Итгэмжлэх жуух бичгээ барив

Хуучирсан мэдээ: 2010.06.29-нд нийтлэгдсэн

Итгэмжлэх жуух бичгээ барив

Монгол Улсаас Мексикийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Бэхбат Мексикийн Нэгдсэн  Улсын Ерөнхийлөгч  Ф.Калдеронд Итгэмжлэх жуух бичгээ барив. Элчин сайд Х.Бэхбатыг жуух бичгээ барьсантай нь холбогдуулан Ерөнхийлөгч Ф.Калдерон,  Гадаад хэргийн сайд хатагтай Патрисиа Эспиноса нар хүлээн авч уулзаж, хоёр талын харилцааны асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр Элчин сайд Х. Бэхбат Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Ерөнхийлөгч Ф. Калдеронд, Гадаад харилцааны сайд Г. Занданшатарын мэндчилгээг Гадаад хэргийн сайд хатагтай Патрисиа Эспиноса нарт тус тус уламжилж, Мексикийн Нэгдсэн Улстай боломжтой бүх салбарт хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, ялангуяа соёл, боловсрол, уул уурхайн салбарт өргөн боломж байгааг тэмдэглэв.

Түүнчлэн, Элчин сайд Монгол Улсад ардчилал хөгжсөний 20 жилийн ой, Мексикийн Нэгдсэн Улс тусгаар тогтнолоо олсны 200, Мексикийн хувьсгалын 100 жилийн ой болон Монгол Улс, Мексикийн Нэгдсэн Улс хооронд албан ёсны дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тус тус энэ жил тохиож байгааг цохон тэмдэглээд, Монгол Улс энх тайван, тогтвортой байдал, цаг уурын өөрчлөлт зэрэг дэлхийн шинж чанартай асуудлаар олон талын хүрээнд хоёр тал цаашид ч идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Мөн Элчин сайд Х. Бэхбат Мексикийн Парламентын депутатуудын танхимын Мексик, Монголын бүлгийн дарга Раул Домингэс, Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал, Соёл, боловсролын газрын захирал болон албаны бусад хүмүүстэй уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар  санал бодлоо солилцсон талаар Гадаад Харилцааны яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж