Иргэдэд сар тутам мөнгө олгох хууль санаачлав

Хуучирсан мэдээ: 2010.06.25-нд нийтлэгдсэн

Иргэдэд сар тутам мөнгө олгох хууль санаачлав

Иргэдэд сар тутам мөнгө олгох хууль санаачлав
УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газраас санаачлан боловсруулсан Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Хүний хөгжил сангаас 2010 онд Монгол Улсын иргэн бүрт хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай УИХ-ын 99 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барив.

Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хууль 2008 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ хуульд 2009 оны гуравдугаар сарын 6-ны өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр банкинд байршуулсан харилцахын үлдэгдлийг төрийн баталгаанд хамруулдаг болсон. Гэвч хууль хэрэгжиж эхэлсэн, ялангуяа хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойш банкууд уг хуулийн зүйл, заалтыг гуйвуулан ашиглах хандлага ажиглагдаж байгаа тул Засгийн газар төсөвт учирч болзошгүй эрсдлийг бууруулах зорилгоор төрийн баталгаанд банк хоорондын захаас болон гадаадын банк, санхүүгийн байгууллагаас татан төвлөрүүлсэн харилцах, хадгаламж, тухайн банкинд зээл, зээлтэй адилтган тооцох бусад актив хөрөнгө, баталгаа, батлан даалтын өр төлбөртэй этгээдийн болон түүний холбогдох этгээдийн харилцах, мөнгөн хадгаламжийг үл хамруулах өөрчлөлт оруулахаар хуулийн төсөлд тусгажээ. Түүнчлэн төрийн баталгаанд хамрагдах харилцах, хадгаламжийн хүүг Монголбанкны бодлогын хүүгийн түвшингээр хязгаарлах зохицуулалтыг хуульд нэмж оруулахаар тусгажээ.

Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2010 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай УИХ-ын 2009 оны 99 дүгээр тогтоолын дагуу 2010 оны хоёрдугаар сарын 1-ээс эхлэн эхний ээлжинд иргэн бүрт 70 мянган төгрөг олгосон. Ингэж хишиг, хувийн мөнгийг бөөнөөр нэг дор олгосон нь улсын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж, инфляцийн түвшинг өсгөн зарим бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл үүсгэж байгаа учраас инфляцийн түвшинг өсгөхгүй байх үүднээс Хүний хөгжил сангаас олгох хишиг, хувийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлж сар бүр олгох нь зүйтэй. Энэ асуудлыг УИХ-ын 2009 оны 99 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх боломжтой гэж Засгийн газар үзэж байгаа аж.

Энэ үүднээс Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх үеэр “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2011 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хамтад нь өргөн мэдүүлэх агаад уг тогтоолын төсөлд иргэн бүрт сар тутам 20 мянган төгрөг олгох асуудлыг тусгаж зохицуулахаар төлөвлөж байгаа юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж