
Удирдаач Тэржэ Миккелсэнтэй цөөн хором ярилцлаа.
-Төгөлдөр хуурч С.Саянцэцэгтэй хамтран хийж байгаа “Хаан хөгжмийн үдэш” тоглолтынхоо талаар сонирхуулахгүй юу?
-Би Монголд дөнгөж ирээд байна. Тоглолт маань долдугаар сарын 3-нд болно. Өнөөдрөөс бэлтгэл сургуулилтаа хийж эхэллээ. Бид маш гайхалтай хөгжмүүдээс бүрдсэн тоглолтыг тавихаар төлөвлөсөн байгаа. Эхний тоглох уран бүтээл маань Норвегийн хөгжмийн зохиолч Эдвард Григийн сонгодог зохиол байгаа. Мөн Р.Шуманы төгөлдөр хуурын концертыг бүтнээр нь тоглоно. Дараа нь И.Брамсын II симфонийг тоглоно. Би төгөлдөр хуурч С.Саянцэцэгтэй урьд өмнө нь тоглож байсангүй. Энэ удаад хамтран тоглох гэж байгаадаа маш их сэтгэл хөдөлж байна.
-Та урьд өмнө нь Монголд ирж байв уу?
-Би Монголд анх удаагаа ирж байна. Ирэх есдүгээр сард дахин ирж байгаль орчны сэдэвтэй нэлээд том хэмжээний тоглолт хийхээр төлөвлөж байгаа. Энэ удаа ирсэн маань ч тэр тоглолттой холбоотой юм. Тэр тоглолт маш гайхалтай өргөн цар хүрээтэй, ур чадвар, мэдрэмж шаардсан тоглолт байх болно. Учир нь оркестр, удирдаач, гоцлол хөгжимчин хоорондоо нарийн мэдрэмжээр холбогдож арын дэлгэцэн дээр гарч буй кино дүрсэнд тохируулж хөгжимдөх хэрэгтэй байдаг.
Г.Даша