7 сарын 1 болоход 2 хоног үлдлээ

Хуучирсан мэдээ: 2010.06.29-нд нийтлэгдсэн

7 сарын 1 болоход 2 хоног үлдлээ

ХОЁР ЖИЛИЙН ӨМНӨХ ЗУРГАДУГААР САРЫН 29

Одоогоос хоёр жилийн өмнөх яг энэ өдөр буюу 2008 оны зургадугаар сарын 29-ний өдөр Монголын ард түмэн Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ыг сонгохоор саналаа өгч байв. Дөрвөн жилд ганцхан удаа ард түмэн төр барьдаг энэ сонгууль ардчилсан шинэ Үндсэн хуулийн дагуу явагддаг болсоор 16 жилийн нүүр үзэж буй нь энэ байлаа. Харамсалтай нь энэ сонгуулийн үр дүнд түүхэнд хараар бичигдэх үйл явдал өрнөж, урьд хожид дуулдаагүй аюул, аймшиг айсуйг тэр өдөр хэн ч төсөөлөөгүй биз ээ. Ингээд сонгуулийн тэр өдрийг эргэн санацгаая.
Тэр өглөө ахмадууд уламжлал ёсоор баяр ёслолд явах гэж буй мэт гоёод, залуус амралт тасалдуулсан албан ёсны ажиллагаанд төвөгшөөсөөр аагим халуунаас өрсөн сонгуульдаа оролцохоор санал хураах байрыг зорьж улс даяар хөл хөдөлгөөнтэй байсан сан.

Ерөөсөө л юуны ч юм бэ, бүү мэд нэг л том баярын нижигнэсэн, бужигнасан өдөр байлаа. Ёр дагуулах мэт сүүлийн дөрөв хоногийн турш нийслэлийн цагдаагийнхны дунд өндөржүүлсэн  бэлэн байдал зарлаад байсан юм. Гэвч их үймээний өмнөхөн нам гүм, амар амгалан байлаа. Мэдээллийн хэрэгсэл бүрээр Үндсэн хуулийн  эрхээ эдлэн сонгуульдаа оролцохыг уриалах нь нээрээ ч иргэн бүр эх орныхоо эзэн мэт гүн хүндэтгэлтэй сэтгэгдэл төрүүлнэ. Төрийн гурван өндөрлөг Сүхбаатар дүүрэгт морин цагт багтаж саналаа өглөө хэмээн том гавьяа байгуулсан аятай алдаршуулан зарлав. Сонгууль эхэлжээ. Булхай ч хамт эхэлсэн.
Энэ удаагийн сонгууль уламжлал ёсоор өглөөний 07.00 цагт  эхлэн 22.00 цаг хүртэл үргэлжилж, санал хураалтад 11 нам, нэг эвсэл, бие даагчийн харьяаллаар нийт 356 хүн өрсөлдөж, тэдний төлөө нэг сая 500 мянга гаруй сонгогч саналаа өгөв. Өрсөлдөгч 356 хүнээс азтай 76 нь ард түмний шүүлтүүрээр УИХ-д сонгогдож бусад нь ялагдал хүлээх байлаа.  Ердөө 15-хан цагийн дотор дөрвөн жил төр барих итгэлийг хэнд өгөх бол гэсэн таавар таамаглал нэр дэвшсэн улстөрчдөөр даажигнах шиг. Харин жирийн иргэдийн хувьд дунших мэт арчаагүй царайлах тэднийг харах зугаатай, хөөрхийлөлтэй байв.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Б.Баттулга санал хураалтын явцын эхний мэдээллийг 13 цаг 25 минутад өглөө. Өдрийн 12 цагийн байдлаар орон нутгаас Баян-Өлгий аймаг, нийслэлээс Чингэлтэй дүүрэг санал хураалтад хамгийн идэвхтэй оролцсон гэсэн мэдээлэл өгөөд чухал царайлан яаран гарч одов.
Энэ үеэс л сонгууль будилах хар совин татаж, муу мэдээлэл цугларч эхэллээ.  Өглөөнөөс хойш саналаа өгөх гэж хөөцөлдөж гүйгээд чадаагүй иргэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хандлаа. Юун нөгөө гоё үгтэй Үндсэн хуулиар олгосон эрх. Санал хураах байрнаас “Зайл” гэсэн үг сонсч хөөгдөж гарсан иргэд бухимдаж, “Биднийг зориудаар санал хураалтад оролцуулахгүй байхаар зохион байгуулсан байна” хэмээж байв.

Зөвхөн энэ асуудлыг л зохицуулах гэж бүтэн дөрвөн жил төрөөр тэжээлгэсэн СЕХ-ны дарга, удирдлагууд үүргээ биелүүлэх цаг ирлээ.  Тэрбээр “Иргэний үнэмлэхийг үндэслэн тухайн хүний бичиг баримттай холбоотой зөрчлийг тэр дор нь шийдвэрлээд ямар ч байсан эрхийнх нь дагуу санал өгүүлэх ёстой. Сонгуулийн үнэмлэх аваагүй тохиолдолд өөрийнхөө харьяа хэсэг дээр очоод шууд бичүүлээд авах боломжтой” гэсэн нигүүлсэнгүй мэдэгдлээ айлдлаа. Ноён Б.Баттулга Сонгуулийн хуулийг ноцтой зөрчин мэдэмхийрч тэнэг мэдэгдэл хийснээрээ будлианы эхний үрийг ийнхүү тарьсан юм.

Дараа нь 14 цаг 35 минутад Ардчилсан намын Тамгын хэлтсийн дарга Ш.Батбаяр сонгуулийг будлиантуулах зорилго бүхий 10 гаруй ноцтой зөрчил илрээд байгаа талаар олон нийтэд мэдээлэв. Тус намын сонгуулийн төв штабаас сонгогчдын өгсөн мэдээлэл, гомдлын дагуу сонгуулийн хэсгүүдээр явж шалгасан, зарим баримтыг СЕХ-нд хүргүүллээ хэмээсэн нь энэ удаагийн сонгуулийн дүнд итгэл алдрах анхны  сэтгэгдлийг төрүүлсэн юм. АН-аас эхлэн салхийг нь хагалсан будлианы талаарх мэдээлэл субъектуудын хувьд ч өвсөнд тавьсан түймэр мэт газар авч СЕХ мэдээлэлд дарагдсан ч чухам юу хийж, зөрчилтэй хэрхэн тэмцээд байгаа нь тодорхойгүй л байлаа. Ийнхүү харилцан гомдол заргын өргөдөл шидэлцсээр СЕХ хоёр дахь мэдээллээ өгөв. Түүний хэлснээр оройн 17 цагийн байдлаар санал хураалт ямар ч саад бэрхшээлгүй сайхан явагдаж байгаа гэнэ. Улсын хэмжээнд 57.7 хувьтай байна хэмээн мэдээлэхдээ өөрт ноогдсон хамгийн том даалгавраа биелүүлчихлээ гэх шиг бардам байсныг нуух юун.

Үнэн хэрэгтээ бараг л улс орны “өнцөг булан бүрт”  улайм цайм луйвар    гарчихаад   байсныг  тэр  үеийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс хангалттай баримт­тайгаар харж болно. Булхайтайгаа бужигнасаар санал хураалтыг явуулсан болж нэгэн өдрийг барав. Эцэст нь шөнийн 00 цагт СЕХ-ноос сүүлчийн мэдээллээ өгч баахан тоо уншиж өгөөд сонгуулийн санал хураалт амжилттай дууссаныг мэдэгдэж “алга ташин өөрсдөдөө баяр хүргэх нь холгүй” хаалтын ажиллагаагаа хийлээ. Ямар ч байсан нийт сонгогчдын 74.3 хувь нь санал хураалтад оролцсон болохоор дахин сонгууль болохгүй нь гэхээс өөр өгөөж багатай мэдээллийн дүнд сонгууль дууслаа гэж иргэд ойлгосон биз. Гэвч үнэн хэрэгтээ их луйвар дөнгөж эхэлсэн нь энэ байлаа. 

Уг нь ноён Б.Баттулга сонгууль дууссаныг мэдэгдэхдээ “Одоо л хамгийн хариуцлагатай үе эхэлж байна” хэмээсэн. Тэрбээр бодит байдал дээр эсрэгээр нь хэлсэн юм болов уу гэж хожим бодогдсон шүү. Санал хураалт дуусчихаад байхад зарим хэсэгт сурталчилгаа, сэм санал авах явдал байсаар байгаа тухай муу мэдээ дуулдсаар л байв. Сонгуулийн өдрөөс өмнөх дөрөв хоногт нийслэлийн цагдаагийнхны дунд өндөржүүлсэн  бэлэн байдал зарлаж санал хураалтын өдөр архи, согтууруулах ундаа худалдахыг хориглосон байв. Гэвч тэр шөнө  229 хүн эрүүлжүүлэгдсэн гэсэн мэдээлэл байдаг нь анхаарал татдаг.
Саналаа өгсөн иргэд ч яах вэ, өглөө сэрээд мэдээ сонсоно гээд амарцгаасан биз. Харин нэр дэвшигчдийн хувьд жинхэнэ “тарчлаант” шөнийг өнгөрүүлсэн нь тэр байлаа. Тэр шөнийн намуухныг яана. Ердөө хэдхэн цагийн дараа цуст үймээн, галдан шатаалт эхлэхийг хэн ч төсөөлшгүй  тийм нам гүм, гүн харанхуй шөнө байв. Хэсгийн хороодын дүнг нэгтгэх үед нэг баярлаж, нэг гунигласаар галзуу чоно шиг улаан нүдтэй юмнууд утсаа улайстал ярьсаар 2008 оны зургадугаар сарын 30-ны өглөөний нартай золгосон. 

Үргэлжлэл нь

У.Оргилмаа.

Зохиогчийн эрх:
“Улс төрийн тойм” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж