Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд Гачуурт тосгон дахь “Монгол шилтгээн” жуулчны баазын модон бөмбөгийн талбайд болсон Монгол улсын 2010 оны аварга шалгаруулах модон бөмбөгийн тэмцээнийг М.Сономпил захиралтай “Залуу Монгол” корпораци ивээн тэтгэн амжилттай зохион байгуулан явуулав. Манай улсын нэртэй компаниудын нэг болох “Залуу Монгол” корпораци модон бөмбөгийн УАШТ-ийг жил бүр өөрийн нэрэмжит болгон ивээн тэтгэн явуулж байгаа бөгөөд 2010 оны тэмцээний мөнгөн шагналын сан нэг сая гаруй төгрөг байсан ажээ. Тус тэмцээнд өндөр амжилт гаргасан шилдэг тамирчид ийнхүү өндөр хэмжээний шагналтай тэмцээнд тун сонирхол, өрсөлдөөнтэй тоглосон байна.
Тамирчдын хувьд ч өнгөрсөн 5 сард дотооддоо болсон хоёр тэмцээн, 6 сарын дундуур ОХУ-ын Буриад улсад болсон олон улсын тэмцээнд оролцсон ба тэдний бэлтгэл сайн байсан гэнэ. Уг тэмцээнд зөвхөн Улаанбаатарын багууд оролцоод зогсохгүй, орон нутгаас Дархан- Уул аймгийн 3 баг, Сэлэнгэ, Орхон, Архангай, Говь-алтай аймгийн тамирчидаас гадна УИХ-ын гишүүн Л.Гүндалай, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд асан М.Сономпил нарын зэрэг нэртэй улс төрчид бас оролцлоо. Энэ удаагийн УАШТэмцээний хөтөлбөрт талбайн цохилтын төрөл анх удаагаа орж эрэгтэйчүүдийн төрөлд 32 тамирчин 5 тойрог тоглосноос “Залуу Монгол” багийн тамирчин, спортын дэд мастер Г.Батмягмар түрүүлсэн ба эмэгтэй шилдэг 16 тамирчин 4 тойрог тоглон спортын 1 зэрэгтэй, Дархан-уул аймгийн тамирчин П.Хүслэнзаяа түрүү байрыг авчээ. Талбайн цохилтын төрлийн тэмцээн нь талбайд 2 тамирчин халз тулж өрсөлдөн 12 талбайн дийлэнх талбайд нь тэргүүлсэн нь ялагч болж цаашид шалгарсан тамирчид нь үндэсний бөхийн даваа давах хэлбэрээр дараагийн шатанд шалгаран орж тоглох журмаар явагддаг байна.
Улсын аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан зарим тамирчид энэ оны 8 сард Уганда улсын Кампала хотноо болох оюутны ДАШТ, 11 сард сард Тайваньд зохиогдох 14 дүгээр ОУ-ын нээлттэй модон бөмбөгийн тэмцээн, 2010 оны 12 сард Оман улсын Мускат хотноо болох элсний Азийн спортын 2 дугаар наадамд оролцох эрхийг авч байгаа юм. Ирэх 2011 онд Монгол улсад болох олон улсын модон бөмбөгийн уламжлалт 4 дүгээр тэмцээнийг “найрамдлын” хэмээн нэрлэгддэг Дархан-уул аймгийн 50 жилийн ойн баярын нэрэмжит болгон 9 дүгээр сард зохион байгуулахаар Олон улсын холбоо шийдвэрлээд байна. Ийнхүү энэ төрлийн олон улсын тэмцээнийг анх удаагаа орон нутагт зохион байгуулахаар болжээ.
Тэмцээний үеэр Монгол улсын цол зэргийн нэгдсэн ангилалын болзолыг хангасан Дархан-уул аймгийн Техникийн коллежийн 3 дугаар дамжааны оюутан, спортын 1 дүгээр зэргийн тамирчин Б.Мөнхбат, Б.Хишигжаргал нарт модон бөмбөгийн спортын дэд мастерын цолны үнэмлэх, тэмдэгийг ММБХолбооны ерөнхийлөгч, “Залуу Монгол” корпорацийн ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд асан М.Сономпил гардуулан өгчээ.
МОНГОЛЫН МОДОН БӨМБӨГИЙН ХОЛБОО