Тавантолгой ба говийн бүсийн экологи, уул уурхайн дасал зохицол, Ашигт малтмалыг хохирол багатай ашиглах арга зам, байгаль орчин, экологийг уул уурхайн үйлдвэрлэлд дасган зохицуулах стратеги төлөвлөгөө зэргийг боловсруулахад эрдэмтдийн саналыг авч байгаа аж.
Монгол Улс дэлхийн хамгийн их нүүрсний нөөцтэй 15 орны нэг бөгөөд Тавантолгой коксжих нүүрсний ордоороо олон улсын анхааралд оржээ. Тавантолгойн ордыг ашиглахад хамгийн эмзэг асуудал нь ус, говийн хөрс болохыг эрдэмтэд хэлж байв. Өмнөговьд судалгаагаар ус ашиглаж болох 20 цэг тогтоогджээ. Эхний ээлж буюу 2009-2012 онд Балгасын улаан нуур, Наймантын хөндийн усны ордыг ашиглаж болох бөгөөд 75 км шугам хоолойг Тавантолгой руу татаж, хоногт 204 литр секунд буюу 17642 метр куб ус ашиглаж болох тооцоо гаргажээ. Харин 2012-2014 онд Борзонгийн говь, Таван-Алд, Гурамсан, Зайрмагтайн усны ордоос хоногт 39744 метр куб ус татаж болох аж. Гуравдугаар шат болох 2014-2019 онд Мандал-Овоо, Мандах, Бумбатаас хоногт 10627 метр куб ус татахаар төлөвлөжээ.
Гэвч эрдэмтэд тэрбум гаруй жилийн турш хөрсөнд хуримтлагдсан, гадагш урсац байхгүй говийн усыг хамаагүй хэрэглэвэл дэлхийн дулаарлын энэ үед говийг элсэн цөл болгох аюул бийг хэлж байлаа. Монгол Улсын нутаг дэвсгэр сүүлийн жилүүдэд Хүннүгийн үеэс хойших хамгийн дулаан үедээ оржээ. Тиймээс 1980-1990-ээд онд хийсэн усны судалгаа өнөөдөр тохирохоо больж байгааг ч эрдэмтэд санууллаа.
БНХАУ дэлхийн коксжих нүүрсний үйлдвэрлэлийн 60 хувь болох 270-600 сая тонн кокс үйлдвэрлэж Япон, БНСУ, Тайваний металлургийн үйлдвэрлэлийг хангадаг аж. Коксын үнэ төмөрлөгийн үйлдвэр хөгжих хэрээр ихээхэн өсч, БНХАУ Монголоос шороон замаар, авто машинаар нүүрс тээвэрлэн авч байгаа нь говийн хөрсийг сүйтгэж, орд ашиглаж эхлэхээс өмнө экологийн сүйрэлд хүргэж болохоор байгааг эрдэмтэд сануулж байлаа.