Н.Удвал: МАХН-ын байдал XXY их хурлын өмнөхөөс дор болчихоод байна

Хуучирсан мэдээ: 2010.02.28-нд нийтлэгдсэн

Н.Удвал: МАХН-ын байдал XXY их хурлын өмнөхөөс дор болчихоод байна

Н.Удвал: МАХН-ын байдал XXY их хурлын өмнөхөөс дор болчихоод байна
-Удахгүй хуралдах XXYI их хурлын төлөөлөгчид “Манай дарга нар сайн ажиллажээ" гэж хэлэх ямар ч шалтгаан, үндэслэл алга-

МАХН-ын Уламжлал-шинэчлэл, Ардчилал-шударга ёс жигүүрийн зохицуулагч Н.Удвалтай жигүүрийн үйл ажиллаганы талаар ярилцлаа.

-Оны өмнөхөн танай жигүүрийн удирдах бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон. Шинэ удирдлага ойрын үед ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?

– Дүрэмд заасан ротацийн дагуу жигүүр удирдлагаа сонгосон. Шинэ удирдлага юуны өмнө улс төрийн болоод намынхаа өнөөгийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж ойрын үед хийх ажлынхаа чиглэлийг гаргаж байна. Зарим судалгаагаар төрийн эрхийг барьж байгаа МАХН, түүнтэй хамтран засгийн эрхийг барилцаж байгаа Ардчилсан нам хоёрыг дэмжигчдийн тоо төдийлөн өсөхгүй, харин аль ч намыг дэмждэггүй хүний тоо өсөх хандлагатай гэсэн тоо баримт гарах боллоо. Энэ үнэхээр анхаарал татсан асуудал. Олон нийтийн улс төрийн намуудад хандах хандлага өөрчлөгдөж, итгэх итгэл яагаад буурах болов. Түүнд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг олж тодруулахгүйгээр ямар ч улс төрийн бодлого үр дүнтэй байж чадахгүй.

-МАХН-ын өнөөгийн байдал ямар байна вэ?

-Намын дарга С.Баяр Ерөнхий сайдын албанаасаа эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдсөнөөс хойш намд шинэ нөхцөл байдал үүслээ. Намын дарга Ерөнхий сайд байна гэсэн МАХН-ын их хурлын шийдвэр бий. Эрх үүргийн талаасаа энэ хоёр албан тушаалыг хоёр өөр хүн хашиж байгаа нь намын хувьд ч, төр засгийн хувьд ч олон асуудал үүсгэж байна. Үүнийг даруй шийдвэрлэх ёстой. Нөгөө талаасаа МАХН-ын XXY их хурлаа бид намын бодлогоо тодорхойлсон. Энэ бодлого хэрхэн хэрэгжив гэдэгт үнэлгээ дүгнэлт өгөх цаг болсон. Намын даргын ажлыг хийхгүй байж болдог, намын даргад хийх ажил байдаггүй гэсэн шүүмжлэл сүүлийн үед гарч байгааг анхаарахгүй орхиж болохгүй байна.

-Танай нам шүүмжлэлд ер нь дургүй биз.Зарчмын асуудал тавьж байгаа гишүүддээ халгаатай байх шиг санагддаг…

-Нам гэхээсээ илүүтэй намыг удирдаж байгаа зарим нэг хүний санаатай явуулга гэж яривал зүйд нийцнэ. Нам олон урьгалч үзэл, шүүмжлэлд анхааралтай, бүтээлч хандана гэдгээ их хурлаар баталсан баримт бичигтээ тов тодорхой тусгасан. Бодитой шүүмжлэл бол гашуун боловч эм. Шүүмжилж байгаа хүндээ ч, шүүмжлүүлж байгаа талдаа ч тийм амттай сайхан байдаггүй. Зарчмын шүүмжлэл хэлж байгаа нөхдөө баалах биш шүүмжлээд байгаа дутагдлаа засвал намын нэр хүндэд тустай гэж боддог. Шүүмжлэлийг хааж боогдуулан алдаагаа зөвтгөж олон түмний толгойг эргүүлэх мэдээллийг зохион байгуулалттай цацаж мэдээллийн терроризм хийх нь бидний ажилд үнэхээр хохиролтой бөгөөд хортой тусч байна.
-Жигүүр ойрын үед ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?

-Намынхаа имиж, нэр хүндийг өсгөх зарим арга хэмжээг хэрэгжүүлэх санал дүгнэлтээ гаргаж намынхаа ажилд туслана. МАХН-ын XXYих хурлын шийдвэрийн хэрэгжилтэд үнэлгээ дүгнэлт өгөх ажил үндсэндээ дуусч байна. Аймаг, орон нутаг, нийслэл дүүргийн намын гишүүд дэмжигчдээс манайд олон санал хүсэлт ирж байгаа. Энэ дотор нам олон түмний үгийг сонсохгүй байна, боловсон хүчний бодлого алдагдаж байна, төрийн ажил унаж байна, намын аль ч шатанд Ардчилсан намынхантай хуйвалдаж албан тушаал, эрх мэдлийг тэдэнтэй хувааж авч байна гэх мэт шүүмжлэл илтэд давамгайлж байна. Гишүүдээс ирсэн эдгээр санал хүсэлтийг анхааралтай судалж үзэж байна. Мөн тэдэнтэйгээ уулзаж ярилцахаар төлөвлөж байна, эдгээр санал хүсэлтийн дотор манай жигүүрийг шүүмжилсэн санал цөөнгүй ирсэн. Тухайлбал, намыг шинэчлэх дорвитой ажил хийхгүй байна, жигүүрийн ажил удаашралтай, үр дүн муутай байна, намын удирдлагуудын амыг харж, санаачилга муутай ажиллаж байна, гишүүд дэмжигчидтэйгээ уулзахгүй байна, харилцаа холбоо нь шуурхай биш байна гэх мэт олон санал байсан. Гишүүдийн шүүмжлэлийг бид хүлээж авч байна. Жигүүр удахгүй веб хуудсаа хийж үйл ажиллагаагаа олон түмэнд нээлттэй, ил тод болгоно. Гишүүд дэмжигчидтэйгээ уулзаж тэдний санал бодлыг сонсч намынхаа удирдлагад хүргэх ажилд шуурхайлан орохоор төлөвлөсөн. Ер нь жигүүр байгуулагдсан цагаасаа эхлээд жирийн гишүүдийнхээ дуу хоолой болж ирсэн боловч тэднийг намтай холбох гүүр байж чадаагүй юм. Энэ байдалдаа бид дүгнэлт хийж байгаа.

-МАХН-ын XXY их хурлын шийдвэрийг нийгэм их эерэгээр хүлээж авсан. Одоо л нэг өөрчлөгдөж хариуцлага, шударга ёс тогтох нь дээ гэж олон хүн хүлээж байсан…

-Асуудлын гол үүнд байгаа юм. Их хурлаараа намын, төрийн шинэчлэлийн үзэл баримтлалтай холбоотой бодлогын баримт бичгүүдээ батлаад гаргачихсан. Эдгээр бодлогыг их хурлаас сонгогдсон бага хурал, удирдах зөвлөл амьдралд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах учиртай. Гэтэл их хурлын шийдвэрийн хэрэгжилт туйлын хангалтгүй байна. Намын гишүүд, дэмжигчид нам, төрийн одоогийн байдлыг XXY их хурлын өмнөхөөс долоон дордлоо гэх боллоо. Удахгүй хуралдах XXYI их хурлын төлөөлөгчид манай дарга нар сайн ажиллажээ гэж хэлэх ямар ч шалтгаан, үндэслэл байхгүй байна. Яах гэж намын их хурлыг хийдэг юм бэ. Шийдвэрийг нь хэрэгжүүлээгүйгээс болж тэр олон хүний хүч хөдөлмөр, итгэл үнэмшил, энэ их хурлыг хуралдуулахад зарсан хөрөнгө мөнгө салхинд хийссэнтэй адил боллоо шүү дээ.

-Яагаад ийм байдалд хүрчихэв?

-Хариулт тодорхой. Их хурлын дараа намын шинэчлэлийг эсэргүүцэж байсан, намыг шинэчлэх асуудлын шалтгаан болж байсан бүлэглэлээр нам, төр засгаа удирдуулаад , бүх эрх мэдлийг тэдний гарт атгуулчихсан нь ийм байдалд хүргэсэн. Энэ нь бидэнд маш том сургамж боллоо. Шинэчлэл, шударга ёсны үзлийг тээгчдээр намын удирдах бүрэлдэхүүнийг өргөжүүлэхгүйгээр шинэчлэлийн тухай ярих ч хэрэггүй юм байна гэдгийг бид яс махандаа шингэтэл мэдэж авлаа. Цаашдаа шинэчлэл, шударга ёсны үзэл санаа, үйл хэргийг намынхаа үзэл санаа, үйл хэрэг болгохын төлөө, улмаар үндэсний хэмжээний үзэл санаа, үйл хэрэг болгохын төлөө явахаас өөр ямар ч сонголт бидэнд үлдсэнгүй.

-Танай жигүүрийнхнийг албан тушаал горьдогчид, албан тушаал аваад дуугүй болдог гэсэн ойлголт байдаг?

-Албан тушаал бол горьдоод суудаг бялуу биш. Харин ч өндөр үүрэг, хариуцлага байдаг учраас чаддаг нь хийх ёстой гэдэг байр суурь дээр бид байдаг. Жигүүрийг дэмждэг гишүүд Монгол Улсын иргэд. Үндсэн хуулиар олгосон эрхийнхээ дагуу мэргэжил, боловсрол, туршлагадаа тохирсон ажлыг бусадтай адил хийх эрх нь хуулиар бидэнд нээлттэй. Жигүүрийн зарим гишүүн төрийн албанд очоод улс төрийн намын харьяаллаас хуулийн дагуу түтгэлзсэн. Тэдний дуугүй байгаа нь албан тушаалд очоод дуугүй болж байгаа биш, харин хууль дээдэлж байгаа хэрэг юм. Манай жигүүрийнхнээс ажил албан тушаал дээр очсон хүмүүсээс төрийн хууль тогтоомж зөрчиж, хувийн эрх ашгаа урьдал болгосон гэж шүүмжлэгдэж байгаа хүн байхгүй. Асуудлыг аль өнцгөөс нь харж байна гэдгээс ихээхэн шалтгаална. Тавьж байгаа санал, шаардлага нь улс орны эрх ашиг, төрийн, намын эрх ашгийн төлөө байгаа бол албан тушаалтай нь хэлнэ үү, албан тушаалгүй хэлнэ үү, үүнд зарчмын ялгаа байхгүй. Намын гишүүд намдаа ижилхэн үнэ цэнэтэй байх ёстой. Албан тушаалтай, тушаалгүйгээр нь гишүүдээ ялгаварлаж байгаа нь өөрөө хүний эрхийг зөрчиж байгаа ноцтой алдаа юм. Шүүмжлээд байгаа асуудлаа л шийдэх ёстой. Жигүүрийнхнийг албан тушаал горилогчид гэж байгаа нь албан тушаалын наймаа, арилжааг зогсоохын төлөө хийж байгаа бидний тэмцэлийг мохоохын тулд өгсөн хоч гэмээр юм уу даа.

-Танай жигүүр намынхаа боловсон хүчний томилгоог их шүүмжилж байх шиг байдаг. Энэ нь эргээд та нарыг албан тушаал авах гэж шантаажилдаг гэх мэт нэр хоч зүүхэд хүргэдэг юм биш үү?

-Манай нам боловсон хүчний талаар мөрдөж хэрэгжүүлэх журмыг гаргаж боловсон хүчнээ гурван шалгуураар сонгож байхаар журам дүрэмдээ тусгасан. Энэ журмыг манай Ө.Энхтүвшин дарга ажлын хэсгийг нь ахалж боловсруулаад намын Бага хурлаар батлуулж байлаа. Үүнийгээ хэрэгжүүлэхгүй байна гэж л бид шүүмжилдэг. Бид ч гэж, бараг бүх хүн Монгол төрийн боловсон хүчний бодлого алдагдсантай санал нэг байгаа шүү дээ. Боловсон хүчний бодлого бол нэг хүнийг ажилтай болгох гэх шиг тийм жижиг асуудал биш, маш өргөн хүрээний асуудал байдаг. Цаанаа Монгол төрийн чадавх, нэр төр, имиж, ой санамж, хариуцлага, ёс зүйг агуулж байдаг учраас маш чухал асуудал юм. Саяхан би хотын намын хорооны дарга байсан Б.Лантуу гуайтай тааралдаж хоёр гурван үг солиход л боловсон хүчнийг яаж шилж сонгодог байсныг тэрээр дурдаж байсан. Өөрийг нь хотын намын хорооны даргаар тавихын тулд төрсөн нутагт нь очиж судалсан байх жишээтэй. Одоо хүмүүс боловсон хүчний томилгоог албан тушаалын ченж гэж ярьдаг болжээ. Нөгөө махны ченж, валютийн ченж гэж байдаг шүү дээ. Түүнтэй адилтгаж байгаа бололтой. Үүнийг харсаар байж дуугүй өнгөрөх ёс суртахууны эрх бидэнд байхгүй.

-Боловсон хүчнийг шилж сонгох гурван шалгуурын тухай та ярилаа. Тэр нь юу юм бэ?

-Журамд боловсон хүчнийг шилж сонгохдоо ёс зүй, мэргэжил, туршлага, улс төрийн шалгуурыг харгалзан үзнэ гэж заасан. Тухайлбал, ёс зүйн алдаа гаргах тусмаа албан тушаал ахиад байвал олон түмний зүгээс ирэх шүүмжлэлтэй тулгарах нь зүй ёсны хэрэг биз дээ. Мэргэжил, боловсролоороо тэнцэхгүй мөртөө өөрөөсөө ахадсан ажил дээр томилогдоод байхаар тийм томилгоо хийж байгааг нь хүмүүс шүүмжлэхгүй ямар магталтай нь биш дээ. Улс төрийн шалгуурын хувьд бол бүр ч бүрхэг. Улс төрийн байгууллагын хувьд намынхаа нэр хүнд, хөгжил дэвшилд ямар ч үнэ цэнэ нэмэхгүй мөртөө, харин ч нэр хүндийг нь унагаж болох, болохгүй хэл аманд байнга орооцолдож, нэр нь сэвтсэн, хэзээ ч сайн нэр иргэж ирэх нь өнгөрсөн хүмүүсийг төрийн өндөр ажил, албан тушаалд сэлгүүлэн залаад байхаар олон нийт дургүйцэлгүй яахав дээ. Энэ бүхэн нийлсээр байгаад намын нэр хүнд унах цөм бий болчихож байгаа юм. Бид үүнийг л засч залруулаач, олон хүн өрсөлдүүлээч, зөв сонгооч гэж намынхаа удирдлагад санал тавьдаг. Үүний хариуд та нар албан тушаал горьдогчид гэвэл эрүүл үзэгдэл гэх үү. Эмгэг үзэгдэл гэх үү.

-Хууль дээдлэх гэснээс хууль бус үйлдэлд нэр холбогдсон гишүүдтэй хариуцлага тооцох асуудлыг анх танай жигүүр хөндөж байсан?

-Тиймээ. МАХН-ын XXY их хурлын шийдвэрт "…хууль бус үйлдэлд нэр нь холбогдоод буруугүй гэдгээ нотолж чадахгүй бол өөрөө тухайн албан тушаалаасаа огцордог улс төрийн соёлыг бий болгоно" гэж заасан. Саяхан манай жигүүрийн зохицуулагч байсан, одоо Татварын Ерөнхий газрын дарга Ц.Оюунбаатар хэвлэл мэдээлэлд өөртэй нь холбоотой гарсан мэдээллийн дагуу өөрийгээ шүүхэд өгч шалгуулах хүсэлт тавьсан байна лээ. Энэ бол хамгийн эрүүл үзэгдэл. Хүн бүр ийм байдаг бол зүгээр л байна.

-Зарим хүн танай жигүүрийг үүргээ гүйцэтгэсэн гэж үздэг юм шиг байна?

-Тийм үү, хэн тэгж байна? Манай жигүүр үүсэн байгуулагдсан цагаасаа эхлээд намын эв нэгдэл, нэр хүндэд харш ёс зүйгүй, хууль бус үйлдлүүдийн эсрэг хатуу байр суурь баримталж ирсэн. Мөн намын их, бага хурлаар намын шинэчлэлийн талаар баталсан шийдвэрээ хэрэгжүүлэхийг намынхаа Удирдах зөвлөлд сануулж анхааруулж ирсэн ч тэр бүр биелэхгүй байна. Намын шинэчлэлд мэдэгдэхүйц ахиц гарахгүй байна. Иргэдийн дунд хийсэн судалгааг харахад манай намыг цаашид шинэчлэл хийх хэрэгтэй гэсэн санал давамгайлж байна. Намын дотоод ардчилал өдөр дутмын үйл ажиллагааны хэм хэмжээ болж чадаагүй. Намын шат шатны байгууллагаас гарч байгаа шийдвэр нь тэр бүр шударга байж чадахгүй байна. Намын ажлын хамгийн зөв зүйтэй гэж нийгэмд үнэлэгддэг байсан уламжлал сэргэхгүй байна. Байдал ийм байхад зорьсон ажлаа дутуу орхиод буцаж болохгүй биз дээ. Жигүүр бол намын дүрмээр зөвшөөрсөн, намын дотоод ардчиллын цорын ганц баталгаа болсон байгууллага. Жигүүр өөрийн зорилгоо биелүүлсэн гэж үзвэл санаачлагаараа үйл ажиллагаагаа зогсоож болно. Гэтэл намын байдал XXY их хурлын өмнөхөөс ч дор болчихоод байхад урьд, урьдынхаасаа ч илүү идэвхитэй ажиллах шаардлага гарч ирээд байна шүү дээ.

-Ардчилал гэснээс "Нийгмийн ардчиллын аян" гэсэн ажлыг МАХН эхлүүлээд явж байна. Энэ нь танай нам ардчилагдаж байгаагийн шинж үү?

-Ийм аяныг эхлүүлж байна гэдэг бол маш том ажил. Хамгийн наад зах нь МАХН-ын удирдлагад нийгмийг ардчилах улс төрийн хүсэл зориг байгаагийн илэрхийлэл юм. Аливаа зан үйлийн өөрчлөлт мэдлэг, хандлага, дадлын нэгдэл байдаг. Энэ аян нийгмийн ардчиллын талаар намын гишүүд дэмжигчид, олон түмэнд зөв ойлголт өгөхөд их ач холбогдолтой ажил болсон. Ойлголт мэдлэгтэй болсон хүнд зөв хандлага бий болох хөрс суурь бүрдэнэ. Мэдээж аяны II шат нь нийгмийн ардчилалын харилцаа хандлага руу чиглэх байх.

-Ардчилсан хувьсгалын ойг МАХН, Ардчилсан нам хоёр хамтраад эвтэй найртай нь аргагүй улс даяар тэмдэглээд өнгөрүүлчихлээ гэсэн ойлголт хүмүүст байсан. Гэтэл Ардчиллын 10 найзыг Ардчилсан намаас тодруулж, Ардчиллын 10 дайсныг МАХН-аас тодруулсан мэдээ хүмүүсийн сэтгэл рүү ус цацчих шиг болсон?

-Амжилт алдаагаа адилхан хуваалцаж чаддаг улс төрийн эр зориг улстөрчдөд хэрэгтэй. Амлалтаа биелүүлэхийн тулд олонх ажилладаг, алдаа гаргуулахгүйн тулд цөөнх ажилладаг. Сүүлийн 20 жилийн дөрвөн жилд нь МАХН, дөрвөн жилд нь Ардчилсан нам дангаараа засгийн эрх барьжээ. Үлдсэн 12 жилд нь Их эвслийн, Үндэсний Эв нэгдлийн, Эвслийн гэх тодотголтой хамтарсан Засгийн газрууд ажиллаж ирсэн байна. Ийм учраас ардчиллын жилүүдэд олсон ололт, алдаа бүхэн энэ хоёр намд тэнцүүхэн оногдох ёстой. Ардчиллын 10 найз дотор ч ардчиллыг анарх болгосон, ардчиллын амин сүнс болсон хариуцлагын тогтолцоог нураасан хүмүүс байж л байна лээ. Тэгвэл тэд ардчилалд найз нь байх уу, дайсан байх уу гэдэг нь эргэлзээтэй л асуудал болоод ирнэ.

Д.ОЮУНЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж