчилсан Хүчний Холбоо ямагт  шударга ёсны төлөө хатуу зогсох болно гэдгийг Мэдэгдэж доорхи гурван зүйл бүхий шаардлагыг УИХ, Засгийн газар, МАХН болон Ардчилсан намын удирдлагад тавьж байна.

1.    Иргэд, олон нийтийн зүгээс 2008 оны УИХ-ын сонгуулийн булхай, шударга бус байдлыг эсэргүүцсэн тайван жагсаал, цуглааны өөдөөс цагдаагийн байгууллагыг турхирч, улмаар тэднээр уг тайван жагсаалыг  нухчин даруулах хууль бус ажиллагааг манлайлсан тэр үеийн МАХН-ын удирдлага, тухайлбал Ерөнхий сайд асан С.Баяр, ХЗДХ-ийн сайд асан Ц.Мөнх-Оргил, УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан нар болон тэдний шахалт шаардлагаар онц байдал тогтоосон гэх Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, “Хүн буудах тушаал өгсөн” гэх ЦЕГ-ын дарга асан генерал Ч.Амарболд тэргүүтэй этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хэн нь таван хүн буудаж алсан, хэн нь таван хүнийг буудуулж алуулсныг тогтоон чухамхүү гэм буруутай этгээдэд нь зохих ял шийтгэл оногдуулж хариуцлага тооцохыг;

2.    Тайван жагсаал цуглаанд оролцсон олон зуун иргэдийг харгислан мөрдөн шүүсэн, гар хоосон иргэдийн эсрэг байлдааны буу сум хэрэглэхийг тушаасан, байлдааны буу сум хэрэглэн таван хүн алсан албан тушаалтнуудыг өнөө хүртэл хаацайлсаар буй хууль хяналтын байгууллагуудын удирдлагыг нэн даруй огцруулахыг;

3.    2008 оны долдугаар сарын 1-ний үймээн самууны улмаас эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон иргэд, байгууллага, хууль бусаар баривчлагдан  хоригдож, яллагдсан, энэ хэргийн улмаас хохирсон олон зуун иргэдээсээ УИХ, Засгийн газар албан ёсоор уучлалт гуйхыг тус тус шаардаж байна.

Цаашид хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны төлөө тэмцэж, халуун амиа алдсан болон баригдаж хоригдсон хүмүүсийг үүрд санан дурсаж байх нь зүйтэй гэж үзэж, жил бүрийн “Долдугаар сарын 1”-ний өдрийг “Шударга ёсны төлөөх тэмцлийн өдөр” болгохыг Ардчилсан Хүчний Холбоо нийт Ард түмэндээ уриалж байна.

Ардчилсан Хүчний Холбоо

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж