Банкуудад байдал ямар байна вэ?

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

Банкуудад байдал ямар байна вэ?

Одоогоос хоёр жилийн өмнө дэлхийн эдийн засгийн хямралтай зэрэгцэн Монгол дахь арилжааны банкуудын хэвийн үйл ажиллагаа доголдож, эрсдэлд орох аюул тулгарсан. Засгийн газраас “Хувийн, арилжааны банкны үйл ажиллагаа бидэнд хамаагүй” хэмээн зөнд нь хаялгүй уг асуудлыг анхааралдаа авснаар банкууд хүндрэлийг алдагдал багатай даван туулсан гэхэд болно. Гэхдээ “Анод”, “Зоос” банкууд удирдлагын буруутай үйл ажиллагаа, зарим томоохон зээлдэгчдийн балгаар дампуурлаа зарлачихсан л байна. Тэр үед иргэдийн банкуудад итгэх итгэл алдарч, эргэлзэн улмаар мөнгөө татан авах хандлага ажиглагдаж ирсэн юм.  Өсгөх санаатай банкинд хадгалуулсан мөнгөө эрсдэлд учруулахыг хэн хүсэх билээ. Угаас банкны салбар гэдэг харилцагчдынхаа мөнгөн дээр тулгуурлан хөдөлдөг хойно. Харилцагчгүй болсон банк дампуурах, эсвэл хэсэгтээ л хүнд байдалд орох байсан нь гарцаагүй. “Эдийн засгийн хямрал бүү хэл зүгээр нэг цуу үг тараахад л иргэдийн итгэл алдарч мөнгөө татан авахад бэлэн байдаг талтай” хэмээн арилжааны банкуудад ажиллагсад хэлдэг юм байна лээ. Хоёр жилийн өмнө УИХ-аас баталсан Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хууль зарим банкны хувьд авралын од нь, цаашид ашиг олох боломжийнх нь эхлэл болчихжээ. Уг хууль банкуудын харилцагчдынх нь мөнгөө үргэлжлүүлэн хадгалуулах уу, татаж авах уу хэмээх эргэлзээг нэг тийш нь болгож өгч байсан гэхэд болно. Тэр үед хамгийн их эрсдэлтэй байсан банкуудыг “АНОД”, “Зоос” банкууд хэмээн банкны салбарынхан ярьдаг. Харин “Голомт”, “ХААН” банкуудын үйл ажиллагаа харьцангуй хэвийн байжээ. Өнгөрсөн долоо хоногт хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар тухайн үед баталж байсан Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д яаралтай өргөн барих тухай шийдвэрийг гаргалаа. Засгийн газрын гишүүд ийнхүү уг хуульд өөрчлөлт оруулахаар яаравчлах болсон шалтгаан нь хууль батлагдсанаас хойш банкууд зарим зүйл, заалтыг гуйвуулан ашиглах хандлага ажиглагдах болсон явдал гэнэ. Бүхий л иргэн, аж ахуйн нэгж, компаниудын хөрөнгө дамжиж, эргэлдэж байдаг банкууд хуулийг өөрсдөдөө илүү ашигтайгаар эргүүлэх гэсэн бололтой. Хөрөнгөнийх нь дийлэнх хэсгийг батлан даагаад байхад өндөр хүү амлаж, өөрсдийн эрсдэл даах чадвараас их хэмжээнээс их мөнгө татан төвлөрүүлсэн гээд олон хүчин зүйлс нь банкны системийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх магадлалтай.

Хууль батлагдсанаар зарим банк аюулаас мултарч чадсан бол заримд нь тийм ч их ач холбогдолтой хууль байгаагүй хэмээн банкныхан үздэг юм билээ. Ингээд зарим банкаар орж уг хуулийг баталсан талаар болон одоо зарим заалтыг хүчингүй болгож, өөрчилбөл тухайн банкинд хэр нөлөөлөх вэ гэдгийг сонирхсон юм.
Тухайн үед үйл ажиллагаа нь хэвийнд тооцогдож байсан Худалдаа хөгжлийн банкныхан “Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй” хэмээсэн юм. Банкны удирлагуудтай уулзах тийм ч амар ажил биш аж.

Арилжааны банкууд дотроо жижиг банкинд тоо­цогддог “Эрэл” банкны сал­барын захирал Ж.На­ранбаатартай уулзан тус банкны талаар болон уг хуулийн талаар ярилцсан юм. Тэрбээр “Манай банк жижиг учраас харилцагчидтайгаа тулж ажилладаг. Тэд маань ч бидэнд итгэдэг. Ямар ч эдийн засгийн хямрал болж байсан хадгаламжаа татан авахгүй” гэв. Мөн түүний хэлснээр том банкууд энэ тохиолдолд эрсдэлтэй тулгарах магадлал өндөртэй байдаг гэнэ. Хууль гарсан ч бай, гараагүй ч бай тэдний банкинд ялгаагүй хэмээн үзэж буй бололтой. Түүний хэлсэн өөр нэг санаа нь хувийн арилжааны банкуудад төр засгаас анхаарч тэр тусмаа иргэдийн мөнгөөр баталгаа гаргаж буй нь тийм ч оновчтой санаа биш гэв. Иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдал, боловсролд зарцуулах ёстой мөнгөө арилжааны банкуудад зориулна гээд сууж байх нь түүнийхээр буруу хэмээн үзэж буй аж. Ямартай ч эдийн засагчдын дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байдаг хэмээн үздэг “Эрэл”-ийнхэнд эдийн засгийн хямрал нөлөөлөхгүй болтлоо харилцагчдынхаа итгэлийг олж авчихсан гэнэ шүү. Арилжааны жижиг банкуудын хувьд харилцагчдаа өндөр хүүгээр татах нь элбэг байдаг. Тус банкныхан ч өндөр хүү, тохилог орчноор харилцагчдаа татахаар чармайж буй бололтой. Үүний илрэл нь саяхан ашиглалтад орсон “Цэцэг” төвийн урд талын салбар нь гэрчилнэ.

“Хадгаламж” банкны хувьд төрийн хуулийн үр ашгийг хамгийн ихээр хүртэж, ашиглаж чадсан банкны нэг яах аргагүй мөн. Өдгөө Монголын банкны системд дээгүүрт бичигдэнэ, Улс орон даяар хамгийн олон салбартай банк болно хэмээн том дуугарах болсон уг банкны үйл ажиллагаа одоо ч гэсэн бүрэн жигдэрч, иргэд, харилцагчдын итгэлийг олж авч чадаагүй байгаа нь нууц биш. Одоогоос хоёр жилийн өмнө ч гэсэн хоёр тусдаа байсан тус банкинд итгэх итгэл суларч, цөөнгүй харилцагчид нь хадгаламжаа татан авч байсан юм. Тус банкныхан ч тэр үед хүмүүс хадгаламжаа татаад авчихсан бол хүнд байдалд орох байснаа нуудаггүй. Нэгдсэн “Хадгаламж” банкны Төв салбарын захирал Б.Цэнгэл “Тэр үед Засгийн газраас уг хуулийг баталсан нь цагаа олсон, зөв шийдвэр байсан. Харилцагчдын хадгаламжийн болон харилцах дансны үлдэгдэлд төр баталгаа гаргасан нь одоо ч үр ашгаа үзүүлж байгаа” хэмээж байв. Хувийн банкны эрсдэлийг төрөөс хариуцах нь зөв үү , буруу юу гэсэн асуултыг түүнээс асуусан юм. Тэрбээр “Иргэд мөнгөө банкуудаас татан авч, ширдэг доогуураа хийснээр банкнаас гадуур мөнгөн урсгал нэмэгдэнэ. Улмаар инфляци хөөрөгдөнө. Эдийн засаг сүйрэлд орно. Тэр байдлыг макро түвшинд харж эх орныхоо судсыг, мөнгөн урсгалаа таслахгүй байхын тулд уг хуулийг гаргасан хэрэг шүү дээ. Мөнгийг банкинд байлгаснаар зээлжих чадвар, эдийн засгийн эргэлтэд эерэг нөлөөтэй ” хэмээн хариулав. Хадгаламж банкны хувьд уг хууль хэн хэндээ ашигтай боломжийн хууль байсан бололтой. Тиймдээ ч одоо өөрийн хөрөнгөөр Монголын бүх банкаас нэгдүгээрт жагсах боллоо хэмээн бардамнах болжээ.

Байгаль орчинд ээлтэй ногоон банк хэмээн тунхагладаг “Капитал” банкны хувьд тэр үеийг харьцангуй гайгүй давсан байсан хэмээж байв. Тус банкны эдийн засагч нь “ХААН, Голомт банкнаас бусад бүх банк асуудалд орж байсан гэж хэлж болно. Манай банкны хувьд хүндрэл учирсан ч бусад банкийг бодвол харьцангуй бага байсан” гэв. Тэрбээр жижиг банкууд эдийн засгийн хямралын үед үйл ажиллагаа нь хэвийн бус хэмжээнд хүрч, дампуурах магадлал өндөр хэмээн “Эрэл”-ийнхээс эсрэг санал хэлэв. “Капитал” банкинд тэр үед зарим банкны харилцагчид урван ирж байсан тохиолдол ч бий гэнэ. Ер нь банк гэдэг угтаа хэн нэгний хөрөнгийг найдвартай хадгалж, өсгөж, хэрэг гарсан хүнд нь зээллэг үзүүлж туслаад байдаг буяны байгууллага биш. Тэдний хөрөнгийг зах зээлд эргэлдүүлж ашиг олох зорилготой гэдэг нь мэдээж хэрэг. Тиймээс ашиг олох бүхий л боломжийг хайж байдаг гэхэд болно. Тиймээс уг хуульд ихэнх банк талтай байдаг нь харагдаж байлаа.

Үйл ажиллагаа нь харьцангуй хэвийн, харилцагчид нь ч найдвартай хэмээн үздэг банк бол “Голомт”. Тус банкны салбарын захирал Б.Баярмөнх “Манай банкны үйл ажиллагаа хоёр жилийн өмнө ч, одоо ч тогтвортой байгаа. Энэ нь банкны салбарт байр сууриа олсон, харилцагчдынхаа хөрөнгө мөнгөнд баталгаа өгч чадсантай холбоотой” хэмээв. Юутай ч арилжааны банкныхан ийн хариулав. Төр засагтаа ашиг олох боломжийг нь саадгүй болгож өгсөнд талархан суудаг нэгэн байхад тийм ч ач холбогдолтой биш хэмээн хэлэх нь байх аж. Мөн төв банк, Санхүүгийн зохицуулах хорооноос банкны салбарт түлхүү анхаарч, зөв бодлогыг баримтлах ёстой хэмээж байлаа.

Т.Урангэрэл.

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж