Колумбийн поп од Shakira зарим алдартнуудын адил өөрийн нэрийн үнэртэн бүтээх ажилд нэгдсэн билээ. Тэрбээр өчигдөр Испанийн Мадрид хотод “S by Shakira” нэртэй өөрийн хоёр дахь үнэртнээ танилцуулав. “Дуу олон ноотноос бүрдэж нэгэн цогц аялгуу бүтдэг шиг үнэртэн ч бас олон найрлага, бодис хоорондоо зөв уялдаа холбоотой орж байж сайхан үнэр гардаг. Би өөрийнхөө үнэртэнг залуу, эрч хүчтэй гэхдээ зөөлөн байгаасай гэж хүссэн” гэж дуучин бүсгүй үнэртнээ танилцуулах үеэрээ ярьсан байна. “S by Shakira” сүрчгэнд бензоин, амбер, жасмин цэцэг, шинэхэн мод, ваниллын үнэрийг шингээсэн аж. Shakira шинэхэн үнэртнээ “Дотоод гоо үзэсгэлэнтэй, эерэг сайхан энергитэй бүх эмэгтэйчүүдэд надаас зориулж байгаа бэлэг юм шүү” гэж “рекламдсан” байна. Түүний сүрчигний савыг цэвэр болроор урласан бөгөөд өнцөг бүрээсээ өөр, өөр өнгө цацруулан гэрэлтэхээр бодож хийсэн гэнэ. Тэрбээр анхны сүрчгээ 2008 онд “Amuletto” нэртэйгээр гаргаж байсан юм.
Ж.Нил