
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нар дээрх төслүүдэд 2008 оны УИХ-ын сонгуулиар ард түмэндээ амласан амлалтууд хэр тусгалаа олсон талаар илүүтэй сонирхлоо. Тухайлбал, МАХН 2008 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө цалин, тэтгэврийг гурав дахин нэмэгдүүлнэ гэж амласны зэрэгцээ өрхийн орлогыг нэг сая төгрөгт хүргэнэ гэх зорилт ч тусгасан юм байна. Сангийн сайд энэхүү асуултад “Цалин, тэтгэврийг үе шаттайгаар нэмэгдүүлнэ. Эхний ээлжинд 30 хувь хүртэл нэмэхээр болоод байгаа. Өнөөдрийн нөөц боломжиндоо тулгуурлаж цалин, тэтгэврийг ийм хэмжээгээр нэмэхээр шийдвэрлэсэн. Өрхийн орлогын хувьд нэг сая төгрөгт хүргэнэ гэсэн тэр амлалт бүрэн дүүрэн хэрэгжих бололцоотой. Иргэн бүртээ байгалийн баялгаас 1.5 сая төгрөгийг бэлнээр болон бусад хэлбэрээр өгөхөөр шийдвэрлэсэн учраас” гэх хариулт өглөө.
Мөн энэхүү хэлэлцүүлгийн шатанд гишүүд Сангийн сайдаас Хүүхдийн мөнгөний эх үүсвэрийг яагаад төсвийн хүрээний мэдэгдэлд суулгасангүй вэ. Энэ нь дахиад Ардчилсан намын бүлэг завсарлага авахад хүргэх шалтгаан болох юм биш биз” гэсэн нэхэл хатуутай асуулт тавив. Сайд С.Баярцогт “Би Ардчилсан намын Сангийн сайд биш, Монгол Улсын Сангийн сайд. Хүүхдийн мөнгөний асуудал дээр Засгийн газар байр сууриа бүрэн дүүрэн илэрхийлсэн. Хүүхэд бүртээ сар тутамд мөнгө олгоё гэснийг иргэн бүртээ олгоё гэсэн. Үүнд хэн нэгнийг буруутган, улстөржүүлж, хурцатгаад байх шаардлагагүй” хэмээлээ.
Г.Дарь