“Монгол төрийн их дуунууд” цуврал цомог гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

“Монгол төрийн их дуунууд” цуврал цомог гарлаа

“Монгол Ньюс”-ын хурлын танхимд өнөөдөр ЮНЕСКО-гийн Монгол дахь судалгааны салбар, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгээс “Монгол төрийн их дуунууд” уртын дууны гурван цуврал цомог гаргаснаа танилцууллаа. Уртын дууны их эрдэм, ухаарал, үнэ цэнэ, ач холбогдлыг өндөрт өргөж, дуулах ур чадвараа үнэлүүлж, алдаршуулж ирсэн ачтанууд бол уртын дуучид юм. Уртын дуучдын гавьяагаар Монгол ардын дуу хүн төрөлхтний аман болон биет бус соёлын ховор нандин өвд тунхаглагдаж дэлхийн урлаг судлаачдын анхаарлыг татах болсон билээ. Уртын дууг дэлхийн давцанд гаргахад гавьяа байгуулсан уртын дуучдын залгамж халаа уртын дуучин, уртын дуу судлаач, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан М.Дорждагва, морин хуурч Б.Баттулгатай хамтран уртын дууны “Монгол төрийн их дуунууд” нэртэй цуврал гурван цомог гаргажээ. Энэхүү цуврал гурван цомогт эрт дээр үеэс төрийн их найр хуримд дуулагддаг “Түмэн эх”, “Дуртмал сайхан”, “Хэрлэнгийн бараа”  дуунуудыг багтжээ. Тус цомгуудын талаар урлаг судлалын ухааны доктор, професор Ж.Энэбиш “Уртын дууг бүтэн эх, бүрэн утгаар нь арьсан цартай, ардын хийцтэй морин хуураар хуурдан дуулсан нь уртын дууны үндэсний хэв шинжийг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэжээ” хэмээн онцоллоо. Залуу уран бүтээлчдийн сүүлийн арван жилийн судалгааны ажил дээрээ тулгуурлан гарсан энэхүү цуврал цомгууд нь цаашид үргэлжлэн гарах аж.  Тэд жил бүрийн цагаан сарын өмнө цуврал гурваар нь танилцуулан нийт есөн цомог гаргахаар төлөвлөөд байгаа юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж