“Reuters” агентлаг энэ сарын дундуур Улаанбаатарт болсон хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын талаар мэдээлэхдээ “Фронтиер” компанийн тэргүүн Маса Игатагийн “Хонконгийн Хөрөнгийн бирж нь Хятадын хөрөнгө оруулагчидтай ойр гэдэг утгаараа давуу талтай” гэснийг онцолсон байна. Түүхий эдийн эрэлтээрээ тэргүүлж буй орон бол Хятад. Тиймээс хажууд нь оршдог хөрш улс гэдэг утгаараа боломжийг ашиглах нь зүйтэй гэх санал их байгаа юм. Олон улсын хөрөнгийн зах зээл дээр бүртгүүлэн хувьцаагаа арилжаалах үеийн анхны хувьцааг IPO буюу хувьцааг нийтэд худалдаж эхлэх гэж нэрлэдэг. Харин монголын зарим компани Хонконгийн зах зээл дээр IPO гаргахад хүндрэлтэй болж магадгүй.
ОХУ, Хятад хэмээх хоёр аварга гүрний хооронд “хавчуурга” шиг оршдог хэмээн гадныхан Монголыг дооглодог. Харин сүүлийн үед энэ “хавчуурга” дэлхийн уул уурхайнхны сонирхлыг хамгийн ихээр татаж байгаа орон болсон. Тиймээс ч манай орны эдийн засгийн ерөнхий төлөв байдлын талаар задлан шинжилгээ хийх нь харьцангуй ихэсчээ. Үүнээс Австралийн Засгийн газар онцгой ашгийн 40 хувийн татварын хуулийн төслийг санаачилснаас болж, Монгол, Бразиль болон Африкийн орнуудад дуурайгаад татвараа нэмчихэж магадгүй хэмээх болгоомжлол ч үүсчээ. Энэ талаар Globandmail.com сайтад дурьдаж, хатагтай Жулия Гиллард Австралийн Ерөнхий сайдаар сонгогдсоноор байдал өөрчлөгдөж байна гэсэн аж.
Улс орнуудын эдийн засаг, санхүүгийн орчин нөхцөлийн талаар судалгаа хийдэг www.businessmonitor.com сайтад Монголын талаар дурьджээ. Экспортын бүтээгдэхүүнийхээ 85 хувийг Хятадаас авдаг манай орны хувьд дээрх тоо нь эдийн засгийн өсөлтийг хойш нь чангаах нэг үзүүлэлт ч байж болох юм хэмээн онцолсон аж. Энэ онд Монголын эдийн засгийн өсөлт есөн хувьтай гарна гэсэн урьдчилсан тооцоо байгаа ч энэ нь зөвхөн уул уурхайнхны орлогод түшиглэсэн нь бас л “но”-той гэдгийг тус сайтын шинжээчид харуулсан байна. Нөгөө талаас Монголын эдийн засаг тэлэхийн хэрээр Хятадаас ирэх экспорт мөн нэмэгдэж болох аж. Мөн уул уурхайн бүтээгдэхүүнээ худалдаалах хамгийн том зах зээл нь болж буйнхаа хувьд Хятадын Ажилгүйдлийн түвшин ихэсч, мөнгөний хатуу бодлого баримтлах болсон Хятадууд юаний ханшаа ч чөлөөлөхөөр шийдсэн. Энэ нь Монголын экспортоос олох орлогод нөлөөлөх нь дамжиггүй гэж шинжээчид үзжээ. Үнэхээр Хятадын эрэлт буураад эхэлбэл зэсийн үнэ ч мөн адил доошилно. Гэтэл энэ нь Монголын экспортын гуравны нэгийг дангаараа бүрдүүлдэг зэсийн худалдаанаас олох ашигт нөлөөлнө. Тиймээс энэ талаар сэрэмжтэй байх нь чухал аж.
Мөнгөний хатуу бодлого нь хувийн хэрэглээнд ч нөлөөлдөг. Өнгөрсөн өвөл мал сүрэг олноор үхэж, хорогдсон талаар тус сайт бас онцолжээ. Нийт малын 18.5 хувь нь зуд хэмээх гамшгаас болж үхэж, энэ нь Монголын хэрэглээний үнийн сагсад нөлөөлж, дунджаар 41 хувиар нэмэгдүүлсэн аж. Тиймээс ч инфляцийн аюул энэ оны турш Монголд байх юм хэмээн шинжээчид үзсэн байна. Энэ нь зөвхөн махны үнэ л гэхэд өнгөрсөн дөрөвдүгээр сард 25.8 хувиар өссөнөөс харж болох юм.
Монголбанкнаас бодлогын хүүгээ 10 хувьд хүргэсэн. Энэ нь арилжааны банкуудын үйл ажиллагаанд нөлөөлж, зарцуулалтыг нь хумихад хүргэх юм. Олон улсын валютын сангаас “Станд-бай” хөтөлбөрийн дагуу Монголын Засгийн газраас хэрэглээгээ багасгахыг шаардсаныг мөн дурьджээ. Гэхдээ хэрэв хувийн компаниудыг тэлж, томруулах, үйл ажиллагааг нь өргөтгөх зорилготой л байгаа бол зээллэгийн хэмжээг бууруулах хэрэггүй аж. Энэ нь ажил эрхлэлтийн түвшин, хувийн хэрэглээг дэмжих боломж юм. Гэтэл зээллэгийн нөөцийг хязгаарлах нь эдийн засгийн тэлэлтээс хойш татна гэнэ. Тиймээс 2010 оны хоёрдугаар хагаст банкууд өнгөрсөн өвлийн зуднаас болж хүнд байдалд орсон хөдөө орон нутгийнхныг дэмжих зорилгоор зээлийн хэмжээгээ нэмэгдүүлэх хэрэгтэй хэмээн уг сайтад бичсэн байна.
Т.Элиса.
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин