Долдугаар сарын 1-ний дүгнэлттэй танилцана уу

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

Долдугаар сарын 1-ний дүгнэлттэй танилцана уу

Монгол Улс дахь хүний эрх эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн үндэсний комиссын 2008 оны илтгэлийн “2008 оны долдугаар сарын 1-ний өдөр нийслэл Улаанбаатар хотод үүссэн олон нийтийн эмх замбараагүй байдал ба хүний эрх” гэсэн нэгдүгээр бүлгийг УИХ-ын Хүний эрхийн дэд хороогоор хэлэлцүүлсэн ажлын хэсгийн дүгнэлтийг бүрэн эхээр нь нийтэлж байна. Өнгөрсөн лхагва гаригт хуралдсан Хүний эрхийн дэд хороо энэ дүгнэлтийг дэд хорооны тогтоол болгон баталж, Ерөнхийлөгч болон УИХ, Засгийн газар, Цагдаагийн байгууллагад хандан зөвлөмж гаргаж, үүнийгээ энэ долоо хоногт хуралдах УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд танилцуулахаар болсон билээ. Харин Хууль зүйн байнгын хороо эл дүгнэлтийг ямархуу байдлаар авч үзэх, байнгын хорооны албан ёсны дүгнэлт болгон гаргах эсэх нь гишүүдийн эр зоригоос хамааран зүйл.  Байнгын хороод маргааш хуралдах хуваарьтай.
МОНГОЛ УЛС ДАХЬ ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ БАЙДЛЫН ТАЛААРХ ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН 2008 ОНЫ ИЛТГЭЛИЙН "2008 ОНЫ 7 ДУГААР САРЫН 01-НИЙ ӨДӨР НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТОД ҮҮССЭН ОЛОН НИЙТИЙН ЭМХ ЗАМБАРААГҮЙ БАЙДАЛ БА ХҮНИЙ ЭРХ" ГЭСЭН НЭГДҮГЭЭР БҮЛГИЙГ ХҮНИЙ ЭРХИЙН ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦҮҮЛСЭН АЖЛЫН ХЭСГИЙН САНАЛ, ДҮГНЭЛТ
 

2010 оны 6 дугаар сарын 22-ны өдөр        Улаанбаатар хот

Монгол Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны 2009 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний комиссын 2008 оны илтгэлийн "2008 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Нийслэл Улаанбаатар хотод үүссэн олон нийтийн эмх замбараагүй байдал ба хүний эрх" гэсэн нэгдүгээр бүлгийг хэлэлцэхтэй холбогдуулж дурдсан нөхцөл байдлын улмаас хууль тогтоомжийг зөрчиж хүний эрхэнд халдан, хязгаарласан гэх 4 бүлэг асуудлыг хянан шалгаж, нээлттэй сонсгол зохион байгуулах, холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдээс тайлбар, мэдээлэл авах, дүгнэлтийг Дэд хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн, З.Энхболд, Ж.Энхбаяр, ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд хэсгийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Дашдорж, мөн Комиссын ажлын албаны ахлах референт Ч.Отгончулуун нар орж ажиллалаа.  

Ажлын хэсэг эрх нь зөрчигдсөн гэж үзэж буй иргэн, байгууллага, албан тушаалтнаас өргөдөл, гомдол, мэдээлэл авах үйл ажиллагааг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нээлттэй зарлан 2009 оны 7 дугаар сарын 01-нээс 8 дугаар сарын 25-ны өдрүүдэд ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжингийн нэр дээр болон Хууль зүйн байнгын хорооны ажлын албанд хүлээн авсан болно. Ажлын хэсэгт иргэдээс гомдол, мэдээлэл 47, өмгөөлөгчийн тайлбар 4, хүний эрхийн байгууллагын тайлан 2,  сэтгүүлчдээс 4 мэдээлэл ирүүлсэн бөгөөд ажлын хэсгийн гишүүд өргөдөл, гомдолтой нэг бүрчлэн танилцаж, өргөдөл гаргасан иргэн, байгууллагын төлөөлөл, албан тушаалтантай биечлэн уулзаж тайлбар, мэдээллийг сонссон болно.

Өргөдөл, мэдээллийг агуулгаар нь ангилж үзвэл галт зэвсгийн улмаас амь насаа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон гэх гомдол 6, баривчилгаа болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед зодуулсан, дарамтлуулсан, эрүү шүүлтэд орсон, үүний улмаас хилс ял шийтгүүлсэн гэх гомдол 18, прокурор, шүүхийн байгууллага хэт нэг талыг барьсан, хэргийн шийдвэрлэлтэд урьдчилсан дүгнэлттэй, холбогдох хуулиуд болон шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн, дээрээс өгсөн чиглэлийн дагуу ажилласан, хэргүүдийг шийдвэрлэх үйл явц нь шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг ноцтой зөрчсөн гэх гомдол 13, хохирол барагдуулах болон бусад асуудлаар 12 гомдол мэдээлэл ирсэн байв.

Ажлын хэсэг хүний эрхийн хяналт явуулахаар тогтсон дараах 4 бүлэг асуудлаар ирсэн гомдол, мэдээллийг багцлан гэрч, албан тушаалтнуудыг дуудан сонссон. Үүнд:

1/ Баривчлагдсаны дараа цагдаагийн байгууллагын барилга байгууламж, эзэмшил газарт иргэд зодуулсан, иргэний нэр төр, халдашгүй, чөлөөтэй байх эрх зөрчигдсөн эсэх асуудлаар;
2/ Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад иргэнийг эрүүдэн шүүж, нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг зөрчсөн эсэх асуудлаар;
3/ Прокурор, шүүхийн байгууллага хэт нэг талыг барьсан, хэргийн шийдвэрлэлтэд урьдчилсан дүгнэлттэй, холбогдох хуулиуд болон шүүгчийн ёс зүйн дүрмийг баримтлаагүй, дээрээс өгсөн заавар, чиглэлийн дагуу хэргүүдийг шийдвэрлэж, иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийг зөрчсөн эсэх асуудаар;
4/ Цагдаагийн байгууллага хуульд заасан журмаас гадуур галт зэвсэг хэрэглэж хүний амьд явах эрхийг зөрчсөн эсэх асуудлаар.

Ажлын хэсэг "Нээлттэй сонсгол зохион байгуулах журам"-ыг боловсруулан Хууль зүйн байнгын хорооны 2009 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 16 дугаар тогтоолоор батлуулж, Хүний эрхийн дэд хорооны Нээлттэй сонсголыг 2009 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулав.
Энэ сонсголоор эхний 3 бүлэг хүний эрхийн зөрчлийн асуудлаар мэдээлэл сонсон, зохих албан тушаалтнуудаас тайлбар авсан. Нээлттэй сонсголоос хүний эрхийн зөрчлийн 4 дэх бүлэг асуудал болох "хүний амьд явах эрх зөрчигдсөн эсэх" талаарх мэдээллийг уг асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа шүүхийн үйл ажиллагаа дуусах хүртэл сонсохыг хойшлуулсан билээ.

Сонсголыг зохион байгуулах өдрөөс 14 хоногийн өмнө ард иргэдэд, Сонсголын сэдэв, хаана, хэзээ болох талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан зарлаж оролцох сонирхолтой иргэд, байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгч, сэтгүүлчдийг бүртгэн авч урилга илгээсэн бөгөөд Сонсголд оролцохоор 300 орчим иргэд, байгууллага хүсэлтээ илэрхийлснээс танхимын багтаамж болон бусад нөхцөл байдлыг харгалзан нийт 45 иргэд, байгууллагын төлөөллийг зочноор болон  ажиглагчаар оролцуулсан. Сонсголд биечлэн оролцох хүсэлт гаргасан боловч оролцож чадаагүй иргэд, түүнчлэн нийт ард иргэдэд уг Сонсголыг нээлттэй, хүртээмжтэй байлгах зорилгоор телевизийн 3 сувгаар орон даяар шууд нэвтрүүлсэн болно. Сонсголд гэрч, ажиглагч, холбогдох албан тушаалтнууд оролцож Хүний эрхийн дэд хорооны гишүүдээс асуусан асуултанд хариулж, зохих тайлбар, мэдээллийг өгөв.

Нээлттэй сонсголын зорилго нь дээрх үйл явдалтай холбогдуулан хэн нэгнийг буруутгахад бус тухайн болсон үйл явдалд дүгнэлт өгөх цаашид ийм явдал гаргуулахгүй байх зөвлөмж боловсруулахад чиглэсэн болно.
Хүний эрхийн Үндэсний Комиссын илтгэл болон Ажлын хэсэгт ирүүлсэн гомдол, тайлбар, тайлан, мэдээллүүд нь 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдөр болсон үйл явдлын үеэр хүний эрхийн зөрчлүүд гарсныг нотолж байна.

Ажлын хэсгээс дараахь дүгнэлт, зөвлөмжийг эрхэм гишүүд Та бүгдэд танилцуулж байна.

Нэг. Иргэдийг хомроглон баривчилсан, саатуулагдсан иргэдэд хүч хэрэглэж, иргэдийн нэр төр, халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн гэх тухайд.

Онц байдал тогтоосноос хойш иргэдийг хомроглон, нийтээр баривчилж, иргэдийн халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдөр нийслэл Улаанбаатар хотод үүссэн нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын улмаас нийт 700 гаруй хүн баривчлагдсанаас 60 орчим хувь нь суллагдсан байна. Цагдаагийн байгууллагаас явуулсан баривчлах ажиллагаа холбогдох хууль, журмыг зөрчиж хүний эрхэнд халдсан гэдгийг Хүний эрхийн Үндэсний Комисс албан ёсоор дүгнэсэн бөгөөд энэ байдал нь төрийн бус байгууллагуудаас ажлын хэсэгт ирүүлсэн тухайн үйл явдлын баримтжуулалтын тайлан, мөн иргэдийн гомдол, мэдээллээс тодорхой харагдаж байна. Энд ялангуяа цагдаагийн хэлтсүүд болон албадан саатуулах байранд нэгэнт баривчлагдан хуулийн байгууллагын хяналтанд орж ирсэн иргэдийг доромжилж, айлган сүрдүүлж, цохиж зодож байсан тухай нээлттэй сонсголд дуудагдсан гэрчүүд мэдээлсэн бөгөөд албан тушаалтнуудын тайлбар үүнийг үгүйсгээгүй болно.

Хоёр. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад иргэнийг зодож, айлган сүрдүүлж, хууран мэхлэх замаар нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлж, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх болон хууль зүйн туслалцаа авах, эрүүдэн шүүлтээс ангид байх иргэний эрхийг нь зөрчсөн гэх тухайд.

Цагдаагийн байгууллага хүний эрхийг үл тоомсорлосон, хүч хэрэглэх, хууран мэхлэх замаар мэдүүлэг авдаг, нотлох баримт хууль бусаар бүрдүүлсэн, иргэний хууль зүйн туслалцаа авах эрхийг боомилсон, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх эрхийг хязгаарласан, боогдуулсан, эрүүдэн шүүлтээс ангид байх иргэний эрхийг ноцтой зөрчсөн тухай иргэдийн гомдол, өмгөөлөгчдийн мэдээлэл, хүний эрхийн байгууллагуудын тайлан ажлын хэсэгт цөөнгүй ирсэн бөгөөд эдгээр зөрчил нь зөвхөн 2008 оны 7 дугаар сарын 1-ний үйл явдалтай холбоотой бус цагдаагийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаатай нь холбоотой байгааг 2009 оны Хүний эрхийн үндэсний комиссын илтгэлд мөн адил дүгнэжээ.

Гурав. Прокурор, шүүх нэг талыг барьсан, хэргийн талаар урьдчилсан дүгнэлттэй, холбогдох хууль болон шүүгчийн ёс зүйн дүрмийг баримтлаагүй, дээрээс өгсөн заавар, чиглэлийн дагуу хэргүүдийг шийдвэрлэсэн иргэний шударга шүүхээр шүүлгэх болон халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн гэх тухайд.

Ажлын хэсгээс "7 дугаар сарын 1"-ний  гэх хэргийг шийдвэрлэсэн үйл явц, шүүхийн шийдвэрийн байдлаас харахад шүүгчдийн хараат бус байдал алдагдаж, иргэний шударга шүүхээр шүүлгэх эрх хангагдсангүй гэж дүгнэхээр байна.
Энэ нь шүүхийн өмнөх шатанд буюу баривчлах ажиллагаа, эрүүгийн хэргийг байцаан шалгах ажиллагаанд иргэний үндсэн эрхийн зөрчил хавтгайрсан явдалд шүүгч анхаарал тавьж харгалзан үзэлгүй хатуу, чанга ял оноох нийтлэг зарчим баримтлан ажилласанаас харагдаж байна. Энэ тухай Нээлттэй сонсголд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Дашдорж Комиссын бодит судалгаанд үндэслэсэн албан ёсны дүгнэлтийг сонсгохдоо: Шударга шүүхээр шүүлгэх эрх зөрчигдсөн гэсэн шүүмжлэл хүний эрхийг хамгаалах байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, иргэдээс их хэмжээгээр гарсан. Энэ асуудал ямар байгааг бид баримтад тулгуурлаж статистик судалгаа хийж, дүгнэж үзсэн. Бид сүүлийн 2 жилийн дунджаар авч үзвэл жилдээ найман мянга гаруй хүн шүүхээр ял шийтгүүлсэн. Тэдний 49-50.6 хувьд нь хорих ял оноодог. Улсын дундаж болон энэ хэрэгт ял шийтгүүлсэн байдлыг харьцуулж үзсэн. Дээрх хэргийг шийдвэрлэсэн 244 хүнд холбогдох 45 шийтгэх тогтоол байна. Нийт ял шийтгүүлсэн 244 хүний 86.6 хувьд нь хорих ял, 8.9 хувьд нь баривчлах ял, 0.8 хувьд нь торгох ял, 8 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Энэ үзүүлэлт нь хорих болон баривчлах ялын эзлэх хувь нь 95, 96 хувьд хүрч байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ тоо улсын дундаж статистикаас бараг 2 дахин өндөр буюу нийт шийтгүүлсэн хүний 96 хувьд нь хорих ял оноосон явдал нь Шүүхээс  "7 дугаар сарын 1-ний хэрэг"-т холбогдсон хүмүүст нилээн хатуу ял оноох зарчим баримталсан гэж дүгнэхээс аргагүйд хүрч байна гэсэн юм.

Энд цохон тэмдэглэхэд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Солонгын "7 дугаар сарын 1-ний хэргийг шалгах ажиллагаанд хүний эрхийн зөрчил гараагүй" гэсэн хариуцлагагүй мэдэгдлийг Шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлж түүнийг үндэслэн шүүгдэгчийн гомдлыг хэрэгсээгүй байдал гарсан байна.

Мөн тухайн үед прокурор болон шүүгчид өмгөөлөгчдийн тавьж байсан шүүгдэгчийн үйлдэл болон учирсан хохирол хоорондын шалтгаант холбоог тогтоогоогүй гэх үндэслэлийг авч хэлэлцээгүй мөртлөө одоо цагдаа нарын хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл дээрээ прокурор Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны  энэ зарчмыг гол болгон хэрэглэсэн байна. Энэ нь хууль шүүхийн өмнө хүн бүр эрх тэгш байх Үндсэн хуулийн зарчмыг зөрчихөд хүргэж байна. Тодруулбал, 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн үйл явдалд буруутгагдсан иргэдийн хувьд хийсэн үйлдэл нь бусдад ямар хохирол учруулсныг хүн тус бүрт нь тогтоолгүйгээр ял шийтгэсэн атлаа мөн өдөр бусдын амь насыг хохироосон гэх хэрэгт шалгагдсан Цагдаагийн албан хаагчийн хувьд галт зэвсэг хэрэглэсэн боловч буудсан сум нь хэний амь насыг хохироосон нь тогтоогдохгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Дээрх гурван бүлэг хүний эрхийн зөрчлийн гарсан шалтгаан, шалган шийдвэрлэхэд тулгарч буй бэрхшээлийг авч үзвэл:
Хууль сахиулах болон шүүх, прокурорын байгууллагад хүний эрхийн мэдлэг дутмаг, хүний эрхийн мэдрэмжтэй ажиллах хандлага төлөвшөөгүй, байцаалтаас өөр арга хэрэгслээр нотлох арга барил эзэмшээгүй, хүний эрхийн зөрчлийн асуудалд дотоод болон гадаад хяналтын зохистой тогтолцоо бүрдээгүй. Цагдаагийн байгууллага мэдээллийн хувьд бүхэлдээ хаалттай, тайлагнах болон олон нийтийн хяналт, оролцоог хангах хэлбэр хөгжөөгүй.
Цагдаагийн байгууллага, түүний удирдлагад хэв журам сахиулах болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах чиг үүрэг бүхэлдээ багтдаг, эдгээр ялгаатай чиг үүргийг хэрэгжүүлэх боловсон хүчнийг нэг сургууль, тухайлбал Цагдаагийн Академид бэлддэг зэрэг нь тус байгууллага тогтолцоогоороо цагдаа гэдэг хуулиас гадуур ашиг сонирхолтой, түүнийгээ хамгаалах сонирхолын зөрчилтэй болоход хүргэсэн.
Байцаан шийтгэх үйл ажиллагаан дахь хүний эрхийн зөрчлийн хяналтыг яллах чиг үүрэгтэй прокурорд олгосон нь хүний эрх болон байцаан шийтгэх ажиллагааны зарчмуудыг үнэ цэнэгүй болгосон. Шүүх процессын маргааныг үндсэн маргаантай хамт байцаан шийтгэх ажиллагааны төгсгөлд шийдвэрлэдэг байдал нь шүүхийг уг зөрчил одоо нэгэнт засагдахаасаа өнгөрсөн гэж үл тоомсорлох практик хандлагатай болгосон.
Өмгөөллийн эрх зүйн орчин сул, хүний эрхийг хамгаалагчдын хамгаалал болон стратегийн өмгөөлөл, гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоо бүрдээгүй.
Бүх шатны шүүхэд дээд шатны шүүхээс "шалган туслах" нэрийн дор захиргааны хяналт, удирдлагыг хэрэгжүүлдэг. Шүүн таслах үйл ажиллагаа болон шүүхийн захиргаа, шүүн таслах үйл ажиллагаа болон яллах чиг үүргийг гүйцэд салган зааглаж чадаагүй явдал шүүх нэг талыг барьсан, дээрээс үүрэг даалгавартай ажилладаг гэж үзэхэд хүргэсэн.
Хүний эрхийн Үндэсний Комисс хуулийн байгууллагад зөрчигдөж байгаа хүний эрхийн асуудлаар хяналт шалгалт явуулах бүрэн эрх хангагдаагүй, Улсын Их Хурлын хүний эрхийн дэд хорооны үйл ажиллагаатай уялдаа байхгүй, хүний эрхийн хандлага, мэдлэг дутмаг удирдлагатай, комиссын томилгоонд хүний эрхийн чиглэлээр ажилласан гэх шалгуур гол биш байдаг.
Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүрэгт мөрдөн шалгах хэлбэр байдаггүй, баримт мэдээллийг нягтлах эрх мэдэл дутмаг байгаа нь хүний эрхийн хяналтыг хэлбэрийн төдий болгосон зэрэг бэрхшээлүүд байна.

Энэ бүгдээс гадна хүний эрхийн зөрчлүүдийн суурь шалтгаан нь Монгол Улсад Хууль зүйн бодлого тодорхойгүй болж, Засгийн газар энэ салбараа орхигдуулсан, хүний эрх, шүүхийн бие даасан байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон гэмт хэрэгтэй тэмцэх, эрх зүйн шинэтгэл тэр дундаа хууль зүйн дэд бүтэц, түүний эрх зүйн орчны шинэтгэлийн асуудлууд, төсөв хөрөнгө нь эрхэлсэн сайдын "дотоод хэргийн" чиг үүрэгт нь дарагдаж анзаарагдахгүй болсонтой салшгүй холбоотой гэж дүгнэхээр байна.

2008 оны 7 дугаар сарын 1-ний үйл явдлаас сургамж авч, цаашид хуулийн байгууллагуудад хүний эрхийн зөрчлийн гаралтыг багасгах, арилгахад зайлшгүй шаардлагатай бүтцийн болон эрх зүйн өөрчлөлт хийхийг шаардаж, Засгийн газар хууль зүйн бодлогоо тодорхой болгож, хүний эрхийг хангах эрх зүйн шинэтгэлүүдийг эрчимжүүлэх нь зүйтэй гэж үзэн дараах зөвлөмжүүдийг гаргаж байна.

ЗӨВЛӨМЖ

Нэг. Улсын Их Хуралд:

Шүүх, хуулийн байгууллагын шинэчлэлийг эрчимжүүлэх, хүний эрхийг хамгаалах чиглэлд өөрчлөх
Хүний эрхийн Үндэсний Комиссын зохион байгуулалтыг өөрчилж, "хүний эрх"-ийн хяналтын эрх мэдлийг нэмэгдүүлэх, хуулийн байгууллагын үйл ажиллагаан дахь хүний эрхийн зөрчлийг хянан шалгах ажиллагааг хуульчлан баталгаажуулах. Хүний эрхийг хамгаалах чиглэлийн төсвийг нэмэгдүүлэх;
Хүний эрхийн Үндэсний Комисс болон Хүний эрхийн дэд хорооны үйл ажиллагааны уялдаа, харилцан хамаарлыг сайжруулж, Улсын Их Хуралд Хүний эрхийн Үндэсний Комиссын дүгнэлтийг хэлэлцэх журмыг хуульчилж, энэ чиглэлийн томилгоонд Хүний эрхийн дэд хорооны оролцоог бий болгох, Хүний эрхийн дэд хорооны ажлын албыг бий болгох, чадавхижуулах;
Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй хууль, УИХ-ын бусад шийдвэрт Хүний эрхийн асуудал хөндөгдөж байна гэж үзвэл тусгайлан Хүний эрхийн дэд хорооны дүгнэлт гаргуулдаг журмыг бий болгох;
Нээлттэй сонсгол, тэр дундаа мөрдөн шалгах чиг үүрэг бүхий сонсголын хэв маягийг Улсын Их Хурлын үйл ажиллагаа, түүний хянан шалгах чиг үүрэгт нэвтрүүлэх

Хоёр. Ерөнхийлөгчид:

Шүүх, прокурорын боловсон хүчний шинэтгэлийн бодлогод хүний эрхийн хандлагатай хандах;
Шүүгчийн томилгоонд хүний эрхийн хандлагыг шалгуур болгож, хуульчдаас шүүгчийг сонгон шалгаруулах журмыг олон улсын нийтлэг жишигт нийцүүлэх;
Шүүхийг хүний эрхийн баталгаа болох хувьд нь түүний хараат бус бие даасан байдлыг хангах чиглэлд Шүүхийн ерөнхий зөвлөлийг ажиллуулах бодлого баримтлах.

Гурав: Засгийн газарт:

Цагдаагийн байгууллагын өнөөгийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчилж хэв журам сахиулах болон мөрдөн шалгах албыг салгах;
Цагдаагийн байгууллагын дотоод хяналт шалгалтын тогтолцоог сайжруулж, түр саатуулах болон мөрдөн байцаах өрөө зэрэг хүний эрхийн зөрчил ихээр гарч буй хэсгүүдийг камержуулах, цагдаагийн камерын болон холбооны хэрэгслийн бичлэгийг хадгалах, хянах үйл ажиллагааг хуульчилж, хөндлөнгийн хяналтын тогтолцоог бүрдүүлэх, хүний эрхийн зөрчлийн хариуцлагыг нэмэгдүүлэх, нөлөөллийг сайжруулах;
Цагдаагийн боловсон хүчин бэлтгэх тогтолцоог мөрдөх, хэв журам сахиулахаар салган зохион байгуулж, хүний эрхийн агуулгыг нэмэгдүүлэх.
Галт зэвсэг хэрэглэх болон хэрэглэсний дараах харилцааг нарийвчлан хуульчилж, хариуцлагыг тодорхой болгох;
Эрүүгийн болон тагнуулын гүйцэтгэх албаны чиг үүргийг нарийн зааглаж мөрдөх албаны бүтэц зохион байгуулалт, хяналт, хариуцлагын тогтолцоог хуульчлах;
Прокурорын байгууллагаас хүний эрхийн болон гүйцэтгэх ажлын хяналт, процессын зарим чиг үүрэг, зөвшөөрлийг шүүхэд шилжүүлж, прокурорыг зөвхөн яллагчийн байр суурь, мөрдөх ажиллагааг удирдах эрх хэмжээтэйгээр шинэчлэн зохион байгуулах;
Шүүхэд мөрдөн байцаалтын хяналтын шүүгчийн бүтэц бий болгож, шүүгчдийн бие даасан байдалд халдаж буй дээд шатны шүүхийн захиргааны оролцоог шүүхийн бүх шатанд халах. Шүүх болон захиргааны үйл ажиллагааг салгах;
Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч захиргааны эрх мэдэл хэрэгжүүлдэг байдлыг халах, Шүүхийн ерөнхий зөвлөлийг өөрчлөн зохион байгуулах, шүүхийн захиргааны бүтцийг шүүгчдийн оролцооноос тусгаарлах;
Өмгөөлөгчдийн шүүн таслах үйл ажиллагаан дахь оролцоог нэмэгдүүлж, харилцагчийнхаа эрх ашгийг хамгаалах хууль зүйн баталгааг сайжруулах, хүний эрхийн хамгаалагчдын хамгаалалтын эрх зүйн орчинг бүрдүүлэх;
Өмгөөлөгчдийн холбоог Хуульчдын холбоо болгон өргөжүүлэн зохион байгуулах, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн зохион байгуулалт, тэр дундаа стратегийн өмгөөллийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох;
Гэрч, хохирогчийг хамгаалах эрх зүйн орчинг бий болгох, хохирол барагдуулах сан байгуулах;
Цагдаа, цэргийн албан хаагч нарын албан үүргээ гүйцэтгэх үедээ алдаа гарган хариуцлага алдсан, хүний эрхэнд халдсан, бусдад учруулсан хохирлыг хэрхэн түргэн, шуурхай шийдвэрлэж барагдуулах асуудлын талаарх хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох;
Хуульчдын давтан сургалтын агуулга, арга зүйд хуульчдад хүний эрхийн мэдрэмжтэй ажиллах ур чадварыг бий болгох чиглэлийг нэмэгдүүлэх;
Хүний эрхийн асуудлыг хуульчдийн ажил, мэргэжлийн ур чадварыг үнэлэх шалгуурыг гол үзүүлэлт болгох.

Цагдаагийн байгууллагад:

Цагдаагийн бие бүрэлдэхүүний чадавхийг тэр дундаа цагдаагийн албан  хаагчдын сэтгэл зүйн бэлтгэл болон ажлын ур чадварыг дээшлүүлэх, тэдэнд зориулсан сэтгэл зүйн заслын дэд бүтэц бий болгох;
Цагдаагийн байгууллагыг олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмж, тусгай хэрэгслээр хангах асуудлыг төсөвт суулган шийдвэрлүүлэх;
Цагдаагийн бие бүрэлдэхүүнд хүний эрхийн хандлага төлөвшүүлэх давтан сургалтын хэлбэрийг бий болгож, зардлыг тусгайлан төсөвт суулгах, хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудтай энэ талаар хамтран ажиллах:

Цагдаагийн байгууллагад гадагш хандсан тайлагнах тогтолцоог бий болгож, иргэд, олон нийтийн итгэл, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, хэвшүүлэх.

Энэ удаагийн дүгнэлт, зөвлөмжид олон нийтийг хамарсан үймээн самууны үеэр эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон иргэд, байгууллагын хохирлын асуудал болон эрүүл мэндээрээ хохирсон цагдаагийн албан хаагч нарын зөрчигдсөн эрхийн асуудал хөндөгдөөгүй бөгөөд цаашид тухайн зөрчигдсөн эрхийг сэргээж, учирсан хохирлыг төрөөс барагдуулах талаар арга хэмжээ авах нь зүйтэй гэж Ажлын хэсэг үзсэн болно.

Эцэст нь тэмдэглэхэд Хүний эрхийн Үндэсний Комиссын 2008 оны илтгэлд дурдсанчлан "Төрийн хууль бус халдлагад өртөж, ойр дотны хүнийхээ амь насаар хохирч, хагацал үзсэн хохирогчдоос уучлалт гуйх нь Монгол Улсын Засгийн газрын  үүрэг гэж үзэж байна" /Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын 2008 оны Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл. 24 дэх тал/.

Эрхэм гишүүд ээ,
Ажлын хэсгээс гаргасан дээрх дүгнэлт, зөвлөмжийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.

АЖЛЫН ХЭСГИЙН
АХЛАГЧ:
       Х.ТЭМҮҮЖИН

АЖЛЫН ХЭСГИЙН
ГИШҮҮН: 
     Б.ЧОЙЖИЛСҮРЭН
                    Ж.ЭНХБАЯР
                    З.ЭНХБОЛД

                                    
АЖЛЫН ДЭД ХЭСГИЙН         
ГИШҮҮН:
     Ж.ДАШДОРЖ
                  Ч.ОТГОНЧУЛУУН
                  С.ЭНХБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж