
Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтын урилгаар Саудын Арабын Вант Улсын Газрын тос, эрдэс баялгийн сайд Аль Найми Аль Ибрахим тэргүүтэй төлөөлөгчид 29-30-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын үеэр Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нартай ажлын уулзалт хийв. Энэ удаагийн айлчлалаар эрдэс баялгийн салбарт хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилго тавьж байна. Айлчлалын үеэр эрдэс баялаг, хөдөө аж ахуй, байгаль орчны салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон юм. Саудын Араб нь газрын тосны олборлолтоос илүүтэйгээр түүхий тосны боловсруулалт, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн чиглэлээр арвин туршлагатай аж. Тиймээс энэ чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой юм. “Мөн ашигт малтмалын салбарын хууль эрхзүйн орчинг сайжруулах, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт хангамжийн чиглэлээр туршлага солилцох, Саудын Арабад газрын тосны мэргэжилтэн бэлтгэх зэрэг асуудлаар харилцан санал солилцлоо” гэж Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас мэдээллээ.
Б.Анхаа