Чад улсад энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний нэгдүгээр ээлжийн 264 цэргийн албан хаагчид өчигдөр 20:10 цагт эх орондоо ирлээ. Энэ үеэр “НҮБ-ын мандаттай MINURCAT энхийг сахиулах ажиллагааны тус улс дахь хойд хэсгийн секторыг хариуцан ажилттай хамгаалсан бөгөөд энэхүү хугацаанд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга болон бусад удирдлагууд монгол цэргийн тэсвэр хатуужил, эр зоригийг өндрөөр үнэлсэн. Мөн манай албан хаагчид өнгөрсөн оны 12 сард Чад улсад очиж үүрэг гүйцэтгэх хугацаандаа бусад орны энхийг сахиулагчдад үлгэр жишээ байдлыг харуулан ажилласан нь Монгол Улсын Зэвсэгт хүчний нэр хүндийг өсгөхөд ихээхэн нөлөө үзүүлсэн” тус цэргийн багийн ахлагч хурандаа Л.Онцгойбаяр сэтгэгдлээ хуваалцсан юм. Тус улсад Төв Африкийн Бүгд Найрамдах Улсын зүүн хэсэгт төвлөрөөд байгаа дүрвэгсдэд хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх, НҮБ, Төрийн болон Төрийн бус байгууллагуудаас үзүүлэх хүмүүнлэгийн ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх, тэдний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, НҮБ-ын өмч, хөрөнгийг хамгаалах үүргээ хоёрдугаар ээлжийн бие бүрэлдэхүүнд энэ сарын 25-нд хүлээлгэн өгч, хүлгийн жолоог эх орны зүг яаран залсан талаар эр цэргүүд бахархан ярьж байлаа. Энэ үдэш хүүгээ, дүүгээ, ханиа, ааваа угтах үй олон хүмүүс Чингис хаан нисэх онгоцны буудалд хөл хөдөлгөөн ихтэй байлаа.
Д.Долгор