Г.Цэрэнсүх: “Бид 140-өөд орны төрийн дууллыг цээжээр тоглодог

Хуучирсан мэдээ: 2010.06.26-нд нийтлэгдсэн

Г.Цэрэнсүх: “Бид 140-өөд орны төрийн дууллыг цээжээр тоглодог

Г.Цэрэнсүх: “Бид 140-өөд орны төрийн дууллыг цээжээр тоглодог
Тун удахгүй манай үлээвэр найрал хөгжимчид АНУ-ын Тэнгисийн явган цэргийн үлээвэр найрал хөгжмийн томоохон бүрэлдэхүүнтэй хамтарсан тоглолт хийх гэж байгаа. Ингээд Зэвсэгт хүчний жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн дарга, ерөнхий удирдаач, Монголын үлээвэр хөгжмийн холбооны дэд ерөнхийлөгч хурандаа, дэд профессор Г.Цэрэнсүхтэй уулзаж, хамтарсан тоглолт болон сүүлийн үеийн уран бүтээлийнх нь талаар ярилцсан юм.

-АНУ-ын тэнгисийн цэргийн үлээвэр хөгжмийнхөнтэй хамтран тоглох гэж байгаа тоглолтын чинь талаар хоёулаа яриагаа эхлэе?
-Зэвсэгт хүчний жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимийн гадаад харилцаа сүүлийн жилүүдэд гадаад нэлээд хөгжиж байгаа. Ялангуяа, үлээвэр хөгжим өндөр хөгжсөн гадаадын орнуудын үлээвэр найрал  хөгжимчидтэй хамтарсан тоглолт хийж, мөн олон оронд зохиогдсон цэргийн үлээвэр хөгжмийн наадмуудад оролцож байна. Ер нь гадна, дотноос урилга их ирчихсэн байгаа. Бид Америкийн нэгдсэн улсын Зэвсэгт хүчний цэргийн хөгжимчидтэй хамтарсан тоглолтоо дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа нь энэ. 2007 онд анх АНУ, Ази номхон далай дахь агаарын хүчний хөгжмийн цөөхүүл хамтлаг ирж байсан. Өмнөх гурван удаагийн тоглолт цөөхүүл хөгжмийн хамтлагтай хамтарсан тоглолтууд байсан бол энэ удаагийнхад 40-өөд хүний бүрэлдэхүүнтэй том хэмжээний үлээвэр найрал хөгжим ирж байгаагаараа энэ жилийн тоглолт онцлогтой. АНУ-ын Номхон далай дахь тэнгисийн үлээвэр найрал хөгжмийн бүрэлдхүүн ирсэн. Энэхүү хамтлагийн цөөхүүл хөгжимтэй өнгөрсөн жил, хоёр жилийн өмнө ч гэсэн хамтарсан тоглолтоо хийж байсан. АНУ-ын тэнгисийн явган цэргийн үлээвэр хөгжмийн хамтлаг бол ер нь дэлхийд алдартай том үлээвэр найрал хөгжмийн хамтлаг. Америкдаа бол ерөнхийлөгчийн тэнгисийн явган цэргийн үлээвэр хөгжим гэж явдаг. АНУ-ын Ази номхон далай дахь тэнгисийн явган цэргийн үлээвэр хөгжим болохоор нь Азидаа олон тоглолт хийсэн, Азид болдог цэргийн үлээвэр хөгжмийн наадмуудад оролцдог. Бид нар 2002 онд АНУ-ын наймдугаар армийн хөгжимтэй хамтарч, олон улсын цэргийн үлээвэр найрал хөгжмийн наадамд оролцож байсан. Мөн 2006, 2007 онд Солонгост яг энэ АНУ-ыг тэнгисийн явган цэргийн үлээвэр хөгжмийн хамтлаг оролцож байсан наадамд манайх оролцож байсан, бие биенээ зүс мэддэг хамтлаг байгаа юм л даа.

-Хамтарсан тоглолтоо хэзээ, хаана хийх вэ?

-Энэ сарын 28-нд Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгатай хамтарсан тоглолтыг хилийн цэргийнхэнд зориулж, Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгын байранд хийнэ. 29-нд Офицеруудын ордонд манай үлээвэр найрал хөгжимтэй хамтарсан тоглолтоо хийнэ. Мөн 30-нд Сүхбаатарын талбайд 19.00 цагт хөгжимтэй, жагсаалын хөдөлгөөнтэй үзүүлэх тоглолт, концертын зохиолоор тоглолт хийх гэж байгаа. Мөн долдугаар сарын нэгэнд Дархан хотод тоглолт хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.

-Өнөөдрөөс эхлээд хамтарсан бэлтгэлийг эхлүүлж байгаа гэсэн үү?
-Хамтарсан бэлтгэлийг тус, тусдаа хийж байгаа. Тоглолтын ноотуудаа манайх, тэднийх хоёр талдаа авчихсан бэлдэж байгаа. Нэгдсэн сургуулилтыг энэ сарын 26-нд бүтэн өдөр хийнэ. Үндсэндээ тоглолтын бэлтгэлээ бүрэн хангаж байгаа.

-Хаанаас энэхүү тоглолтыг зохион хийж байгаа вэ?
-АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны цэрэг агаарын цэргийн атташегийн газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Зэвсэгт хүчний жанжин штабын үлээвэр найрал хөгжим хамтран хийж байгаа.

-Хамтран тоглох саналыг танай талаас АНУ-ын тэнгисийн цэргийн үлээвэр найрал хөгжмийн хамтлагт тавьсан уу?
-Бид нар урьд нь АНУ-ын үлээвэр найрал хөгжмүүдтэй хамтарсан тоглолтыг хийж байсан. Энэ жил хаанахын ямар хөгжим ирэх вэ гэдгийг мэдээж  АНУ-ын элчин сайдын яамны атташегийнхан өөрсдийн шугамаар ярьж тохироод ирж байгаа юм.

-Тоглолтын хөтөлбөрийг сонирхуулахгүй юу?
-Монголын орчин үеийн сонгодог хөгжмийн зохиолуудаас тоглоно. Мөн Америкийн хөгжмийн зохиолчдын зохиолуудаас болон дэлхийн сонгодог хөгжмийн зохиолчдын  бүтээл, орчин үеийн хөгжмийн зохиолууд орно.

-Тоглолтын тасалбар ямар үнэтэй вэ? Хаанаас авболох ч бол?
-Офицеруудын ордон, Сүхбаатарын талбайд тоглогдох хамтарсан тоглолтууд бүгд үнэ төлбөргүй ганцхан удаа болно.

-Танайх хамгийн сүүлд хаана, ямар тоглолтоо хийв?
-Манай зэвсэгт хүчний жанжин штабын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн үндсэн үүрэг бол төрийн болон цэргийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд хөгжимдөх, хөгжмөөр үйлчлэх, гадаадын өндөр, дээд хэмжээний зочин төлөөлөгчийг угтах, гадаадаас Монголд суух элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барихад угтаж авах, бусад баяр ёслол болон нийтийн арга хэмжээнд хөгжмөөр үйлчилдэг. Олон улсын хэмжээний хөгжмийн наадмын тухай ярих юм бол манайх хамгийн сүүлд Герман улсын Гремен хотод болсон Олон улсын цэргийн үлээвэр найрал хөгжмийн наадамд сая хоёрдугаар сард оролцоод ирсэн. Энэ наадам бол 50 гаруй жилийн түүхтэй, жил болгон болдог том хэмжээний наадам л даа. Энэ жилийн хувьд дэлхийн үлээвэр найрал хөгжим өндөр хөгжсөн арваад орны найрал хөгжим оролцсон. Цэргийн дуу, бүжгийн чуулгын хамтлаг, манай үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн бие бүрэлдэхүүн гээд 65 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцсон. Германд болсон наадамд хамгийн олон хүнтэй бүрэлдэхүүнээр манай Монгол оролцсон. Энэ наадамд Германд суугаа Монголын элчйн сайдын яам, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб маш их дэмжлэг үзүүлсэн. Мөн Монголд суугаа Германы элчин сайдын яам дэмжлэг туслалцаа үзүүлсэн. Ер нь Германд наадамд оролцох нь уламжлал болоод байна л даа. 2007 онд Берлинд болсон Олон улсын цэргийн үлээвэр хөгжмийн XXIII дахь наадамд оролцсон.

-Гадаадад болж байгаа олон улсын наадам, тэмцээнд оролцоход улсаас ивээн тэтгэж явуулдаг уу?
-Европт анх удаа 2007 онд тоглосон. Энэ наадамд оролцоход, ирж очих замын зардлыг манай Батлан хамгаалахын яам, Шинжлэх ухаан соёл урлагийн сан, Германд суугаа Монголын элчин сайдын яам хамтран зардлыг нь гаргаж байсан. Зохион байгуулагчдаас тодорхой хэмжээний туслалцаа үзүүлсэн. Бусад наадмуудад үндсэндээ зохион байгуулж байгаа газрууд зардлыг нь дааж байдаг.

-Танайх одоогоор хэдэн хүний бүрэлдэхүүнтэй вэ?
-Нийт 80 хүний бүрэлдэхүүнтэй байх хэрэгтэй ч одоогоор 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

-Хаана бэлтгэгдсэн хөгжимчид ажилладаг вэ?
-Манай Батлан хамгаалахын их сургуулийн дэргэд 1991 онд Цэргийн хөгжмийн сургууль гэж байгуулагдсан. Энэ сургуулийг төгссөн мэргэжлийн хөгжимчид байна. Олон улсын үлээвэр хөгжмийн наадмуудад оролцоод харж байхад манай хөгжимчид тэднээс дутахгүй ур чадвартай байдаг. Яагаад гэвэл багш, удирдаачид нь ихэнх нь ОХУ-д Москвагийн Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургууль төгссөн байдаг. Оросын хөгжмийн школ дэлхийд алдартай учраас бид хаа ч очсон нүүр бардам байдаг даа.

-Та сүүлийн жилүүдэд гадаад харилцаа түлхүү хөгжиж байгаа гэсэн. Энэ тухайгаа дэлгэрэнгүй ярихгүй юу?
-Гаднаас олон урилгууд ирдэг. Энэ онд л гэхэд Голланд, Англи, Япон, Норвеги, Малти гээд  олон улсын наадмуудын урилгатай байгаа. Гэхдээ энэ наадмуудад тухайн зохион байгуулж байгаа орны нөхцлөөс болоод олон хүнтэй оркестр явахад хүнд байдаг. Тухайн газар зөвхөн зардлыг нь даах ч юм уу хэсэгчлэн даах гээд янз бүр л байдаг л даа. Голдуу өөрсдөө даана
гэсэн наадамд л оролцдог. Энэ жил Норвегийн Осло хотод болсон цэргийн үлээвэр хөгжмийн наадамд Монголоос хөгжимчид орсон. Манай Монголын цэргийн хөгжмийн таван сонсогч Москвагийн цэргийн хөгжмийн сургуульд сурч байгаа. Тэр наадамд Москвагийн цэргийн хөгжмийн бүрэлдэхүүнд манай таван хөгжимчин багтан хамт оролцсон байгаа. Тэгэхээр би бас Норвегийн цэргийн хөгжмийн наадамд монголчууд оролцлоо гэж бодож байгаа.

-Хөгжимчдөө гадаадад хир их сургадаг вэ?
-Өнгөрсөн жил Энэтхэгийн цэргийн сургуульд суралцах хоёр хуваарь ирсэн. Хэлний бэлтгэл хангах шаардлагаар орж чадаагүй. Энэ жил дахиад тэр хоёр хуваарь ирнэ. Хоёр хөгжимчин явахаар хэлний бэлтгэлд сууж байгаа. ОХУ-д сургаж байгаа. Гэхдээ бид нар олон улсын наадам тэмцээнд оролцоно гэдэг чинь нилээд томоохон хэмжээний сургалт болж байдаг. АНУ-ын хөгжимчидтэй хамтарсан тоглолтоос бид нар ч юм сурна, тэд ч бас биднээс суралцах юм байгаа гээд өндөр ач холбогдолтой.

-Монголын үлээвэр хөгжим, дэлхийн үлээвэр хөгжмийн хэмжээнд хаана нь явдаг вэ?
-Ер нь дээгүүр яваа. Яагаад энийг баттай хэлж байна гэхээр хөгжмийн мэргэжлийн сургалтууд сайн явагдаж байгаа. Олон улсын наадмаас урилга ирж байна аа гэдэг нь чанар сайн байгаагийн нэг үзүүлэлт. Мэдээж 65 хүний бүрэлдэхүүнтэй заставын долоо хоногийн бүх зардлыг даагаад урина гэдэг бол сайн байна л гэсэн үг юм. Гадаадад наадмуудад оролцож байхад монголчуудыг маш өндрөөр хүлээж авдаг. Өнгөрсөн жил Швейцарийн үлээвэр хөгжимтэй Ялалтынх нь талбайд, Солонгост хуурай замын цэргийн үлээвэр найрал хөгжимтэй болон ОХУ-ын Батлан хамгаалах яамны төв хөгжим гээд дэлхийд нэгт явдаг үлээвэр найрал хөгжимтэй 2003 онд, Солонгост болсон наадам дээр Английн хатан хааны ёслолын хөгжимтэй хамтарсан тоглолтуудыг тус, тус хийж байсан.

-Хамтарсан тоглолтуудаас хамгийн сэтгэлээс гардаггүй тоглолтоо эргэн дурсвал? 
-Мэдээж  2003 онд Солонгосын Гуанжу хотод болсон олон улсын наадамд анх орж байсан үе. Бас Европт анх удаа Германд хийсэн тоглолт байна. Германы Кёлн хотын Арена цэнгэлдэхэд 60 мянган үзэгчийн алга ташилтанд тоглоно гэдэг бол үнэхээр сэтгэл хөдөлгөм байсан шүү.

-Хамтарсан тоглолтын дараа бие даасан тоглолтын төлөвлөгөө байгаа юу?
-Энэ намар хоёр бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөөд байгаа. Нэгдүгээрт, үлээвэр хөгжмөөр сонгодог хөгжмийг яаж тоглодог юм бэ гэдгийг харуулах, яг л сонгодог хөгжим шиг дан симфони, сонгодог зохиолуудаас тоглон, дуучид нь сонгодог, ари дуулна. Мөн үлээвэр найрал хөгжмөөр орчин үеийн эстрад жазз хөгжмийг яаж тоглох вэ гэдгийг үзүүлэх зорилттой байгаа. Үлээвэр хөгжмийн онцлог нь сонгодог хөгжмийн зохиолуудыг симфони шиг тоглоно, эстрад жазз хөгжмийн зохиолуудыг жазз хөгжмийн хамтлаг шиг л тоглоно. Хоёрдугаарт, манайд нэлээд том хэмжээний “Соёмбо” гээд жазз хамтлаг байсан. “Соёмбо” хамтлагт “Харанга” хамтлагийнхан байсан ш дээ. Чулуунбат, Энхманлай, Пүрэвдаш гээд л. Тийм учраас энэ жазз хөгжмийн хамтлагийг сэргээж дахин ажиллуулья, тоглолт хийе гэсэн зорилттой байна.

-Цэргийн үлээвэр найрал хөгжмийн онцлогийн талаар ярьж өгөөч?
-Үлээвэр найрал хөгжмийн онцлог давуу тал нь ямар ч хөгжмийг тоглож болно. Үүнээс гадна цахилгаан хөгжим шиг өсгөгч апаратур хэрэг болоод  байхгүй. Бусад симфони найрал хөгжим шиг сандал ширээ хэрэг болоод байхгүй. Тэр бүр гэрэл, тайз шаардаад байхгүй, ямар нэгэн өсгөгч апаратурны ч хэрэггүй, сандал ширээгүй жагсаад, зогсоод байгаад өөрийнхөө акустикаараа гадаа ч тоглож болдог. Иймээс харьцангуй зардал бага концертуудыг хийж болно.

-Үлээвэр найрал хөгжмийн хөгжимчид бусад хөгжимчдөөс ялгаатай нь хөгжимдөхөөс гадна хөдөлгөөнт жагсаал хийх гээд ур чадвар их шаарддаг уу?
-Жагсаалаар янз бүрийн хөдөлгөөн хийдэг. Гүйж гарч ирээд л, мөлхөөд хайрцаг үүсгэн жагсах гээд л.

-Үлээвэр хөгжмийн хөгжимчид ноот харахгүй тоглодог нь миний сонирхлыг их татсан. Тухайн тоглолт бүрийн өмнө бэлтгэл хийн цээжилдэг үү?
-Манай хөгжимчдийн бас нэг онцлог нь ноот хөгжмийн зохиолыг цээжээр тоглох дадлагатай. Манай урын санд 140-өөд орны төрийн дуулал байдаг. Төрийн дуулал гэдэг бол өөрөө бие даасан зохиол. Зарим орны төрийн дуулал маш урт бүхэл бүтэн симфони шиг байхад зарим орных цөөхөн хэдэн нооттой хөнгөхөн байдаг гээд өөр, өөрийн онцлогтой л доо. Жишээ нь,
Латин, Америкийн орнуудын төрийн дууллууд асар урт байдаг ч тэр бүгдийг манай хөгжимчид цээжлээд тоглодог.

-Энэ хамтарсан концертийн удирдаачаар хэн, хэн ажиллаж байгаа вэ?
-Манай Зэвсэгт хүчний жанжин штабын цэргийн үлээвэр найрал хөгжмийн уран сайхны удирдагч дэд хурандаа Ц.Төмөрбат, удирдаач ахмад Э.Гансүх, би өөрөө мөн АНУ-ын Тэнгисийн явган цэргийн удирдаач удирдана.

-Танд баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.

Г.ДАША
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж